Баатарын НЯМСҮРЭН
Хүмүүс бид эрүүл аюулгүй орчинд аж төрөх нь чухал. Энэ нь хувь хүний сонор сэрэмжтэй холбоотой. Тиймээс гол усны аюул, үерээс урьдчилан сэргийлэх, осол гэмтлээс өөрийгөө хамгаалах шаардлага үүсээд байна. Ялангуяа хур бороо орж, гол мөрөн ихсэх, үерийн оргил үе нь долдугаар сар юм. Мөн зуны улиралд осол гэмтлийн тохиолдол нэмэгдэх нь бий. Үүнээс гадна баяр наадмын өдрүүдэд олон хоног амрах болсонтой холбоотойгоор зам тээврийн осол, бэртэл гэмтэл, хүүхдийн болон ахуйн хүрээний осол нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Өнгөрсөн онд улсын хэмжээнд осол гэмтлийн шалтгаант 188.916 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн таван жилийн үзүүлэлтээс өссөн ба өнгөрсөн оноос 32.6 хувиар, 2019 оноос 20.5 хувиар тус тус өссөн үзүүлэлтэй байна.
Өнгөрсөн оны долдугаар сард 1881 хүн зам тээврийн осолд өртжээ
Осол гэмтлийн шалтгаант нас баралтын тэргүүлэх таван шалтгааны нэг нь 0-18 насныхны усанд эрсдэх тохиолдол байна. Сүүлийн гурван жилийн байдлаар усанд живж нас барсан 346 тохиолдол бүртгэгдсэн. Манай оронд төдийгүй дэлхий дахинд усанд осолдох тохиолдол нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр жил бүр 236.000 хүн усанд живж амь насаа алдаж байна. Эдгээр нас баралтын 90 гаруй хувь нь бага болон дундаж орлоготой улс орнуудад тохиолддог ажээ. Осол гэмтлээс шалтгаалсан нас баралтыг эндэх ёсгүй эндэгдэл буюу урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой эндэгдэл хэмээн үздэг аж. Манай улсад нийт осол гэмтлийн 86.6 хувийг санамсаргүй осол гэмтэл эзэлдэг. Харин 13.4 хувийг санаатай осол гэмтлээс үүдсэн гэмтэл зонхилдог юм байна.
Өнгөрсөн оны долдугаар дугаар сард Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгаас нийт 14.207 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс эрэгтэй 8307 (58.5 хувь), эмэгтэй 5900 (41.5 хувь) байгаа бол, 0-18 насны хүүхэд 5965 (42 хувь) байна. Мөн унаж бэртэх, явганаас бүдрэх, ор болон шат, гуу жалга, унаа тэрэг, барилга байгууламжаас унаж бэртсэн 6329 хүн бүртгэгдсэн байна. Үүнээс гадна амьгүй механик хүчин зүйлд өртсөн гэмтэл олон гарчээ. Үүнд шил шаазан, хутга мэс болон бусад эд зүйл орох юм. Харин зам тээврийн осолд 1881 хүн өртжээ. Хүчирхийлэлтэй холбоотой бэртэл гэмтэл буюу ахуйн хүрээний болон гэр бүлийн маргаан, зодоон, архи дарс хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй 1047 хүн хандаж, тусламж үйлчилгээ авсан аж. Мөн шингэн. халуун зүйлд түлэгдэж гэмтсэн 363 хүн байна.
Осол гэмтэл архи хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой
Баяр наадмын өдрүүдэд гарсан осол гэмтлийн дийлэнх шалтгаан нь архи дарс хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй ажээ. Жилийн өмнө ахуйн хүрээний архидалттай холбоотой зодоон цохион, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 98 хүн ГССҮТ-ээс тусламж үйлчилгээ авсан байна. Харин энэ оны зургадугаар сарын байдлаар ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгаас нийт 81.942 хүн тусламж үйлчилгээ авсан байна. Үүнээс эрэгтэй 47.490, эмэгтэй 34.452 байгаа бол, 0-18 насны хүүхэд 33.876 байгаа юм.
Харин өнгөрсөн онд 1598 хүн мориноос унаж бэртсэн ажээ. Тухайлбал уралдааны мориноос унаж бэртсэн 76 хүн, уналгын мориноос унаж бэртсэн 1522 хүн байгаа юм. Харин эдгээрээс 691 нь 2-17 насны хүүхэд байжээ.
Тэгвэл энэ оны эхний зургаан сарын байдлаар, мориноос унаж бэртсэн нийт 620 хүн тусламж үйлчилгээ авснаас 256 нь хүүхэд байна. Тэр дундаа уралдааны мориноос унаж бэртсэн 28 хүүхэд байгаа юм. Тэгвэл Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс энэхүү зөвлөгөөг хүргэж байна.
Усанд осолдохоос хэрхэн сэргийлэх вэ
Хэрэв хүн сэлж чадахгүй тохиолдолд 20-30 секундийн дотор амь эрсддэг. Тиймээс анхаарал болгоомж тун чухал. Голын эрэг дагуу амарч, аялж зугаалахдаа хүүхдэдээ тавих хараа хяналтаа бүү алдаарай. Хүүхдийг хараа хяналтгүй гол горхи, нуурын ус руу явуулахгүй байх. Гол, горхи нуурын ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх нь чухал. Мөн ширүүн урсгалтай гүнзгий гол, горхины усанд оруулахгүй, гол, ус гатлахдаа зориулалтын зам, гармаар гаргах хэрэгтэй. Усанд хэрхэн сэлэх, аюулгүй байдлыг хангах талаар зааж сургах ба хүүхдэд таарсан аврах хантааз өмсүүлж хэвшихийг сануулж байна.
Үерийн ослоос өөрийгөө хамгаалах
Цаг агаарын мэдээг урьдчилан харах. Гол усны ойролцоо байрлах бол эргээс 100 метр зайтай байх нь эрсдэлээс хамгаалах арга юм. Мөн хүүхдээ гол усны ойр тоглуулахдаа хараа хяналтаа сайжруулах. Насанд хүрэгчид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байж өөрийгөө эрсдлээс хамгаалаарай. Мөн өндөр хүчдэл, цахилгаан шонгийн ойр орчим байрлахгүй байх. Үерийн далан ам, уулын бэл дагуу суурьшихгүй, зөвшөөрөгдсөн гарц гарамаар гарах. Дуу цахилгаан, аадар бороотой үед цахилгаан хэрэгсэл ашиглахгүй, салгах нь чухал юм.
Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх
Холын замыг зорьж буй иргэд машин техникийн аюулгүй байдлаа шалгах, архи, согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзах нь өөрийгөө эрсдэлээс хамгаалах хаигийн зөв арга юм. Мөн суудлын бүсээ зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж тээвэрлэх хэрэгтэй. Орон нутгийн замд хурдаа хасаж, холын гэрлээ шилжүүлж зорчих. Үер, усны аюулаас сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээ дохиог хүлээн авч хэрэгжүүлэх. Гол, усны ойр орчим хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах. Хийлдэг завь, гудас, хөвөгчийг ашиглахгүй байх. Зориулалтын гарц, гүүр гармаар гарах хэрэгтэй. Мөн ой мод, бут, хад, асгатай газар явахдаа урт түрийтэй гутал, өмд, бээлий өмсөөрэй.
Улсын баяр наадам, аймгуудын тэмдэглэлт ойн баярын эдгээр өдрүүдэд иргэд та бүхэн өөрийн болон хайртай гэр бүл, ойр дотны хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндэд анхаарал тавьж, зам тээврийн осол болон болзошгүй эрсдэлээс хамгаалах ёстойг анхаарах нь зөв. Ялангуяа хөдөө орон нутагт зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, авто замын хөдөлгөөнд анхаарах. Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцох, тээврийн хэрэгсэл жолоодох үедээ архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нь чухал. Түүнчлэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хорхог боодог хийх болон бусад төрлийн идээ ундааг бэлтгэхдээ өөрсдийн болон ойр тойрны хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж түлэгдэж гэмтэхээс сэргийлэх, гол ус, нуур цөөрмийн дэргэд анхаарал болгоомжтой байж эрсдэлээс хамгаалахыг анхааруулж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 136, 137 (7121, 7122)