Б.БОЛОР
“Монголын Эдийн засгийн форум-2023” Төрийн ордонд үргэлжилж байна. Форумын үеэрх анхны санамж бичгийг “what3words” компани БОАЖЯ, Соёлын яам, “Монгол шуудан” компани болон Е-Mongolia академи хамтран байгуулав. Ингэснээр “what3words” буюу 3 үгт хаягжилтын технологийг манай улсад нэвтрүүлэх эхлэл хэмээн үзэж буй. Тус компани Монгол Улс дахь экосистемээ өргөжүүлж байгааг чуулганы үеэр мэдээллээ. “Монголын Эдийн засгийн чуулган өндөр ач холбогдолтой болж байна. Бидний хувьд энэ үеэр Монгол Улсад өрнөж буй дөрвөн үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллана” хэмээн “what3words” компанийнхан хэлэв. Тодруулбал, Е-Mongolia академи орон нутгийн удирдлагын байгууллага болон оршин суугчдын зүгээс осол, зөрчил болон яаралтай тусламжийн хаяг байршлыг мэдээлэх үйл явцыг сайжруулахын тулд “what3words” технологийг цахим үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Мөн цахим худалдааны брэндүүд олноор нэмэгдэж байгаа учраас илгээмж хүргэх хурдаа өсгөх зорилгоор оптик тэмдэгт таних технологийг судлахаар "what3words” компанитай Монгол шуудан компани харилцаа холбоогоо өргөжүүлж буй.
Түүнчлэн Соёлын яам Монгол Улсын хэмжээнд UNESCO-д бүртгэлтэй соёлын өв болон дурсгалт газруудын байршлыг илүү тодорхой зааж өгөхийн тулд “what3words” технологийг сонгосон байна. Түүнээс гадна жуулчдад өөрийн улсын сонгосон хэлээр Монгол Улс даяар зам заалгаж, аялах боломжийг бүрдүүлэх зорилгоор аялал жуулчлалын гол байршлуудыг хаягжуулахад “what3words” технологийг ашиглах ажээ.
Эх сурвалж:www.zms.mn