Б.БОЛОР

Монголыг олон улсад сурталчилж, хөрөнгө оруулагчдыг татах зорилгын дор зохион байгуулж буй “Монголын эдийн засгийн форум 2023” Төрийн ордонд үргэлжилж байна. 12 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус чуулган “Welcome To Mongolia” уриатай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дэлхийн улс орнууд дангаараа биш, хамтдаа хөгжихөд тэмүүлж байна. Монгол Улсын хувьд ч хөгжлөөс хоцрохгүй байх учиртай. Мэдээж, өөрийн онцлогт тулгуурласан эдийн засгийг хөгжүүлэхийн тулд бусад улс орнуудтай нэг зүгт харах ёстой. Хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагаа гэдэг тогтвортой, харилцан ашигтай хэрэгтэй. Үүнийг бид ойлгож, хөрөнгө оруулагчдад ээлтэй орчныг бий болгох шаардлага зайлшгүй тулгарч байна” гэсэн юм. Хоёр өдөр үргэлжлэх тус чуулганд гадаад, дотоодын 1700 орчим зочин төлөөлөгч оролцож байгаа аж. Тодруулбал, энэ чуулганд Монгол Улсыг зорин ирж буй 500-600 орчим гадаадын хөрөнгө оруулагч байгааг зохион байгуулагчид онцлов. Рио Тинто группийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон болон “BlackRock”, “J.P.Morgan”, “Goldman Sachs” зэрэг дэлхийн томоохон хөрөнгө оруулагч банк, санхүүгийн байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк тэргүүтэй олон улсын байгууллагын удирдлагууд оролцож буйгаараа онцлог болж байгаа юм.

Эх сурвалж:www.zms.mn