Жил бүрийн 6-р сарын 5-ны Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан НҮБ-ын DGC (Олон нийттэй харилцах алба)-н хамтын ажиллагааны байгууллага болох WeLoveU олон улсын байгууллагаас (Тэргүүн Зан Гил Жа) 7-р сарын 6-ны өдөр "Цэвэр дэлхий" хөдөлгөөн өрнүүлж, байгалийн өнгө үзэмжээрээ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн Богдхан уулыг цэвэрлэлээ.

Иргэдийн аялж зугаалах дуртай байгалийн цогцолборт энэ газрыг зуны дэлгэр сайхан цагт зорин очих иргэдийн тоо эрс нэмэгдэхийн хэрээр хог хаягдал ч энд тэндгүй хөглөрөн ихэссэн байгаа энэ өдрүүдэд энэхүү цэвэрлэх хөдөлгөөнийг өрнүүлсэн нь цагаа олсон ажил болов. WeLoveU-н 300 орчим дэмжигч, гишүүд, тэдний дунд  100 гаруй нь оюутан залуус, дунд, ахлах ангийн сурагчид энэхүү сайн дурын ажилд нэгдэн оролцсон нь эх байгалиа хамгаалах, цэвэр байлгахад иргэд бидний ухамсарт оролцоо чухал гэдгийг ойлгуулах чухал ач холбогдолтой байлаа.

Үзэсгэлэнт сайхан Богдхан уулаа хайрлах сэтгэлээр халуун дулаан уур амьсгал дунд 2 цаг гаруй үргэлжилсэн цэвэрлэгээний үеэр тэд 140 шуудай буюу 2 тонн гаруй хог түүжээ. Хуванцар соруул, хуванцар болон цаасан аяга, сав баглаа боодол, тамхины иш болон бусад ахуйн хог хаягдал их байв. Энэхүү үйл ажиллагааг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хамт олон дэмжин хамтран ажиллаж, хогны уут, бээлий зэрэг цэвэрлэгээний хэрэгслээр хангахын зэрэгцээ байгаль хамгаалагчид газарчлан чиглүүлж, тус цэвэрлэгээнд хамт оролцсонд WeLoveU-н гишүүд сэтгэл өндөр байсан юм.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албаны дарга Э.Цогбадрал хэлэхдээ, “Өнөөдөр WeLoveU байгууллагаас Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж байгаа нь манай иргэд байгаль орчноо хамгаалах иргэнийхээ журамт үүргээ биелүүлж, байгаль орчноо хамгаалах ариун үйлсэд хувь нэмрээ оруулж байгаад талархал илэрхийлье” хэмээн иргэд, сайн дурынхны оролцоог магтан сайшааж, тэдэнд урам хайрлалаа.

“Улам бүр бохирдож буй эх дэлхийнхээ байгаль орчныг хамгаалах зорилгоор "Цэвэр дэлхий” хөдөлгөөнийг өрнүүлж буй бөгөөд цэвэр, таатай орчин нь иргэдийн аз жаргалтай амьдралд ихээхэн нөлөөлдөг. Цэцэрлэгт хүрээлэн, гудамж, ой мод гээд хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалдаг сайхан сэтгэлтэй хүмүүс олширвол дэлхий бүхэлдээ цэвэр болох юм” хэмээн WeLoveU-н албаны хүн ярив.

Байгаль хамгаалах "Цэвэр дэлхий" хөдөлгөөн нь байгаль орчноо хамгаалж, цэвэр цэмцгэр орчин бүрдүүлснээр хүний амьдралыг аз жаргалтай, сайн сайхан болгох зорилготой. Мөн хэт халалт, аадар бороо, огцом хүйтрэлт, ган гачиг зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүдийг үүсгэдэг уур амьсгалын хямралыг даван туулахад хотын төв, цэцэрлэгт хүрээлэн, уул ус, гол мөрөн зэрэг хүрээлэн буй орчныг цэвэр цэмцгэр болгоход хувь нэмэр оруулдаг хөдөлгөөн юм. Тус хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын Туул гол, Наадмын цэнгэлдэх хүрээлэн, Орхон аймгийн Сархиа уул зэрэг газруудад “Цэвэр дэлхий” хөдөлгөөн өрнүүлж байжээ.

 

WeLoveU нь "Дэлхий дахинд Эхийн хайр түгээе!" гэсэн уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд дэлхий гэх нэг өрх гэртээ тулгараад буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх зорилготойгоор ажилладаг байна. Цус Сэлбэлт Судлалын Үндэсний төв, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн цусны төв, Орхон аймгийн Эрдэнэт хотын нэгдсэн эмнэлэг зэрэг олон байгууллагатай хамтран цусны донорын аян өрнүүлж, цусан хангамжийн дутагдлыг арилгахад манлайлан оролцсон байна. Мөн Баянзүрх дүүрэг, Хан-Уул дүүргийн төрийн өмчийн хоёр сургуульд номын сан засаж тохижуулан, зурагт, принтер, номын тавиур, самбар, сурах бичиг, толь бичиг зэрэг сургалтын хэрэглэгдэхүүнээр тусламж үзүүлж, чанартай боловсролын орчин, сурч боловсрох нөхцөл боломжоор хангахад хувь нэмэр оруулж байжээ. “Ковид-19” цар тахлын үед тэргүүн эгнээнд ажилласан төрийн албаны ажилчид болон эмнэлгийн ажилтнуудыг урамшуулах зорилгоор ЭМЯ-нд 200 ширхэг хамгаалалтын хувцас, 5000 ширхэг амны хаалт хандивласан аж.

 

 “Ковид-19” цар тахлын үед дэлхийн 29 орны эмзэг бүлгийн иргэдэд хорио цээрийн үеийн хангамж тусламж, хоол хүнс, өдөр тутмын хэрэгцээт зүйлсээр дэмжлэг үзүүлж, АНУ, Гондурас, Эквадор, Лаос, Непал, Мозамбик болон бусад орнуудад гамшгийн бүсэд аврах ажиллагаа идэвхтэйгээр өрнүүлжээ. Филиппиний Эрүүл мэндийн яамны харьяа Кесон эмнэлгийн судалгааны төвийн явуулын эмнэлэгт 24 эмнэлгийн ор хандивласан бол Перу улсад Амазоны ширэнгэн ойн алслагдсан тосгонд 17 тэргэнцэр хандивлаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа ч явуулж байжээ. Эмнэлгийн тогтолцооны хямрал нүүрлэж буй Эквадорт оношилгооны 1000 иж бүрдэл, 20,000 амны хаалт хандивласан нь цагаа олсон томоохон арга хэмжээнүүдийн нэг байжээ.

Саяхан “Ковид-19”-ийн улмаас түр зогсонги байдалд ороод байсан "Шинэ амь-хайр” гэр бүлийн алхах аяныг Солонгос, Филиппин улсуудад зохион байгуулж, Турк, Сирийн газар хөдлөлтөд нэрвэгдэгсэд, Украины дайнаас дүрвэгсэд болон Филиппиний газрын тосны осолд өртсөн 100 өрх айл зэрэг 24 орны эмзэг бүлгийн иргэдэд дэмжлэг үзүүлсэн байна. Дэлхийн олон орноос энэхүү сайн үйлсүүдийг хөхүүлэн дэмжиж, АНУ-ын Ерөнхийлөгчийн сайн дурын ажлын шагнал (8 удаа), Лайф тайм шагнал, БНСУ-ын Төрийн дээд одон, Камбожийн хааны шагнал, Эквадорын Үндэсний Ассамблейн шагнал зэрэг олон шагнал гардуулан өгсөн байна. Манай Монголын хувьд тэдний амжилт бүтээлийг нь өндрөөр үнэлж, Эрүүл мэндийн яам болон Байгаль орчны яамны сайдын шагнал, сургуулийн захирлуудын шагнал, Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвийн даргын шагнал гэх мэт олон шагнал хүртээгээд байгаа ажээ.