Б.БОЛОР

 

Монгол Улсын нийт эдийн засаг 16.8 тэрбум ам.доллар болжээ. Ингэснээр нэг хүнд ногдох ДНБ 5033 ам.долларт хүрсэн бөгөөд эдийн засаг дунджаар 5.1 хувийн өсөлт үзүүлсэн нь бүс нутагтаа өндөр өсөлтөд тооцогдоно хэмээн Монголын эдийн засгийн форумд оролцогчид онцолж байв. Эрдэс бүтээгдэхүүний экспорт манай улсын орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг. Тодруулбал, энэ оны эхний хагас жилд гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Тэр дундаа нүүрсний экспорт өнгөрсөн сард 5.6 сая тонн болж, өмнөх сараас 1.4 сая тонноор, үнийн дүн 718.7 сая ам.доллар болж, 139.5 сая ам.доллароор өсчээ.

Ийнхүү нүүрсний экспортын орлого өссөн нь хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалсантай холбоотой хэмээн албаныхан тайлбарладаг. Тэр нь ч баримтаар харагдана. Тэгвэл 30 гаруй жилийн түүхтэй хөрөнгийн бирж сүүлийн жилүүдэд лангуун дээрээ олон нэр төрлийн бараатай болж буй. Хувьцаат компанийн хувьцаа, Засгийн газрын бонд төдийхнөөр хэмжигдэхээ больсон. Харин том, жижиг ялгаагүй шалгуур давсан аж ахуйн нэгжүүд хөрөнгийн эх үүсвэр босгох орон зай бий болсон нь өдгөөгийг сэргэлт гэж болно. Нөгөөтэйгүүр цаашид энэ салбарыг илүү хөгжүүлэхийн тулд чамгүй ажлуудыг хийх шаардлагатай гэдгийг өнгөрсөн эдийн засгийн форумын үеэр хэлж байв.

Тус биржийн лангуун дээр банк санхүүгийн байгууллагын нээлттэй бонд, уул уурхайн болон бусад салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын IPO болоод системийн таван банк Банкны тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд 10 хүртэлх хувиа олон нийтэд арилжаалсан. Харин Богд банк 20 хувиа өөрсдийн хүслээр олон нийтэд нээлттэй арилжаалсан нь анхных. Үндсэндээ  дээрх зургаан банк олон нийтээс 446.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн нь дараагийн банкууд ч хувьцаат компани болох боломжийг бүрдүүлсэн гэж болно. Манай улсын хэмжээнд нийт 12 банк үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс үлдсэн зургаан банк олон нийтэд хувьцаагаа арилжаалах, нээлттэй хувьцаат компани болоход хууль эрх зүйн орчин нь нээлттэй гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн чуулганы индэрээс тодотгов.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 11 их наядад хүрч, 2.3 дахин өссөн аж. Өөрөөр хэлбэл, 6.3 их наядаар тэлсэн тухай салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Монголын Хөрөнгийн бирж олон нэр төрлийн бүтээгдэхүүнтэй болох нь санхүүгийн салбарын өсөлт, хөгжилд хамгийн их хэрэгтэй. Мэдээж үүнийг бизнесийнхэн тэр дундаа олон улсын зах зээл рүү гарахыг зорьж буй компаниуд ашиглах л ёстой. Харин энэ эрчээ алдалгүй сэргэж, хөгжих нь Хөрөнгийн биржийн үүрэг ажээ.

Эх сурвалж: “Зуун мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 142 (7127)