Баатарын НЯМСҮРЭН
“Уухай, уухай, уухай” хэмээн орчноо чимээлэх эрчүүд бол шагайн харваачид билээ. Анхаарлаа төвлөрүүлж, хасаагаа онилж цэц мэргэнээ сорих нь тэвчээр сорино. Шагайн харвааг Монгол түмний эртнээс уламжлалтай соёлын өвөрмөц нэгэн төрөл гэж 2014 онд Юнеско-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэсэн билээ. Монгол эрчүүд есөн тохой газар цэц мэргэнээ сорин өрсөлдөнө. Монголчууд эрийн хийморийг сэрээсэн спорт ч гэдэг. Гурван үеэрээ шагайн харваан спортоор хичээллэж буй харваачдыг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Удмын бахархал” буландаа онцолж байна. Тиймээс Монгол Улсын хүндэт харваач Д.Дашзэгвэ гурав дахь үеийн харваач Д.Эрдэнэсайханы ууган хүү Улсын мэргэн Э.Бат-Ирээдүй нарыг урилаа.
ХҮНДЭТ ХАРВААЧ ӨВӨӨГИЙН ДУРСАМЖ
Хүндэт харваач Д.Дашзэгвэ 1947 онд Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд мэндэлжээ. Тэрбээр идэр залуу наснаасаа шагай харвасан гэдэг. Ажлынхаа хажуугаар зав чөлөөтэй үедээ харвадаг байсан тэрбээр “Тухайн үед одоогийнхоос хашлага, сум, хасаа, зурхай нь өөр байжээ. Тиймээс нөөц боломждоо тулгуурлан тоглодог байсан” хэмээн хуучлав. Үеийнхэнтэйгээ хамт ажил дээрээ харвана. Мөн гэртээ шагай харваж тоглодог байсан аж. 2001 он хүртэл түүний төрсөн нутагт шагай харваа хөгжөөгүй байж. Энэ үеэс эхлэн нутгийнхан нь шагай харвахад дурлаж, тоглож бас өрсөлдөж эхэлсэн байна.
Харин гурав дахь үеийн шагай харваач Э.Бат-Ирээдүйд тэрбээр анхны хашлага сумаа “Сайн харваач болоорой” хэмээн өгсөн нь энэ цагийн Улсын мэргэнийг төрүүлсэн ажээ. Сум орон нутагт нь шагай харваа хөгжиж эхлэх үед залуусыг энэ спортод “дурлахад” голлох үүргийг гүйцэтгэж, нөлөө үзүүлсэн тухай нутгийн харваачид ярьж байлаа.
Д.Дашзэгвэ Гурванбулаг сумын “Цэцэн мэлмий” шагайн холбоог үүсгэн байгуулж, зурхай, хасаатай болоход нь гар бие оролцжээ. Шагайн холбоогоо байгуулсны дараа харваачид хамтарч сумынхаа урлагийн зааланд зурхай, хасаагаа урлаж байсан нь саяхан мэт боловч, чамгүй хугацаа өнгөрчээ. Б.Дашзэгвийг Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын хороо шагай харвасан цаг хугацаа, туршлага, хойч үедээ өвлүүлж буй үйлсийг нь үнэлж 2013 онд Монгол Улсын Хүндэт харваач цол, тэмдгээр шагнасан байна.
НӨМРӨӨ ДЭЛГЭСЭН “ААВ УУЛ”
Гурван үеэрээ шагайн спортоор хичээллэж бусдад үлгэр дууриалал болсон мэргэнүүдийн дундах нь Э.Бат-Ирээдүйгийн аав Д.Эрдэнэсайхан юм. Бага насандаа аавыхаа шагай харваж байгааг нь харсаар энэ спортод татагдсан тухайгаа тэрбэрээр ярьж байлаа. “Тамирчин байхын үнэ цэнийг багаасаа мэдэрсэн. Аав минь найзуудтайгаа шагай харваж байхад нь би ихэд сонирхож хамт харвадаг байсан юм шүү дээ. Мэдээж анхандаа сумыг нь зөөж, хасааг нь “малладаг байлаа” хэмээн бага насныхаа дурсамжаас бидэнтэй хуваалцав. Дунд сургуулийн сурагч байхдаа сургуулийнхаа шагай харвааны сургалтад явж эхэлсэн нь шагайн харвааны тамирчин болох эхлэл нь байв. Долдугаар ангийн сурагч Д.Эрдэнэсайхан шагай харвааны арга техникээс суралцан мэдэж авсан байна. Тэрбээр шагай харваагаар хичээллэсэнээр олон төлөвшилд суралцсан тухай ярьж өгөв. Аливаа зүйлийг даваад гарах эр зориг, тэвчээрийг шагайн харваагаар хичээллэснээр олж авчээ. “Ямар ч спортод хүндлэл гэж бий. Тиймээс өөрөөс ах харваач, том цолтоноо хүндэлдэг. Үүнээс ёс зүйтэй байх төлөвшлийг олж авсан” гэдгээ тэрбээр бахархалтай ярьж байлаа.
Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын “Цэцэн мэлмий” холбооны даргаар Д.Эрдэнэсайхан 2015 оноос хойш сонгогджээ. Тус холбоо нь одоогоор 50 гаруй гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс аймгийн аварга, цомын аварга, бүсийн аварга гээд олон тэмцээнд оролцсоор иржээ. Эдгээр тэмцээнээс бүсийн тэмцээнд олон удаа оролцсон нь түүний мартагдашгүй дурсамжуудын нэг хэсэг нь. Түүний “толгойлдог” шагайн холбоо 2018 онд Баянхонгор аймгийн шилдэг салбар холбоогоор шалгарсан байна. Тус холбоо байгуулагдсан цагаасаа хойш Улсын хүндэт харваач ес, улсын мэргэн нэг, аймгийн гоц мэргэн нэг төрөн гарсан байна. Аав нь шагайн харвааны суурийг тавьж, хүү нь хөгжүүлэхэд хүчин зүтгэснийг нутгийн харваачид онцолж байв. Тиймдээ ч нутгийн малчид хотондоо харваачды урьж наадуулдаг байна. Онцгой тэмдэглэлт өдрүүд буюу хурдан морио уяхдаа харваачдыг урьдаг гэнэ. Учир нь хотондоо харваач урьж шагай наадуулсан тэр жилээ хүлэг нь хурдалж түрүү магнай болдог хэмээн бэлгэшээдэг ажээ.
Д.Эрдэнэсайханы авга ах Гэндэндаржаа шагай харвадаг байж. Тэрбээр Монгол Улсын Хүндэт харваач, аймгийн гоц мэргэн юм билээ. Баянхонгор аймгийн Заг суманд зохион байгуулагдсан Хүрэн бэлчирийн тойромд болсон шагайн харваан тэмцээн Д.Эрдэнэсайханы санаанаас огт гардаггүй гэнэ лээ. Тэр тэмцээнд багаараа өрөг хасаанаас тулаа хасаа руу шилжиж өрсөлдсөөр дөрөвдүгээр байр эзэлсэн байна. Д.Эрдэнэсайхан хасаа, сум, хашлага, сандалаа өөрөө урладаг. Мөн олон харваачийн сумыг нь урлаж өгсөн байна. Тэрбээр анх аавынхаа бэлэглэсэн хашлагаар харвадаг байсан бөгөөд энэ хугацаанд гурван хашлага элээж байгаа юм билээ. “Хүүхдүүд минь шагайн харваа сонирхохын цагт өгөх гээд өөрийн эзэмшиж байсан хашлага, сумаа хадгалдаг юм. Миний хоёр хүү шагай харваж байгаа. Харин бага хүү минь сонирхож эхэлж байна” хэмээн хуучилж суулаа. Түүний дунд хүү Э.Дашпэлжээ өвөө, аав, ахынхаа үргэлжлэл болж долоон настайгаасаа шагай харваж эхэлжээ. Өсвөрийн аймгийн аваргын тэмцээнд хоёр удаа түрүүлсэн нь удам дамжин өвлөгдөх шагайн спортын эздийг илүү тодотгоно. Гурван үеийн харваачдийн гэрт жижиг зурхай байх. Тэнд ахмад, дунд, залуу үеийн харваачид “ана, мана” үзэлцдэг гэнэ лээ.
17 НАСАНДАА УЛСЫН ЦОЛ ХҮРТСЭН ХАРВААЧ
Нэг гэр бүлээс төрөн гарсан харваачдын үргэлжлэл болж яваа Монгол Улсын мэргэн Э.Бат-Ирээдүйтэй хэсэг хором ярилцлаа.
-Шагай харваагаар хэзээнээс хичээллэж эхлэв. Та анхны тэмцээнийхээ тухай уншигчдад маань ярьж өгөөч?
-Анх шагайн харваанд өвөө, аав хоёр минь л дурлуулж байлаа. Тэднийхээ тоглохыг өсөхөөсөө л харсан юм болохоор үлгэр дууриалал авдаг. Өвөөгийнхөө, аавынхаа нэрийг хугалахгүй юмсан гэх чин хүсэл надад бий. Тиймээс сайн тамирчин болох зорилго тавьж, хичээж явна. 2012 оноос энэ спортоор хичээллэсэн. Яг нэг жилийн дараа хүүхдийн харвааны тэмцээнд оролцон анхныхаа медалийг авч байлаа. Тэр жил Жаргалант суманд хангайн бүсийн хүүхдийн харвааны тэмцээн болсон юм. Гуравдугаар байранд орсон минь надад их урам өгсөн.
-Аймгийн тэмцээнүүдэд оролцож байсан гэж сонссон. Ямар амжилтууд гаргаж байв?
-Миний оролцсон тэмцээн бүр үнэ цэнтэй. Аймаг, сумынх гэж ялгаж байсангүй. Би сумынхаа тэмцээнүүдэд амжилттай оролцох бүртээ илүү хичээх ёстойг, бусдад үлгэр дууриалалтай байх ёстойг ухааруулдаг. Би аймгийн аварга шалгаруулах тэмцээний багийн харваанд хоёр удаа, цуваа харваанд нэг удаа түрүүлж байлаа.
-Та Улсын мэргэн болсон үеийнхээ дурсамжаас хуваалцаж болох уу?
-Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын шагайн харвааны анхны Улсын мэргэн болсондоо баярлаж явдаг. Би 2018 онд улсын наадамд Д.Чүлтэм ахлагчтай Баянхонгор аймгийн багт харьяалагдаж оролцсон юм. Анх удаа оролцож мэргэн харваачидтай өрсөлдсөн юм шүү дээ. Ингээд аймагтаа хамгийн залуу мэргэн нь болсон. Учир нь 17 насандаа улсын цол хүртсэн харваач байхгүй юм билээ. Энэ амжилтыг гаргахад “Чондо” компаний захирал, Улсын хошой мэргэн Д.Чүлтэм ах, Улсын даяар дуурсах мэргэн Э.Жигжидсүрэн нар дэмжиж зааж зөвлөсөнд би маш их баярладаг. Миний амжилтад баг хамт олны минь дэм хамгийн том байр суурийг эзэлдэг юм. Намайг дэмждэг, тусалдаг, хурцалдаг хүн бүрт баярлалаа.
-Улсын мэргэн болсны дараа ямар тэмцээнд оролцсон бэ?
-Анх цолоо аваад сумандаа очоод ургийн баярын тэмцээнд оролцож байлаа. Намайг яг шагай харвах тэр үед гэр бүлийхэн маань, миний хүндэлж явдаг хүмүүс хажууд байхаар сандрах мэдрэмж төрүүлдэг юм билээ. Эргээд бодохоор инээдтэй бас хамгийн их дурсамжийг бүтээсэн, намайг хамгийн ихээр сорьсон харваа байжээ л гэж боддог доо.
-Та аав, өвөөтэйгээ хамт тэмцээнд орж байсан уу?
-2018 онд ламын гэгээний их тойрмын шагай харваанд өвөө, аав, дүүтэйгээ дөрвүүлээ хамт оролцсон юм. Тэр үе мартахааргүй, үгээр хэлэх аргагүй тийм мэдрэмжийг үлдээсэн. Үнэхээр их сайхан санагддаг юм.
-Аавыгаа, өвөөгөө харж үлгэр дууриал авдаг тухай та хэлж байсан шүү дээ. Тэдний өгсөн хамгийн сэтгэлд ойр зөвлөгөө юу байсан бэ?
-Би анх шагай харваж эхэлсэн цагаасаа аавыгаа дууриадаг байсан. Аав минь “Өөрөөс ах харваачдаа хүндэлж байгаарай. Ямар ч амжилт гаргасан онгироо зан хүнд огт хэрэггүй. Даруу төлөв байгаарай” гэж захисан юм. Бас өвөө минь өөрийнхөө мэддэг бүхнийг бидэнд заана. Бас зандарнаа. Гэхдээ биднийг бусдад үлгэр дууриалалтай, сайн тамирчин байгаасай гэж аав, өвөө минь зааж, зөвлөж, захиж хэлдэг болохоор хичээж л явна.
-Тэгвэл шагай харваж эхэлсэнээр ямар төлөвшилд суралцсан бэ?
-Монголчуудын эрт үеэс уламжлагдаж ирсэн өвөрмөц өв соёл бол шагайн харваа. Хүнд төвлөрөх, ул суурьтай хандах, аливаад холбироод байхааргүй ихийг тунгаах хүмүүжлийг өгдөг гэж боддог. Харваачдыг хараад байхад нэг их энд тэнд гүйлдээд, юмны түрүүнд яриад байдаггүй л санагддаг даа. Учир нь өргөө онохын тулд бүх анхаарлаа төвлөрүүлэхээс гадна хасаагаа харвахдаа ямар хүчээр няслах вэ зэргээр олон зүйлийг эргэцүүлэн богино хугацаанд зөв шийдвэр гаргах хэрэгтэй байдаг юм. Тиймээс л төвлөрч, төлөвшихөд л хамгийн түрүүнд суралцдаг юм шүү дээ. Шагайн харваа газар газрын эрчүүдийг танилцуулдаг, хамт олон ч нөхөрсөг болгодог гэж боддог. Мэдээж тэсвэр хатуужил, хүлээцтэй зан, цэгцтэй нягт нямбай байх чадварыг олгоно. Мөн хүний нүдний харааг тогтворжуулах, гар хурууны болон зай хэмжээний баримжаатай, сэтгэл зүйн хаттай байхад хамгийн ихээр нөлөөлдөг юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 138 (7123)