Т.САЙХАН
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх үер, усны нөхцөл байдалтай холбогдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай уулзав.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан товч танилцуулга хийж, Улаанбаатар хот орчимд 2023 оны 07 дугаар сарын 10-ныг дуустал бороо орох учир эрсдэл өндөр хэвээр байгааг хэлэв.
Ерөнхийлөгч Улсын онцгой комиссоос тогтмол мэдээлэл авч байгаагаа хэлээд, авран хамгаалах, нүүлгэн шилжүүлэх, сэргээн босгоход хүч нэмэн ажиллаж байгаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, бие бүрэлдэхүүн, алба хаагчид цаашид анхаарах зүйлсийн талаар үүрэг, чиглэл өгөв.
Юуны өмнө хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах, сэтэрсэн даланг сэргээн засварлах, хүчитгэх, гудамж, зам, талбай, орон сууц, барилга, байгууламжид ариутгал, халдваргүйжүүлэлтийг чанарын өндөр түвшинд хийх, цахилгаан станц зэрэг улсын онцгой обьект үер, усны аюулд өртөхөөс сэргийлэх, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн эд хөрөнгийг авран хамгаалах зэрэг чиглэлээр улам эрчимтэй ажиллахыг үүрэг болголоо.
Мөн үерт өртөж орон гэргүй болсон иргэд, ялангуяа өндөр настан, жирэмсэн эх, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг тус тусын шугамаар тухай бүр шуурхай үзүүлж байхыг чиглэл болгов.
Эх сурвалж:www.polit.mn