Доржийн ОЮУНЧИМЭГ
Монголыг олон улсаа сурталчилж, хөрөнгө оруулагчдыг татах зорилгын дор “Welcome To Mongolia” уриатайгаар “Монголын эдийн засгийн форум 2023” зохион байгууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дэлхийн улс орнууд дангаараа биш, хамтдаа хөгжихөд тэмүүлж байна. Монгол Улсын хувьд ч хөгжлөөс хоцрохгүй. Өөрийн улсын онцлогт тулгуурласан эдийн засгийг хөгжүүлэхийн тулд бусад улс орнуудтай нэг зүгт харах ёстой” хэмээн чуулганы индэрт хэлсэн үгэндээ тэмдэглэсэн. Хоёр өдөр үргэлжилсэн тус чуулганд гадаад, дотоодын 1700 орчим зочин төлөөлөгч оролцсон юм. Түүнчлэн энэ удаагийн чуулганд Монгол Улсыг зорин ирж буй 600 орчим гадаадын хөрөнгө оруулагч байгааг зохион байгуулагчид онцлов. Рио Тинто группийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон болон “BlackRock”, “J.P.Morgan”, “Goldman Sachs” зэрэг дэлхийн томоохон хөрөнгө оруулагч банк, санхүүгийн байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк тэргүүтэй олон улсын байгууллагын удирдлагууд оролцож буйгаараа онцлог болж байгаа юм.
Боомтын сайд Б.Тулга: Эдийн засгийн сэргэлтэд боомттой холбоотой дэд бүтцийн асуудал хамгийн чухал
-Монгол Улсад тавтай морил. Шинэ сэргэлтийн бодлогыг Засгийн газар гаргаж боомтын өргөтгөлтэй холбоотой хэд хэдэн төслийг эхэлсэн. Боомтын өөрийн өргөтгөлөөс гадна боомтуулыг Монгол Улсын авто замын сүлжээнд холбох, уурхайгаас боомт руу тавигдах технологийн болон эрдэс баялгийн замууд барих ажлыг эхлүүлсэн. Ийнхүү боомтыг өргөтгөхийн тулд терминалууд, дэд бүтцийн ажлуудыг хийж байгаа юм. Одоогоор хоёр хөрштэйгөө холбогдох таван боомтод бүтээн байгуулалтыг ажил ид явагдаж байна. Дөрөв нь энэ жилдээ багтаж дуусах ёстой. Тухайлбал, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуунд байрладаг Зүүнхатавч боомттой хиллэдэг Бичигт боомтын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Ирэх оны арванхоёрдугаар сард дуусгахаар төлөвлөөд ажиллаж байна. Монгол Улсын эдийн засгийн сэргэлтэд боомттой холбоотой дэд бүтцийн асуудал хамгийн чухал нь гэж болно. Тиймээс Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн агуулгаар нь харж Боомтын сэргэлтийг нэн тэргүүний асуудлын нэг гэж эрэмбэлсэн. Манай улсын хувьд эдийн засгаа тэлэхэд боомттой холбоотой дэд бүтцийг бий болгон ачих, буулгах терминал зэрэг ложистик талбай байгуулан боомтын дэд бүтцийг тэлэх ажлуудыг эрэмбэ дараатай хийхээр төлөвлөж байна.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: “Монголд тавтай морил” гэчихээд Арбитрын шүүхэд хандтал нь хашрааж болохгүй
-Энэ удаагийн эдийн засгийн форумд гадны зочид төлөөлөгчид нэлээд найдвар тавьж ирсэн болов уу. Бид энэ хоёр өдөр ярьсан, хэлсэн, хэлэлцсэн асуудлаа ягштал нь биелүүлэхийн төлөө чармайх хэрэгтэй. Учир нь эдгээр зочид манай улсад хөрөнгө оруулахад бэлэн байгаа. Харин бид өнөөдөр ярьсан зүйлээ маргааш нь мартдаг байж болохгүй гэдгийг хэлмээр байна. Итгэл олох хэцүү, харин алдах бол хормын төдийд л болно. Нөгөөтэйгүүр бид эдийн засгаа чадавхжуулахын тулд үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөжүүлэхийн тулд гадны хөрөнгө оруулагчдыг “Монголд тавтай морил” гэчихээд Арбитрын шүүхэд хандтал нь хашрааж болохгүй гэдгийг л ойлгох хэрэгтэй юм.
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж: Хууль эрх зүйн томоохон ажлуудыг хийсэн
-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хууль, эрх зүйн томоохон ажлуудыг хийсэн. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулагчдын бизнсийн найдвартай байдал, ашигтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх талд төрөөс баталгаа гаргах, дэмжлэг үзүүлэх, бизнесийн маргаан гарсан тохиолд хаана хандах, хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг хамгийн чухал. Тиймээс хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, институтийн тогтолцоог бүрдүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах, хялбаршуулах ажлууд тодорхой үр дүн гаргаж байна. нөгөөтэйгүүр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөрөнгө оруулалтыг хязгаарласан зарим зохицуулалтыг арилгаж, хөрөнгө оруулагчдад үзүүлэх баталгааг олон улсын сайн туршлагад нийцүүлэх, хөрөнгийг хамгаалах, аливаа үүсэх маргааныг олон улсын арбитрын журмаар шийдвэрлүүлэх эрхийг хангах зэрэг өөрчлөлт орчон. Мөн төрийн бүх байгууллага хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжих үүрэг хүлээж, төрийн хяналт шалгалтын давхардлыг арилгах зэрэг олон асуудлыг хялбаршуулсан.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 139 (7124)