Д.ОЮУНЧИМЭГ
Европын сэргээн босголт, хөгжлийн банк ногоон бизнесийг дэмжихээр 137 сая ам.долларын зээлийг ГЕФФ хөтөлбөрөөр дамжуулан гаргаж байгаа. Тус банк манай улсын ногоон хөгжилд дорвитой хандаж ирсэн гэдгийг эдийн засагчид хэлж байна. Энэ сарын эхээр зохион байгуулагдсан эдийн засгийн форумд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Ази, Монгол Улсыг хариуцсан захирал Сузанна Харгит оролцсон юм. Тэрбээр “Монгол Улсын эдийн засгийн эхний тооцооллоор 7.2 хувийн өсөлттэй, цаашдаа 7.9 хувь болох төлөв ажиглагдаж байгаа. Энэ бол манай банкнаас гаргасан төсөөлөл юм. Бусад эх сурвалжаас манайх өндөр хүлээлттэй байгаа. Өнгөрсөн жил ч өөдрөг байсан. Энэ жилийн хувьд мөн адил” хэмээн тодотгосон. Учир нь хэт өөдрөг төсөөллийг хүмүүс төдийлөн мэдрэхгүй байгаа. Учир нь инфляцийн өсөлт эдийн засгийн өсөлтийг “дарангуйлсан” гэдгийг зарим эдийн засагчид хэлдэг. Энэ талаар хатагтай Сузанна Харгит “Өөдрөг төсөөлөл ихэнх хүмүүст мэдрэгдэхгүй байгаа. Өнөөдөр зөвхөн инфляцыг л мэдэрч байгаа. Тиймээс эдийн засагт хөрөнгө оруулалтыг яаж татах вэ гэдэг асуулт гарч байгаа юм. Хөрөнгө оруулалтыг татсанаар эдийн засгийн өсөлт бодитоор мэдэгдэнэ гэж үзэж байгаа” хэмээн байр сууриа илэрхийлж байв. Тэрбээр, бид Эдийн засгийн форумын өмнө ч тэр, форумоор ч тэр Монгол Улсын хөгжлийн “Алсын хараа-2050” бодлого ойрын хэдэн жилийн дотор Монголд ямар тусгалаа өгөх талаар хэлэлцсэн. Эдийн засаг сэргэж буйтай холбоотойгоор дагаад хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Гэхдээ хөрөнгө оруулалтыг ялгаатай авч үзэх хэрэгтэй. Жишээлбэл, уул уурхайн салбар байна. Хэдийгээр өнөөдөр Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбар дээр тогтож байгаа ч энэ салбар руу бүх хөрөнгө оруулалтыг татаж болохгүй гэдгийг анхааруулж байв.
Түүнчлэн Монголд ноос, ноолуураас аваад эрчим хүч зэрэг хөрөнгө оруулалт татах олон салбар бий. Гагцхүү нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлох учиртай. Ялангуяа эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хэрэгтэйг эдийн засгийн засгийн чуулганд оролцогчид хэлж байсан юм. Учир нь Монголд төдийгүй, Төв Азид эрчим хүчний хэрэглээ өдөр тутамд өсөж байна. Шинэчлэгдэж нөхөн сэргээгдэх эрчим хүчний асуудалд аль аль талдаа анхаарах хэрэгтэй. Энэ талаар Монголын нийгэмд яриа хөөрөө болж буйг мэдэрч байгаа гэдгээ мөн тэрбээр чуулганы индэрээс хэлж байлаа. Тиймээс Европын сэргээн босголт, хөгжлийн банк ч үүнд онцгой ач холбогдол өгч байгаа хэмээн онцолсон. Монголд сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэж эхэлбэл БНХАУ руу экспортлох боломжтой болно хэмээн тэрбээр хэлсэн юм. Түүнчлэн “Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд юу хийх ёстой вэ. Хууль эрх зүйн орчноо сайжруулах уу, эсвэл өөр зүйлээс эхлэх үү.” гэсэн асуултад тэрбээр, төр, засгийн үйл ажиллагааг сайжруулж, засаглалын шинэчлэлийг хийх нь чухал байгааг онцолсон юм. Энэ нь эдийн засагт төсөв, хөрөнгийн зардлыг багасгаж, орлогыг нэмэгдүүлснээр ач холбогдол, хувь нэмрээ өгнө гэдгийг тодотгов.
Мөн, энд ялангуяа нийгэм, эдийн засаг, бизнесийн тал дээр иргэний шүүхийн үйл ажиллагааг сайжруулахад анхаарах хэрэгтэй. Шүүхийн шийдвэрүүд үнэн зөв гарч байх юм бол энэ нь засаглалаас гадна эдийн засагт хөрөнгө оруулалтыг татахад дэмтэй. Монголд өнөөдрийн байдлаар зөвшөөрөл, лицензийн тоог багасгах, хөрөнгө оруулалтын нэг цонхны үйлчилгээний үйл ажиллагаа үгүйлэгдэж байна. Засаг, төрийн тогтвортой байдал, эдийн засгийн тогтвортой байдал чухал юм хэмээн чуулганд оролцогчид онцолж байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 146 (7131)