Б.ТУУЛ
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар Тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд Монголчуудын өв соёл, ардын урлагийг сурталчлах зорилготой “Соёлын наадам”-ыг 2023 оны долоодугаар сарын 11, 12-ны өдөр Хүй долоон худагт зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа билээ.
Соёлын наадамд хүрэлцэн ирснээр Монгол түмний нэгдмэл үнэт зүйлсийг агуулсан “Монголын нэг өдөр-соёлын отог” асруудаар аялж, отог тус бүрийн онцлог бүхий агуулгуудын талаарх мэдлэгээ өргөжүүлж, соёлын үзмэрүүдийг үзэн сонирхож, өөрийн биеэр оролцон суралцаж, бүтээлч хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Соёлын наадамд хүрэлцэн ирснээр та ямар үзвэр үйлчилгаа авч болох талаар товч мэдээлэл хүргэе. Тухайлбал:
– Монгол хүн отогт Монгол Улс дахь угсаатнуудын талаарх мэдээлэл, монгол хувцас, гоёл чимэглэл, монгол хувцас өмсөх үйлчилгээг үзүүлнэ.
– Гэр бүл отогт угийн бичиг хөтлөх ёсон, холбогдох мэдээлэл, монгол айлын өдөр тутмын зан үйлүүдээс сонирхуулах бөгөөд энд та чулуун наадгай тоглох боломжтой.
– Төрт ёс отогт Монгол төрийн бэлгэ тэмдгүүд, төрийн ёслолууд талаарх мэдээлэл, Монголын их хаадын хөргийг толилуулна.
– Эх нутаг отогт байгаль хамгаалах ардын мэдлэг ухаан, Монгол орны газар нутаг, амьтан, ургамлын гайхамшгаас, Монгол эх нутгийн талаарх ая аялгуу, хөгжмийн бүтээлүүдтэй танилцах боломжтой.
– Монгол хэл отогт VR төхөөрөмжөөр Монгол ардын үлгэрүүд сонсох, жороо үг, зүйр цэцэн үг, ертөнцийн гурав хэлэлцэх, уран бичлэгээр бичүүлэх, хувцсан дээр хэвлүүлэх, фото зураг, хөлөгт тоглоомуудыг үзэж сонирхож болно.
– Эрдэм боловсрол отогт Монгол ном бүтээх арга ухаан, номын үзэсгэлэн гарах бөгөөд энэ үеэр та монголчуудын бичиг үсгийн соёл, монгол уран бичлэгийн олон төрөлтэй танилцаж болно.
– Ёс суртахуун отогт монголчуудын мэндлэх хүндлэх ёсон, монголчуудын бэлгэдэл, цээр болон үлгэрээр хүүхэд хүмүүжүүлэх дэг ёсыг танилцуулах юм.
– Өв соёл отогт соёлын биет өв, монгол ахуйн бичил музей, соёлын биет бус, тоглоом наадгай, шагайн харваа, сур элдэх үйл явцыг сонирхож болно.
– Нүүдэлчний ухаан отогт дөрвөдийн бэр гуйх ёсон, монгол найр наадаан, 12 жилийн үлгэр зэргийг үзэн сонирхох зэргээр өргөн цар хүрээтэйгээр үндэсний нэгдмэл үнэт зүйлдээ суралцах боломжтой.
Энэ жилийн “Соёлын наадам”-ын үзэл санаа нь монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд оршиж буй юм. Энэхүү наадамд ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын биет бус өвийг сурталчилсан урлагийн тоглолтоос гадна “Язгуур урлаг”, “Монгол цайны соёл”, “Цагаан идээний соёл”, “Айрагны соёл”, “Казах соёлын гэр”-ээр зочилж, Цаатан түмний урцанд саатан, ардын уламжлалт тоглоом наадгай, нүүр будалт ба хөрөг зураг, уран бичлэг, эсгий урлал, монгол угсаатны хувцас, эд өлгийн зүйлстэй танилцаж, “Аварга Монгол” баримлуудтай хөргөө татуулах боломжийг наадамчин олонд бүрдүүлж өгөх юм байна.
Эх сурвалж: www.zms.mn