Б.ДАМДИН-ОЧИР
Хөгжлийн банкны гэх хэрэгт АТГ, прокуророос 80 хүн, дөрвөн аж ахуйн нэгжийг "...Буруутай" хэмээн үзэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх энэ хэргийг хоёр сар гаруй хэлэлцээд наадмын өмнөхөн шийдвэрээ гаргасан.
Олон нийт гэм буруугийн шүүх хурлын шийдвэрийг "...Голтой" гэх байдал давамгайлж байсан бол ял шийтгэсэн шийдвэрийг ихээхэн эгдүүцэж хүлээж авав. Гол нь Хөгжлийн банкнаас зээл нэрээр хэдэн арван сая ам.доллар авчихаад, зөөлөн хэлэхэд "зориулалтын бус" зарцуулсан "Бэрэн", "Алтай групп" зэрэг компаниудын удирдлагыг хэдхэн төгрөгөөр торгоод өнгөрсөн. Гэвч тэдний үйлдэл УИХ-ын нээлттэй сонсголоор нийтэд ил болчихсон. Тухайлбал, зээлийн мөнгөөр казино тоглож, зарим нэр бүхий улстөрчдөд "хишиг хүртээсэн" байдаг. Тиймээс шүүх ингэж шийдсэнд олон нийт дургүйцсэн хэрэг. Үүнтэй зэрэгцээд шүүхийн дээрх шийдвэрт прокурор эсэргүүцэл бичихээр болжээ. Эсэргүүцлээ бичээд хүргүүлчихсэн ч бололтой байна. Прокуророос "...Шүүх Хөгжлийн банкны хэргийг шийдэхдээ хууль зөрчиж, хуулийг буруу хэрэглэсэн. Энэ нь хууль ёсны бус, үндэслэл муутай учир хуулийн шаардлагыг хангуулах шаардлагатай" гэсэн үндэслэлээр уг шийдвэрийг эсэргүүцсэн гэх мэдээлэл байна. Дашрамд хэлэхэд, Хөгжлийн банкны хэрэгт илэрхий хамаарал бүхий тус банкны дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, тамгын газрын захирал, мөн тус банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан эрхмүүд, бас "Эрэл" зэрэг компанийн удирлагууд ямар замаар, яаж яваад сугараад үлдчихсэнийг зарим эрх бүхий болон олон нийтийн байгууллагаас хөндөхөөр болсон байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 139 (7124)