П.АМГАЛАН
Шүр сувдан гоёлтой малгай, өнгө өнгийн торго, хийц бүхий дээлээр гоёсон хүмүүс “Дээлтэй Монгол" наадамд оролцохоор Сүхбаатарын талбайд хүрэлцэн иржээ. Монгол хэмээх ондоошлыг илүү тодотгодог Үндэсний их баяр наадмаа угтаж, “Дээлтэй Монгол" наадмыг ийнхүү жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. 17 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн наадам өргөн дэлгэр сайхан болж байна. "Дээлтэй Монгол" наадмын эхэнд үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаалд Монгол туургатан улсуудын төлөөлөл болон аймаг, нийслэл, дүүргийн иргэд, аж ахуй нэгж байгууллагын албан хаагчид хамгийн сайхан дээл хувцсаараа гоён жагслаа. Энэ үеэр наадамд хүрэлцэн ирсэн иргэдийн сэтгэгдлийг хуваалцсан юм.
“Дээлтэй Монгол" наадамд дөрөв дэх жилдээ оролцож байна
Монгол хатны дээлээр гоёсон, нийслэл Сонгинохайрхан дүүргийн XXVII хорооноос “Дээлтэй Монгол" наадамд оролцож буй Ш.Батчимэг “Дөрөв дэх жилдээ үндэснийхээ хувцсаар гоёж оролцож байна. Монгол үндэсний хувцас ямар сайхан тансаг уран хийцтэй эдлэл вэ гэдгийг олонд таниулсан сайхан наадам болдог. Цаашдаа жил бүр үндэсний хувцсаараа гоёж наадамдаа оролцоно” гэлээ.
Мөн тус дүүргээс оролцож буй Ц.Болорцэцэг буриад дээлээр гоёсон байв. Тэрбээр “Өмнө нь энгийн монгол дээлээр гоёж “Дээлтэй Монгол” наадамд оролцож байсан. Харин энэ удаа өөрийнхөө урласан буриад эхнэр дээлийг өмслөө. Энэ дээл нарийн хийцтэй учир урлахад сар орчим хугацаа зарцуулсан. Цаашдаа үндэснийхээ хувцсыг үр хүүхдүүддээ түгээн дэлгэрүүлэхийг зорьж байна. "Дээлтэй Монгол" наадам сайхан болж байна. Бахархаж, омогшиж байна” гэлээ.
“1930-аад онд цагаачилж очсон дээдсийнхээ хувцсыг өмсөж ирсэн”
“Дээлтэй Монгол" наадамд Өвөрмонголын Альшаа аймгаас зорин ирсэн зочдын сэтгэгдлийг хуваалцав. Торгууд дээлээр гоёсон Hai Hua “Анх удаа Монголд ирээд энэхүү наадамд оролцож байна. Сэтгэгдэл их өндөр байна” хэмээлээ. Өвөрмонголын Альшаа аймгаас энэ удаагийн “Дээлтэй Монгол" наадамд оролцохоор 24 хүн ирсэн байна. Энэ хүмүүсийн хувцсыг урласан өвлөн уламжлагч эмэгтэй ийнхүү сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр “Олон жилээс өмнөөс энэ наадамд оролцохыг хүсдэг байсан ч чадаагүй. Харин энэ жил анх удаа оролцож зорилгодоо хүрлээ. Бид 30 хувцастай ирсэн. Дэлхийн монголчууд үндэсний дээлээрээ гоён нэг дор уулзаж байгаа нь их сайхан байна. Альшаа аймаг дөрвөн ястантай. Дөрвөн ястаныхаа үндэсний хувцасны онцлогийг энэ удаагийн наадамд харуулсан. Дараа жил дахин ирж оролцоно. Миний өмссөн дээл бол энгийн дээл. Харин нөхөр маань Монголоос 1930-аад онд цагаачилж очсон дээдсийнхээ хувцсыг өмсөж ирсэн. Өнөөдөр дээдсийнхээ хувцсыг үзүүлэхэд сэтгэл их догдоллоо” хэмээлээ. Тэрбээр 30 гаруй жил дээл урлаж байна.
Эх сурвалж:www.zms.mn