Баатарын НЯМСҮРЭН
Техник технологи хурдацтай хөгжиж буй одоо үед хүмүүс бидний дунд шуугиан тарьсан, хүлээлт үүсгэсэн, олон шинэ бүтээл, технологийн шийдэл бий болсоор байна. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Шинэ технологи” буландаа энэ онд гарсан технологиос түүвэрлэн хүргэж байна.
Хаана ч байршуулах боломжтой утасгүй телевиз
Телевиз хэмээх цахилгаан төхөөрөмж бүтээгдсэн цагаасаа хойш өдий хүртэл олон инновац хийгдэж, улам төгөлдөржиж ирсэн ч цахилгааны утаснаасаа салалгүй шинэчлэгдэж ирсэн. Тэгвэл “Displace” нэртэй шинэ зурагт бүтээгдсэн нь дэлхийн анхны утасгүй зурагт болжээ. Тус зурагт нь цахилгааны залгуур болон холбох оролтгүй бөгөөд багтаамж өндөртэй, сольж болохуйц зайгаар ажиллах аж. Уламжлал ёсоор хавтгай зурагтыг хананд зориулалтын тогтоогч бэхэлж тогтоодог. Харин Displace зурагтыг хана буюу цонхон дээр хүчирхэг бумбадагч резинээр наалдуулж тогтоох боломжтой. Мөн удирдлага байхгүй, харин үзэгч биеийн хөдөлгөөнөөр удирдах юм.
Гэрийн тэжээвэр амьтантайгаа ойлголцох “FluentPet Connect”
Нохойтойгоо бүрэн ойлголцох боломж нээгдсэн байна. “FluentPet Connect” аппликэйшнаар дамжуулж гэрийн тэжээвэр амьтантайгаа ойлголцож болох юм. Тухайлбал, мэдрэгчийн олон өнгөт товчнуудаас дарахад эзэнд нь Bluetooth болон WiFi-аар дамжин дохио очих аж. Олон өнгөт товчлуур суулгахын зорилго нь гэрийн тэжээвэр амьтаддаа хэл, команд заах хүсэлтэй хүмүүс “гадаад гаръя”, “хоолоо ид”, “тоглоцгооё” гэх зэрэг командыг өөр өөр өнгийн товчлууроор хүргэнэ. Нохойныхоо хүсэл, юу хийх гэж байгааг нь шууд мэдэх боломжтой. Урьд өмнө нь гэрийн тэжээвэр амьтдаар товч даруулж хооллох, ус өгөх гэх мэтийн технологиуд амьдралд нэвтрээд байсан. Гэсэн ч эздийнхээ гар утас руу дохио илгээх боломжтой болсон нь орон зайнаас үл хамаарсан шинэлэг шийдэл болжээ.
Өдөр тутамдаа зорчих нисдэг машин
Өдөр бүр ажил гэрийн хооронд явахдаа газраар биш тэнгэрээр нисэх мөч ойртсоор байна. Тиймээс “А5” хэмээх нисдэг машиныхаа туршилтын загвар бий болжээ. Энэ нь анхны дөрвөн суудалтай нисдэг машин бөгөөд цахилгаан хөдөлгүүрээрээ газар дээгүүр хурдалж, агаарт 250 метр өндөрт хөөрөн нисэх боломжтой. Бусад нисдэг машинуудтай харьцуулахад “А5” нь нисдэг тэргэнд зориулсан тавцан дээрээс эгц дээш хөөрөх, буух чадвартай юм. Бусад цахилгаан автомашинуудын нэгэн адил “А5”-ыг гэртээ болон станц дээр цэнэглэх боломжтой.
Эх сурвалж “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 28. БААСАН ГАРАГ. № 148 (7133)