Б.ДАМДИН-ОЧИР
Улаанбаатарт үер болоход "Авлигал хороолол"-ыг барьж буй нь нөлөөлсөн гэдгийг хаана хаанаа ойлгож байна. Уг нь "Aqua garden", яагаад ч юм "Авлигал хороолол" нэртэй болсон. Сонин л байгаа юм.
Үер болж, үймж сандраад сүйд болж байхад "Авлигал хороолол"-ын захирал гэх залуу гарч ирсэн. Үерийн хамгаалалтын талаар бус барилгын газар, барилга барих зөвшөөрлийнхөө талаар тавлаж буй мэт мэдэгдэл хийв. Том байна аа, тэр залуу. Ер нь бол маш том артай хүн л ингэж пидхийтэл дуугардаг л даа.
"Авлигал хороолол"-ын газар олголт, бас барилгын зөвшөөрөл яаж олгогдсоныг хууль хяналтынхан шалгаад эхэлсэн. Удахгүй нэг "юм" сонсогдох биз.
Дагаад Захиргааны шүүхийн 2011 оны дөрөвдүгээр сарын, дараа нь 2021 оны гуравдугаар сарын 3-ны шийдвэр яаж гарсан нь ил болно. Тэр үеэр Улаанбаатар хотын удирдлагууд, үүнд хамааралтай шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнууд ч тодорхой болж таарна.
Тэгвэл энэ "хороолол"-ыг хэн хэн нийлж барьсан, цаана нь хэн дэмжээд байдаг вэ гэдэг нь анхаарал татаад байгаа юм.
Энэхүү "Aqua garden" төслийг "Эм энд Жи констракшн" компани хэрэгжүүлж буй юм байна. Тус компанийн тал хувийг В.Ганбаатар, талыг нь "Бүти"-гийн Г.Батжаргал эхнэр Ж.Туяа нар 25, 25-аар эзэмшдэг.
Төслийн хөрөнгө оруулагч нь Г.Батжаргал, Ж.Туяа нарын 50 хувийг, "Энх багана констракшн"-ийн Б.Энхболд, "Могүмб констракшн"-ийн М.Золбаяр нарын үлдсэн 50 хувийг нь эзэмшдэг "Мөнх тэнгэр хөх тэнгис групп" компани юм байна. Харин үерийн үеэр мэдэгдэл хийгээд байсан А.Амарбаясгалан ямар нэг хувь эзэмшдэггүй, "Эм энд Жи констракшн"-ийн гүйцэтгэх захирал аж.
Ийм байдлаар ил байгаа нь 4-5 компани, тэдний төлөөллийн хамтран "Авлигал хороолол"-ыг барьж байна. Тэгэхээр тэдний ямар эх үүсвэртэй мөнгө буюу хөрөнгө оруулалт яаж тус хороолол руу "урсдаг" вэ гэдэг бас анхаарал татна. Тиймээс АТГ, ЭЦА-ны мөрдөгчип болон прокурорууд энэ бүхнийг шударгаар сайтар шалгаж чадвал "Авлигал хороолол"-ын ард сууж буй улстөрч, улс төр, хууль хяналтынханд нөлөө бүхий этгээд гараад ирнэ дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 140 (7125)