Б.ТУУЛ
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хороо хуралдлаа.
Хурлын эхэнд хурдан морины уралдааныг зохион байгуулах бэлтгэл ажил бүрэн хангагдсан талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Үүний дараа салбар хорооны удирдлагууд даамал, дэд даамал, шууд дамжуулалт, сэрвээ хэмжилт болон шүдэлгээний ажлын хэсгийн бүрэлдэхүүнд чиглэл өглөө.
Энэ үеэр тус салбар хорооны дарга, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг “Баяр наадмын хурдан морины уралдаан хууль, дүрэмд заасны дагуу хугацаандаа явагдана.
Хэрвээ хур тунадас ихээр орж, уралдаанд тодорхой хүндрэл үүсвэл хамгийн түрүүнд Хүүхдийн төлөө байгууллагаас санал сонсох ёстой. Унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангасны дараа уралдах, үгүйгээ шийднэ. Тиймээс бид учирч болзошгүй эрсдлийг сайтар тооцох нь чухал.
Бүх зүйл хууль дүрмийн дагуу ил тод, шилэн явагдах ёстой. Шүдэлгээ, сэрвээний өндөр хэмжилтийн үйл явцыг шууд дамжуулна. Ямар нэгэн алдаа дутагдал гаргахаас сэргийлж, ажлын уялдаа холбоог сайтар хангаж, хяналтыг улам сайжруулахад дор бүрнээ анхаараарай.
Төр, засгаас даалгасан өндөр үүрэг хариуцлагатай ажлыг алдаа мадаггүй гүйцэтгэх нь бидний үүрэг. Мөн энэ бүхний цаана уяач хүний жилийн хөдөлмөр байгаа гэдгийг мартаж болохгүй” гэсэн юм. Үргэлжлүүлэн салбар хорооны удирдлага, гишүүд сэрвээний өндөр хэмжилтийн шууд дамжуулалтын талбай болон уралдааны зам дээр ажиллаж байна.
Эх сурвалж: www.zms.mn