Доржийн ОЮУНЧИМЭГ
Нийслэл 500 тэрбумын бонд гарган хөрөнгийн зах зээлээс мөнгө босгоно. Үүнийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн. Мэдээж дүрмийн дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргын саналыг хэлэлцэж, өнгөрсөн сарын 21-ний өдрийн 55 дугаар тогтоолоор дэмжсэн шийдвэрийг гаргасан байдаг.
Нийслэл бонд гаргах хууль эрх зүйн орчин байгаа эсэхийг сонирхох хэрэгтэй. Тэгвэл Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно. Ингэхдээ Өрийн удирдлагын тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна” хэмээн заасан ажээ.
Тэгвэл 500 тэрбум төгрөгөөр юу хийх вэ. Үүнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Хөрөнгө оруулах төслүүдийн жагсаалтыг гарган ажиллаж байна. Ирэх сараас төсөл хөтөлбөрүүдээ шалгаруулан нийтэд танилцуулж ИТХ-аар батлуулахаар зорьж байна” гэсэн юм. Бондын эх үүсвэрээр санхүүжүүлэх төслүүдэд Өрийн удирдлагын тухай хуульд заасан шаардлагуудыг хангасан байх шалгуур тавьж буй. Тодруулбал, тус хуульд заагаагүй бол Засгийн газрын зээллэгийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээ нь дараах шаардлагыг хангасан, төсөвт тусгагдсан байх, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн байх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан байх, тухайн төсөл, арга хэмжээний төрлөөс хамааран зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлийг хийж, баталгаажуулсан байх тухай заажээ.
Нийслэлийн дунд хугацаат үнэт цаасаар нийслэлийн төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, агаарын бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах зориулалттай.
Таван жилийн бондын хүүг хагас жил тутамд төлөхөөр төлөвлөсөн байна. Мэдээж хүүгийн төлбөр, босгосон хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн барагдуулах вэ гэдэг асуудал бий. Тэгэхээр төсвийн жилд төлөгдөх хүүгийн төлбөрт нийт 75 тэрбум төгрөг байх бөгөөд таван жилийн дараа үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрт нийт 800 тэрбум төгрөгийг зарцуулах тооцоо гаргасан тухай нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн тайлбарлав. Түүнчлэн богино хугацаанд үр нөлөөгөө үзүүлэх боломжтой төслүүдийг санхүүжүүлэх нийтлэг зарчмыг баримталж буй. Зам барьж, агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах нь богино хугацаанд үр дүн гаргах, өгөөж өгөх эсэхэд олон нийт эргэлзэж байгаа. Гэхдээ түгжрэлд зарцуулсан хугацаа эдийн засгийн болоод хүмүүсийн бүтээмжид сөргөөр нөлөөлж байгааг нийгмээрээ шүүмжилж буй энэ үед маргаашийн ашгаас илүү 10 хоногийн дараах үр өгөөжийг бодох нь зүйн хэрэг. Тиймээс өнөөдрөөр бус алсыг харж ажиллах учиртай.
Нийслэлийн үнэт цаас гаргах ажлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийслэлийн 2023 оны төсвийн тодотголыг НИТ-ийн энэ сарын 3-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталж бонд гаргах бэлтгэл ажлын зардалд андеррайтэрийн үйлчилгээний зардал болон үнэт цаас гаргахтай холбогдон гарах бусад урсгал зардлын санхүүжилтийг шийдвэрлэжээ.
Хотын жилийн орлого хоёр их наяд төгрөг. Энэ хэмжээний орлого 500 тэрбум төгрөгийн бонд босгоход санхүүгийн хүндрэл үүсэхгүй хэмээн зарим эдийн засагчид хэлж байна. Түүнчлэн нийслэлийг санхүүгийн хувьд бие даасан болгох боломжийг бүрдүүлэх эхний алхам хэмээн нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн тодотгосон юм.
Энэ удаад босгосон бондын хөрөнгөөс БХБЯ-тай хамтран Сэлбэ сэргэлт төслийг санхүүжүүлэх аж. Өөрөөр хэлбэл, Дамбадаржаагаас Дунд гол дагуу явсаар байгаа ТЭЦ-IV-ийн урд хүртэл үргэлжлэх бөгөөд нэг талдаа 22 км буюу нийтдээ 44 км авто зам, тохижилтийн ажил хийгдэх нь Засгийн газраас уг төслийг хэрэгжүүлэх зөвшөөрлийг олгосон бөгөөд эхний ээлжид 187 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан бөгөөд нийт өртөг нь 1.4 их наядаар яригдаж байгаа юм. Сэлбэ сэргэлт төслийг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Ямартай ч Нийслэл бонд гаргана. 500 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг нийслэлчүүдийн таатай, аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд зарцуулна. Түүнчлэн нийслэл өөрийн гэсэн орлоготой, бие даан зарцуулах “хөрөнгөтэй” болох алхмыг эхлүүлэх нь. Өөрийн юм өргүй гэдэг. Гэхдээ нарийн тооцоолж, нямбай зарцуулж, ашигтай, сэтгэл ханамжтай байхыг илүүд үздэг нь хүмүүсийн араншин. Тиймээс Улаанбаатар хот өөрийн хөрөнгөтэй болж бусдын гарыг харахгүй болох нь бас нэг боломж, давуу тал.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 144 (7129)