Б.БОЛОР
Монголын эдийн засгийн чуулганаар дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд манай улсын гүйцэтгэх үүрэг болон бүс нутгийн худалдааны интеграцчлалд Монгол Улсын гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцэх юм байна. Түүнчлэн бизнес, хөрөнгө оруулалтын орчин, бүс нутгийн бизнесийн төв болох асуудлыг хэлэлцэж байна.
Энэ удаагийн форумаар Монголын эдийн засаг ба хөгжлийн тогтвортой бодлого хэлэлцүүлэгт манай улсын тогтвортой хөгжил ба бодлого төлөвлөлтийн уялдаа холбоог онцлон ярилцах юм. Үүгээр форумд оролцогчдын шинэлэг шийдэл, туршлагыг судлах зорилготой гэдгийг зохион байгуулагчид хэлэв. Хэлэлцүүлэгийг “CNN”-ийн олон улсын сурвалжлагч Марк Стюарт хөтлөх бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй улстөрчид болон Оксфордын их сургуулийн Дэлхийн эдийн засгийн засаглалын профессор Нгайре Вудс оролцох мэдээлэл байна. Энэ асуудлыг хэлэлцүүлснээр гарах үр дүнг оролцогч талуудад Монголын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтвортой байдлын талаар иж бүрэн ойлголт өгөх хэмээн тодотгожээ.
Түүнчлэн “Шинэ ирээдүй - Шинэ боломжууд хэлэлцүүлэг болох юм. Үүгээр дижитал эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед Монголын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой хэмээн үзэж буй. Хэлэлцүүлэгт Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Rio Tinto группийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон, JP Morgan-ийнн ТУЗ-ийн дарга Женнифер Насон, Азийн хөгжлийн банкны зах зээлийн шийдэл хариуцсан дэд ерөнхийлөгч Ашок Лаваса, "MCS" группийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал нар оролцоно гэв. Мэдээж хэлэлцүүлгээр Монголын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн дэлхийн тавцанд гаргахад нөлөө үзүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар хэлэлцэж шинэ боломжуудыг нээх хүлээлттэй байна.
Мөн энэ үеэр хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдлыг хэлэлцэх юм. Үүгээр олон улсын хөрөнгө оруулалтыг хэрхэн татах арга замуудыг судлах, тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглүүлж буй аж. Хэлэлцүүлэгт СЗХ-ны дарга Д.Баярсайхан, Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, Ард санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг, Ernst & Young-ийн түнш, Ази Номхон далайн бүсийн санхүүгийн үйлчилгээний зохицуулалтын удирдагч Эжен К. Т. Гойн нар оролцох бөгөөд “CEO Club”-ын гүйцэтгэх захирал В.Ганзориг хөтлөх юм. Энэ хэлэлцүүлгийн зорилго нь Монголын хөрөнгө оруулалтын нөөц бололцоог харуулахын зэрэгцээ хөрөнгө оруулагчдын сонирхлыг өдөөх нь чухал ажээ.
Энэ удаагийн Монголын эдийн засгийн чуулган “Монголд зочлох жил”-ийн хүрээнд өргөн цар хүрээг хамарч байгаа юм. Тиймээс “Монголд тавтай морил” хэмээн найрсгаар угтаж эдийн засагт эерэгээр нөлөөлөх олон боломжийг нээх хөшүүрэг хэмээн эдийн засагч, судлаачид харж байгаагаа хэлж байна. харин гадны зочид төлөөлөгчдийн хувьд Монголын эдийн засгийн хөгжлийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авахын сацуу ирээдүйд хэрэгжих төслүүдэд хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх, харилцан ярилцах, бодитоор харах нөхцлийг бүрдүүлжээ. Түүнээс гадна бодлогын түвшинд шийдвэр гаргагчидтай харилцан яриа өрнүүлэх ч боломжтой юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 138 (7123)