Б.ТУУЛ

Монгол Улс өнөөдөр уламжлалт эдийн засагт тулгаарласан, уул уурхай, мал аж ахуйгаа түшиглэсэн эдийн засгийн арга барилаа өөрчилж, дэлхийн олон улс оронд чухал байр суурь эзэлж байгаа дижитал эдийн засагт шилжих түүхэн цаг үетэй нүүр тулж байна.  Тодруулбал, нийгэм, улс төр, эдийн засаг, бизнесийн бүх харилцаан дахь  маш өргөн хүрээний хурдтай өөрчлөлт бүхий дижитал эрин рүү бид эргэлт буцалтгүй ороход Монгол Улс ямар сорилтуудыг давж, цаашид юу хийж хэрэгжүүлэх, юунд анхаарч ач холбогдол өгөх вэ зэрэг өргөн хүрээний судалгаа шинжилгээний бүтээл болох  “Дижитал эдийн засаг” хэмээх чамбай бүтээлийг Шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачид хамтран гаргаж, уншигчдын хүртээл болгож байгаа ажээ.   

Номын нээлтэд Монгол Улсын төрийн тэргүүн зэргийн шагналт “Чингис хаан” одонт, академич Д.Доржготов, Ардын багш Д.Дорж нарын эрдэмтэн судлаачид, ЭЗХЯ, ЦХХХЯ-ны удирдлага, төлөөлөл оролцлоо. Энэхүү ном нь ШУА-ын  санхүүжилтээр 2021-2022 онд хэрэгжиж дууссан “Дижитал буюу тоон эдийн засгийн шилжилт ба аж үйлдвэрийн IV хувьсгал” грант төслийн үр дүнгээр бичигдсэн хамтын бүтээл гэдгийг номын зохиогчид  онцолж байв.

Эх сурвалж: www.zms.mn