Н.Энхбаяр
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч
Соёл Иргэншлүүдийн Эзэнт Улс-“Их Монголын Эзэнт Улс”-ын түүх
1. Бид соёл иргэншил хэмээх сэдвээр ярьж эхлэхдээ өөрийн эрхгүй хүн төрөлхтний түүхэн дэх олон соёл иргэншлүүдийн тухай эргэцүүлэн боддог бөгөөд тэдгээрээс тархи толгойд хамгийн түрүүн орж ирдэг соёл иргэншил бол “Их Монголын Эзэнт Улс” хэмээх соёл иргэншил билээ.
2. 2006 онд Монгол Улс анд нөхдийн хамт Их Монголын Эзэнт Улсын 800 жилийн түүхэн ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн бөгөөд бид хүн төрөлхтний түүхийг өөрчлөн эргүүлсэн хамгийн том үйл явдлуудын нэг мөн хэмээн зүй ёсоор тооцогддог энэхүү үйл явдлын ойг тэмдэглэхийг дэмжсэн тогтоолыг Ерөнхий Ассамлейн чуулганы хуралдаанаараа хэлэлцэн баталсан Нэгдсэн Үндэстний Байгууллагад гүн талархаж байдаг юм.
3. Их Монголын Эзэнт Улс нутаг дэвсгэрийн хувьд өргөн уудам, тэрхүү нутагт оршин сууж байсан ард түмнүүд янз бүрийн шашин шүтэж, янз янзын соёлыг хөгжүүлж байсан байдаг. Их Монголын Эзэнт Улс цэргийн хувьд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, худалдаа наймаа эрхлэн явуулах, шинэ санаа бодол болон технологи солилцохыг дэмждэг байсан байна. Энэ бүхнээс авч үзэхүл та бид янз янзын соёл иргэншлийн хоорондын харилцаа холбооны тухай ярихад Их Монголын Эзэнт Улсыг зайлшгүй судлах ёстой чухал судлагдахуун мөн билээ.
4. Үнэн хэрэгтээ Их Монголын Эзэнт Улс олон соёл иргэншлийг агуулсан улс байсан юм. Хэрэв тухайн соёл иргэншлийг тэр улсын иргэдийн ихэнх нь шүтдэг шашнаар нь нэрлэвэл Их Монгол Улсын Эзэнт Гүрэнд Христийн, Исламын, Буддын соёл иргэншлүүд багтаж байсан байна.
5. Хэрэв тухайн соёл иргэншлийг тэр улсын иргэдийн ихэнх нь ярьдаг хэлд үндэслэсэн соёлоор нь нэрлэвэл Их Монгол Улсын Эзэнт Гүрэнд Хятад, Слав, Түрэг соёл иргэншлүүд багтаж байсан байна.
6. Их Монголын Эзэнт Улс зөвхөн Өрнө, Дорныг хооронд нь холбосон “гүүр” байгаад зогсохгүй үнэн хэрэгтээ тухайн цаг үед хүн төрөлхтний мэддэг байсан Өрнө, Дорныг багтаасан том соёл иргэншил буюу Соёл иргэншлүүдийн Соёл иргэншил байжээ. Их Монголын Эзэнт Улсад шашин, соёлын ялгаанаас болж үүссэн гэж хэлж болох соёл иргэншлүүдийн хоорондын мөргөлдөөн, зөрчилдөөн бараг гардаггүй байсан гэж хэлбэл хэтрүүлсэн болохгүй. Ийм учир Их Монголын Эзэнт Улсын оршин тогтнож байсан цаг хугацааг “Pax Mongolica” буюу “Монголын аргаар энх амгалан орших ёс” хэмээн томъёолон тодорхойлдог билээ.
7. 2006 онд бид Их Монголын Эзэнт Улсын 800 жилийн ойг тэмдэглэж байх үед би тэгэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсны хувьд дэлхийн улс орнуудын удирдагчдад хандан захидал бичиж, тэрхүү захидалдаа тэднээс Их Монгол Улсын Эзэнт Гүрэн болон түүнийг үндэслэгч Чингис хааны тухай санал бодлоо хуваалцахыг хүссэн юм. Олон улс орны удирдагчид миний илгээсэн захидалд хариу бүхий урт, богино захидлуудыг бичиж ирүүлсэн юм. Тэд нар захидалдаа Их Монголын Эзэнт Улс ерөнхийдөө хүн төрөлхтний түүхэнд, тусгайлбал тухайн улс орон, нутаг дэвсгэрийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийн талаар санал бодлоо бичсэн байсан юм.
8. Египетийн Ерөнхийлөгч асан Мубарак миний захидалд хамгийн түрүүн хариу ирүүлсэн улс орнуудын удирдагчдын нэг байсныг санаж байна. Францын Ерөнхийлөгч асан Жак Ширак ирүүлсэн захидалдаа “Pax Mongolica” буюу “Монголын аргаар энх амгалан орших ёс” асар уудам нутаг дэвсгэрт энхтайвныг тогтоон хангах бодлогыг хэрэгжүүлж, тухайн үеийн Өрнө, Дорнын хооронд санаа бодол, эд бараа, технологийн солилцоог дэмжиж байсан тухай онцлон тэмдэглэсэн байсан билээ.
9. Дашрамд тэмдэглэхэд, 2006 онд бидний хэвлэсэн тэр ном дэлхийн улс орнуудын удирдагчид болон Ромын Пап, Далай лам нарын зэрэг шашны тэргүүнүүдийн бичиж ирүүлсэн албан ёсны захидлуудыг эх хэлээр нь болон дагалдуулсан монгол орчуулгын хамт багтаасан учир Их Монгол Улсын Эзэнт Гүрний түүхийг сонирхон судалдаг эрдэмтэн судлаач болон бусад хүнд сонирхолтой байх болов уу гэж бодогдож байна.
10. Их Монголын Эзэнт Улс дэлхий дахинд хамгийн сайн мэддэг монгол хүн болох Чингис хааны удирдлага дор тулалдаж байсан олон үндэстний цэрэг эрсээс бүрдсэн Монголын армийн дайралт, ялалтын үр дүнд үүссэн байдаг билээ. Ийнхүү дайрч ялснаар дараах үр дүн гарсан байна.
i. Тухайн үед ноёрхож байсан дэглэмүүдийг нураасан. Монголын армийн цохилт үнэхээр хүчтэй, түүний учруулсан хохирол хүнд, хамарсан цар хүрээ өргөн байсан учир хүмүүс тэрхүү дайралтыг Бурхан тэнгэрийн шийтгэл ирлээ хэмээн хүлээж авч байсан юм.
ii. Чингис хаан болон түүний үр сад эзэлсэн нутагтаа өөрсдийн хаант улсыг байгуулан захирч байсан тэр цаг хугацаа нь Торгон замын хувьд хөгжил цэцэглэлийн алтан үе байсан бөгөөд Өрнө ба Дорныг холбож ойртуулсан юм.
iii. Монголын цэргүүд янз янзын улс орон, газар нутгийг байлдан дагуулсныхаа дараа өөрсдөө нүүдэлчин байсан учир шинэ нөхцөл, бодит байдалд дасан зохицож чадсан нь онцгойлон тэмдэглэх ёстой, сонирхолтой түүх юм.
1) Эхлээд тэд байлдан дагуулсан нутагт нь оршин сууж байсан ард түмнүүдийн уламжлал, соёл шашныг нь өөрсдийн болгон авч улмаар эцэстээ тэдгээрийг хамгийн тууштай баримтлагч бөгөөд хамгаалагчид болсон юм.
Их Монголын Эзэн Улс дахь шашны үүрэг, Тэнгэрийн шашин
Монголчууд шашинд хандах хандлага нь ихээхэн прагматик шинж чанартай байсан бөгөөд ер нь аливаа шашинд хандахдаа ийм хандлага баримтлах нь зөв юм:
i. Их Монголын Эзэнт Улсад янз янзын шашин энхтайвнаар зэрэгцэн оршиж байсан билээ:
1) Заримдаа Монголын хаад олон шашны төлөөлөгчдийн дунд сорилго уралдаан зохион байгуулж ялагчийг нь тодруулж байсан юм.
2) Тэр байтугай Хубилай хаан олон шашны дунд уралдаан зарлан зохион байгуусны үр дүнд тэрхүү уралдаанд тэргүүлсэн Буддын шашныг сонгож Юань улсын төрийн шашин болгосон байдаг.
3) Дашрамд хэлэхэд монголчууд ялангуяа, Монголын нийгмийн язгууртнууд Христийн шашны Несторын урсгалыг дагадаг байсан юм.
4) Чингис хаан өөрөө болохоор Даогийн буюу Бумбын шашныг ихэд сонирхдог байжээ. Тэрбээр өөрийн үүсгэн байгуулсан Их Эзэнт Гүрний цаашдын хувь заяаны талаар бодож эхэлсэн тэр цагаасаа эхлэн эл шашныг сонирхдог болсон байна. Тэрбээр Бумбын шашинд туйлын прагматик байдлаар хандсаны учир шалтгаан Бумбын шашныхан мөнхийн ус гаргаж чаддаг гэж өөрт нь хэлснийг сонсож тогтоосонд оршино. Тэрбээр өөрийн Эзэнт Гүрнийг удирдан захирахын тулд мөнх наслахыг хүссэн байна. Гэвч удалгүй мөнхийн ус ууснаар биш харин их үйл хэрэг ялангуяа, сайн үйл хэрэг бүтээсний ачаар мөнхөрч болно гэдгийг ухаарсан байна.
5) Чингис хааны үр сад болох их хаадын зарим нь Их Монголын Эзэнт Гүрний нутаг дэвсгэрт багтсан улс орны ард түмнүүдийг удирдан захирах ёс суртахууны эрхтэй байхын тулд Исламын шашинд орсон байна.
6) Харин Чингис хааны өөрийнх нь хувьд Тэнгэр бурхандаа мөргөдөг байсан байна. Тэрбээр өөрийнхөө тухай Тэнгэртэй шууд холбогддог, Тэнгэрээс шууд үүрэг даалгавар авдаг хүн хэмээн үздэг байсан юм.
A. Хүмүүс Чингис хаан бөөгийн шашныг дагадаг байсан гэж эндүүрдэг. Үнэн хэрэгтээ “Монголын Нууц Товчоон”-д Чингис хаан өөрийн бөө болох Тэв тэнгэр бөөг цаазалсан тухай бичсэн байдаг билээ.
B. Зарим эрдэмтэн энэхүү үйл явдлыг тайлбарлахдаа Чингис хаан удалгүй бөө нь хүмүүсийн дунд өөрөөс нь илүү нэр хүндтэй, нөлөөтэй болно хэмээн бодсны улмаас түүнээс айж тийнхүү устгасан гэж тайлбарладаг. Гэвч үнэн хэрэгтээ миний бодлоор тийнхүү бөөгийнхөө аминд хүрсэн нь бөөгийн шашин өөрийнх нь баримталж байсан шашин буюу Хөх Тэнгэрийн шашинтай зөрчилдөж байна гэж үзснээс болсон гэж тайлбарлах нь зөв болно.
C. Тэрбээр түүний Хөх Тэнгэртэй харилцахад дунд нь хэн ч орох ёсгүй хэмээн үзсэн учир тийнхүү бөөгөө цаазалсан байна.
D. Ийнхүү Чингис хаан Эзэн хааны хувьд төрийн дээд эрх мэдэл, Хөх Тэнгэрийн Элчийн хувьд шашны дээд эрх мэдлийг аль алиныг гартаа атгасан байна.
E. Олон эрдэмтэн Чингис хаан амжилтад хүрэхэд магадгүй хүн төрөлхтний түүхийн хамгийн амжилттай цэргийн жанжин, Эзэн хаан болоход нөлөөлсөн ямар ямар гол хүчин зүйл байсныг ухааран ойлгохыг хичээдэг. Тэгээд ч түүнийг “Вашингтон Пост” сонин “Мянганы хүн”-ээр тодруулсан нь санаандгүй хэрэг байгаагүй билээ. Зарим түүхч Чингис хаан болон түүний үр садын эрч хүч, амжилтыг “пассионар шинж чанар”-тай байсантай холбоотой хэмээн тайлбарладаг.
F. Гэвч үнэн хэрэгтээ түүний амжилтын гол учир шалтгааны хамгийн бодит тайлбар түүнийг Тэнгэр өөрөө сонгосон. Чингис хаан Тэнгэрийн зарлигийг хэрэгжүүлэгч байсанд оршино. Чингис хаан өөрөө тусгай зорилготой гэдэгтээ хэлбэрэлтгүй итгэж байсан. Тийм ээ, Хөх Тэнгэрийн зарлиг, Чингис хааны Тэнгэрийн зарлигт итгэсэн итгэл тэр үеийн аливаа улс орон, нутаг дэвсгэрийн удирдагчдын тус тусдаа болон хамтдаа гартаа хуримтлуулсан эрч хүчээс хавьгүй илүү байсан байна.
G. Аливаа ажигч хүн Чингис хаан бол үнэхээр Тэнгэрийн сонгосон хүн, Тэнгэрийн Элч мөн. Тэнгэрийн зарлигийг ягштал даган биелүүлдэг хүн байсан гэдгийг нотлох олон жишээ баримт байдгийг олж болно.
a) Чингис хааны өөрийнх нь болон түүний өвөг дээдсийн амьдрал, үйл хэргийг бичсэн номын нэр нь “Нууц товчоо” билээ. Энд гарч байгаа “Нууц” хэмээх үг энэхүү номыг зөвхөн нэг хувь бүтээсэн. Тийм учир энэ номыг Чингис хаанаас өөр хэн ч үзэж, уншиж болохгүй гэсэн үг биш юм. Харин энэ ном “нууц” агуулгатай буюу олон давхар утга санаатай. Жирийн хүмүүс түүнийг уншсан ч тэр болгон ойлгохгүй, гадаадын хүмүүс тэр тусмаа ойлгохгүй, ойлгох ч албагүй гэсэн утга санааг илэрхийлсэн гэж тайлбарлавал зөв болно.
b) Тухайлбал, “Нууц товчоо”-нд Чингисийн өвөг дээдэс шар гэрлээс төрсөн гэж өгүүлсэн байдаг. Тийм ээ, энэ бол яахын аргагүй ид шид мөн. Гэхдээ хүн төрөлхтний түүх бодитой бөгөөд бүрэн бүтэн байхын тулд иймэрхүү олон ид шидээс бүрддэг билээ. Жишээ нь, Христ Бурхан, Бурхан багшийн төрсөн түүх бол аль аль нь ид шид мөн. Тэд Бурхан тэнгэрээс олдож энэ дэлхийд заларсан гэж өгүүлдэг.
H. Нөгөө талаар нүүдэлчдийн дунд буюу өргөн уудам тал нутагт оршин сууж байсан ард түмнүүдийн дунд анзаарахаас өөр аргагүй нэгэн уламжлал байсныг олж харахад хэцүү биш билээ. Энэ бол нүүдэлчин аймгуудын язгууртнууд явцуу хүрээндээ ямар нэгэн шашныг сонгон шүтдэг байсан байна. Тухайлбал, та бид Хазарын Хаант Улсын язгууртнууд еврейчүүдийн шашин болох Жүүдийн шашныг сонгон шүтдэг байсан билээ. Монголын нийгэмд мөн адил язгууртнууд нь Христийн шашны Несторын урсгалыг даган шүтдэг байсан юм.
I. Тэнгризм хэмээх шашны тухай мөн адил ийм дүгнэлт хийж болно. Энэ шашныг Их Монголын Эзэнт Улсын язгууртнууд ялангуяа, энэхүү гүрнийг үүсгэн байгуулагч Чингис хаан өөрөө шүтдэг байсан байна.
J. Чингис хаан Тэнгрийн шашныг даган шүтэгчийн хувьд Эзэнт гүрнийхээ бүхий л нутаг дэвсгэрт ёс суртахууны дээд эрхийг эдэлж байсан байдаг. Их Монголын Эзэнт гүрэн өөрөө цэргийн хүчинд биш харин Тэнгрийн шашны ёс суртахууны дээд эрх, Тэнгрийн Элч болсон Чингис хааны ёс суртахууны дээд эрх дээр тогтож байсан гэж хэлбэл хэтрүүлсэн болохгүй.
K. Дашрамд хэлэхэд Ромын Эзэнт гүрэн, Чин Улсын аль аль нь гол нь тэдгээр улс орон, нутаг дэвсгэрт амьдарч байсан язгууртнууд ёс суртахууны доройтолд орсон гэж үздэгийг сануулбал илүүдэхгүй.
L. Аливаа Эзэнт гүрэн буюу соёл иргэншил үнэхээр хүчтэй байя гэвэл юуны түрүүн өндөр ёс суртахуунтай, шашнуудын дээр байх ёстой. Энэхүү зарчим өмнө нь ч байсан. Одоо ч мөн адил байх ёстой билээ. Тийм учир Чингис хааны хувьд Хөх Тэнгэр бол Христ, Аллах, Будда болон өөр ямар ч Бурхан тэнгэртэй адил байгаагүй, үнэн хэрэгтээ Хөх Тэнгэр эдгээр Бурхадыг бүгдийг нь нэгтгэсэн Үнэмлэхүй Бурханы илэрхийлэл байсан юм.
M. Тийм учир Чингис хаан өөрөө болон түүний үр сад ямар ч шашныг ад үзэн хавчдаггүй байсан.Их Монголын Эзэнт гүрний өргөн уудам нутаг дэвсгэрт бүх шашин эрх чөлөөтэй байсан юм.
III. Өнөөгийн хямрал ба шинэ соёл иргэншил бий болох шаардлага
1. Хүн төрөлхтний тулгараад байгаа өнөөгийн хямралын гол үндэс нь Засгийн газрууд болон шашны байгууллагуудын тэргүүнүүдийн ёс суртахууны нэр хүнд унаж доройтож байгаад оршино.
2. Та бидний өнөөгийн гол соёл иргэншлийг “Пакс Американа” буюу “Америк маягаар энх амгалан орших ёс” хэмээн тодорхойлж болно. Энэхүү соёл иргэншил хүний эрхийг хамгаалах, эрх чөлөө, ардчиллыг дэмжих, даян дэлхийд сая сая хүнийг ядуурлаас гаргах, олон улс орон тусгаар тогтнолоо зарлан тунхаглахад гайхалтай үр дүнд хүрч чадсан юм.
3. Нөгөө талаар “Пакс Американа” соёл иргэншлийг нийгэмд, улс орнуудад ялгаварлал, хуваагдлыг авчирсан. Энэ соёл иргэншлийн үр дүнд байгаль орчны хямрал гүйнзгийрсэн, мөнгө, хувийн өмч хөрөнгө зэрэг үнэн хэрэгтээ хоосон мөн чанартай эд зүйлс уг соёл иргэншлийн хамгийн эрхэм зорилго болсон хэмээн шүүмжилдэг. Өнөөдөр дэлхийн бараг өнцөг булан бүрт хүмүүс өдөр шөнөгүй өмч хөрөнгө, мөнгөний хойноос зав чөлөөгүй тэмүүлэн хөөцөлдөж байна.
4. Одоо би та бүхэнд “Пакс Американа”-гийн суурь болсон АНУ-ын Тусгаар тогтнолын Тунхаглалын хэсгээс уншиж сануулъя гэж бодож байна. Энэхүү Тусгаар тогтнолын Тунхаглалд ингэж бичжээ “Бүтээгч Бурхан бүх хүнийг ижил тэгш, зарим салшгүй заяагдмал эрхтэйгээр бүтээсэн билээ. Тэдгээр эрхийн тоонд Амьдрах, Эрх чөлөөтэй байх, Аз жаргалын хойноос тэмүүлэх эрх орно”.
5. Гэвч өнөөдөр “Пакс Американа” бол “Аз жаргалын хойноос тэмүүлэх эрх”-ийг “Мөнгөний хойноос улайран хөөцөлдөх”-өөр сольсон соёл иргэншил болж хувирсан гэж шүүмжилж байна.
6. Өнөөдөр та бид бүгд өөрчлөлт шаардагдаж байгааг мэдэрч байна. Нэг туйлтай эсхүл олон туйлтай хэмээх ертөнцөөс “Цогц ертөнц” рүү шилжих тийм өөрчлөлт шаардагдаж байна. “Цог ертөнц”-д хүн бүр, юм бүр нэг нэгэнтэйгээ шүтэн барилдлагатай байх билээ.
7. “Цогц ертөнц” хэмээх нь юуны түрүүн хувийн өмчийн тухай шинээр бодож ойлгохын тухай билээ. Энд өөрийн санааг ойлгуулахын тулд Ромын Пап Францисын айлдсан үгийг иш татая гэж бодож байна. Тэрээр “Fratelli Tutti” буюу “махчилан орчуулбал” Бүгд нэг нэгэндээ ахан дүүс“ гэсэн Зарлигтаа дараахыг бичжээ:
“Энд би Гэгээн II Жон Полын айлдсан, одоо болтол бүрэн үнэлэгдээгүй байгаа “Бурхан тэнгэр газар дэлхийг хэн нэгнийг ялгаварлан илүү эсхүл дутуу үзэлгүйгээр бүх хүн өлсөж цангахыг мэдэхгүй тогтвортой амьдрахад зориулж нийт хүн төрөлхтөнд дунд нь өгсөн билээ” [94] гэсэн хүчирхэг үгийг дахин сануулж байна. Миний хувьд “Христийн шашны уламжлалд хувийн өмчийн эрхийг үнэмлэхүй шинж чанартай, ямагт халдашгүй дархан хэмээн хэзээ ч үзэж байгаагүй билээ. Бүхий л хэлбэрийн хувийн өмч нийгмийн зорилготой байх ёстой хэмээн үздэг билээ” [95] гэсэн байр суурийг баримтлах нь зүйтэй. Бүтээж бий болгосон аливаа бараа бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд хэрэглэх ёстой гэсэн зарчим бол “бүхэл бүтэн ёс суртахууны болон нийгмийн ёс журмын хамгийн эхний зарчим мөн билээ” [96]. Энэ бол байгалиас заяасан эрх мөн бөгөөд нийт эрхийн тэргүүн эрх мөн [97]. Хувь хүний цогц төлөвшил хөгжилд шаардлагатай бараа бүтээгдэхүүн, сайн сайхантай холбоотой бусад бүх эрх, хувийн өмчтэй, бусад өмчтэй байх эрх, Гэгээн ҮI Полын айлдсанаар, “энэхүү хамгийн чухал эрхийг ямар нэгэн байдлаар үл хэрэгсэж болохгүй бөгөөд харин ч хэрэгжих нөхцөлийг нь хангахын тулд идэвхтэй ажиллах хэрэгтэй” [98] юм. Бүтээж бий болгосон бараа бүтээгдэхүүн нийт хүн төрөлхтөнд зориулагдана гэсэн зарчмыг ягштал баримталбал хувийн өмчтэй байх эрх хоёр дахь шинж чанартай нь тодорхой болно. Аливаа нийгмийн үйл ажиллагаанд энэхүү зарчим туссан байх ёстой. Ингэснээр тодорхой үр дүн гарна. Харамсалтай нь олон тохиолдолд хоёр дахь шинж чанартай эрхүүд гол эрхийн байр суурийг эзэлдэг. Ингэснээр гол эрх шаардлагагүй юм шиг болдог”.
8. “Цогц соёл иргэншил” бол соёл иргэншлүүдийн Соёл иргэншил мөн. Энэ соёл иргэншилд бүх улс орон багтана. Энэхүү соёл иргэншилд нэгийг нь ч орхихгүй бөгөөд энэхүү соёл иргэншлийн хамгийн үнэ цэнтэй нь хүний амь, хүний мөрөөдөл байх болно.
9. Энэхүү шинэ соёл иргэншилд аюулгүй байдлын асуудлыг зохицуулахын тулд хана хэрэм босгох, элдвийн хязгаарлалт тавих хэрэггүй. Ингэхийн оронд хүн болгоны хүсэл мөрөөдөл бодитоор биелдэг нөхцөлийг бүрдүүлэх нь зөв болно. Аливаа нийгэм, засгийн газрын байгууллагууд, олон улсын харилцааны хамгийн сайн бүтэц бол хүн бүрт амьдралынхаа мөрөөдлийг биелүүлэхэд боломж бололцоо олгосон нөхцлийг бүрдүүлж өгөхөд чиглэгдсэн зорилготой байх ёстой.
11. Шинэ соёл иргэншил “Би”, “Миний” гэсэн үгээр илэрхийлэгдсэн өөрийн явцуу эрх ашигт биш харин “Бид”, “Бид нарын” гэсэн үгээр илэрхийлсэн бусдын төлөө санаа тавих сэтгэлд суурилсан байх ёстой.
12. Их хөлгөний Буддын шашинд “Бодисатва” хэмээх бодгалын тухай сургааль байдаг. Та бүгд Бодисатва бол өөрөө Гэгээрсэн нэгэн мөн боловч Тэрбээр хамгийн сүүлчийн хүн гэгээрч, энэхүү амьдралын зовлонгийн тойргоос мултран гарах хүртэл энэ газар дэлхий дээр эргэн эргэн төрж бусдад тусалсаар байх болно хэмээн тангараг өргөсөн нэгэн мөн гэдгийг сайн мэднэ.
13. Бодисатвагийн орчин үеийн утга санааг дараах байдлаар томъёолон тодорхойлж болох болов уу. Бодисатва бол бусадтайгаа хамт ажилласны, нэг нэгнийхээ төлөө санаа сэтгэлээ зориулсны, нэг нэгэндээ тусалсны ачаар хамтдаа Гэгээрэхийгээ сайтар мэдсэн нэгэн мөн билээ. Тийм учир тухайн хүний амжилт бусдын амжилтад тулгуурлана, амжилтыг хэдий чинээ их мөнгө, хувийн өмч хуримтлуулснаар биш харин өөрийн мөрөөдөл бусдын мөрөөдлүүд биелсэнтэй хамт биелнэ хэмээн ойлгож аз жаргалын хойнгоос тэмүүлсэн тэмүүллээр хэмжих болно.
14. Чухам энэ бол жинхэнэ нэг нэгэндээ шүтэлцсэн барилдлага мөн. Ийм барилдлага тогтсоноор манай шинэ соёл иргэншил дайн дажин, хуваагдал ялгарал, үзэн ядалтаас ангид байж чадна.
15. Буддын шашны нэгэн алдартай “Цагаан лянхуа судар” бий. Энэ судрын сургааль их өөдрөг утга агуулгатай билээ. Энэ судар эцсийн эцэст хүн бүр гарцаагүй гэгээрнэ хэмээн номлодог. Там гэж байхгүй билээ. Та бид бүгд хамтын хүчээр өнөөдрийн хямралт байдлаас гарах гарцыг олж чадна гэдэгт өөдрөг сэтгэлтэй байна.
16. Тэнгэр Бурхан, Христ, Аллах, Будда зэрэг Бурхад та бидэнд хангалттай мэргэн ухаан сургаалиа хайрлажээ. Энэхүү мэргэн ухааныг даган мөрдөхийн тулд та бид нэг нэгэнтэйгээ уулзан учрах, нэг нэгэнтэйгээ ярих, нэг нэгнийгээ сонсох, нэг нэгнийгээ асрах хэрэгтэй. Мэргэн ухаан ямагт өөдрөг байдаг.
2023 оны долдугаар сарын 4-ний өдөр
Бухарест хот
Румын Улс
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 138 (7123)