“Хил хязгааргүй сэтгүүлчид” (RSF) байгууллага нь аюулгүй байдлын улмаас нутгаасаа дайжсан сэтгүүлчдийн шилжилтийн урсгал, дүрвэн дайжсан хэвлэл мэдээллийн хэрэгслийг хүлээн авагч орнуудын тойм зураглалыг анх удаа нийтэллээ.

Дэлхий даяар ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө аюул, заналхийлэлд өртсөн сэтгүүлчид гадаад руу дүрвэн дайжихаас өөр аргагүйд хүрч байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын сүүлийн таван жилийн дүнг нэгтгэсэн тайлангийн дүгнэлтээс харахад эх орноосоо дүрвэх болсон сэтгүүлчдийн урсгал дэлхий нийтийг бүхэлд нь хамарч байгааг илтгэх аж. Ялангуяа энэхүү мэдээллийг тив бүрээр ангилахад Европ, Хойд Америк руу хамгийн ихээр дүрвэсэн байна.

Энэхүү тойм зураглалд Европ (Украин), Африк (Судан), Ойрх Дорнод (Сири) дахь зэвсэгт мөргөлдөөнийг шүүмжилсэн хараат бус сэтгүүлчдийг хавчин гадуурхах нь эрс нэмэгдсэн бөгөөд үүнээс дүгнэхэд олон улсад өрөнөд байгаа ээдрээтэй нөхцөл байдал, улс төрийн үймээн самуун гол шалтгаан болж байгаа юм.

Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуа  “Манай Тусламжийн алба байгуулагдсан цагаасаа хойш хэзээ ч ийм их завгүй байсангүй. Бид нэг талаар, сэтгүүлчдийг дүрвэн дайжихад хүргэж буй мөрдөлт мөшгөлтийг сөрөн эсэргүүцэх, нөгөө талаар, бусад орноос орогнол хүсэхээс аргагүйд хүрсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад дэмжлэг үзүүлэх гэсэн хоёр зорилго агуулдаг. Бид дүрвэн дайжиж буй хэвлэл мэдээллийн оршин тогтнох баталгааг хангах ёстой бөгөөд үүнд бүх талын, тэр дундаа ардчилсан засгийн газруудын оролцоо шаардлагатай. RSF дүрвэн дайжиж буй сэтгүүлчдэд төрөл бүрийн тусламж үйлчилгээ үзүүлэхийг хичээдэг. Мөн мэдээ, мэдээлэл бэлтгэн түгээх явцад хүндрэл учрах, суртал ухуулгын дайн өрнөх явдал нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болж буй энэ цаг үед улс орныхоо хилээс гадна дүрвэн дайжсан нөлөө бүхий хэвлэл мэдээллийг дэмжихэд чиглэсэн хөдөлгөөн олон улсын хэмжээнд өрнүүлэхийг бид уриалж байна” хэмээн ярьжээ.

2021 оны 8 дугаар сард талибуудад дахин эзлэгдсэн Афганистан, 2021 оны 2 дугаар сард төрийн эргэлт болж, засгийн эрхийг цэргийнхэнд булаалгасан Мьянмар улсаас сэтгүүлчид хэдэн зуугаараа дайжин дүрвэхээс өөр аргагүйд хүрчээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Бээжингийн эрх баригчдын тасралтгүй авч хэрэгжүүлж буй хязгаарлалтын арга хэмжээнээс болж Хонконгийг дор хаяж 100 сэтгүүлч орхин гарсан. Тус улсад үндэсний аюулгүй байдлын тухай хууль батлагдсанаас хойш “Apple Daily” зэрэг хараат бус сонинуудын үйл ажиллагаа зогссон юм. Тус сонины үүсгэн байгуулагч Жимми Лаи өнөөг хүртэл шоронд хоригдож буй арав орчим сэтгүүлчийн нэг юм. Энэ нь ойролцоох Тайваны арал, Их Британи (хуучин колончлогч гүрэн), Хойд Америк руу дүрвэсэн хараат бус сэтгүүлчдэд дохио өгч байна.

 

Эмх замбараагүй голдуу цөллөг

 

Зарим сэтгүүлч далайн чанад руу, АНУ, Канад зэрэг тухайн улсын хэлээр нь ярьдаг эсвэл хамаатан садан нь амьдардаг улс орнуудад орогнож дөнгөдөг. Гэвч гадаад руу дайжин дүрвэж буй ихэнх сэтгүүлчийн хувьд цөллөг нь хоёр үе шаттай үйл явц юм.

Ихэнх сэтгүүлч явах гэж яарч сандрахдаа улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан удаан хугацаагаар оршин суух боломжгүй хөрш зэргэлдээ орнуудаас орогнол хүсдэг. Олон арван афган сэтгүүлч, тэдний гэр бүлийнхэн хөрш зэргэлдээ Пакистаныг дамжин өнгөрөх оронд тооцон, тийшээ дүрвэсэн байна. 2023 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 150-д эрэмбэлэгдсэн Пакистанд амсхийх боломж богино хугацааных байв. Афган сэтгүүлчид Пакистанд амьдрах нь хууль бус болж, тэдэнд виз болон оршин суух зөвшөөрөл олгохоос татгалзаж, бусад орны консулын газарт захиргааны сааталтай тулгараад зогсохгүй ажиллах эрхгүй болсноос үүдэн туйлын хүнд нөхцөлд буй гэр бүлийн гишүүдээ тэжээж чадахгүйд хүрч байна.

Үүний нэгэн адил Турк улс хүмүүнлэгийн тусламжийн үүднээс хилээ нээх үед (Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 165-д эрэмбэлэгдсэн) Сирийн хэдэн арван сэтгүүлчид тус улс руу дүрвэх боломжтой болсон. Тэднийг дүрвэгсдийн хуаранд голдуу байрлуулж байсан ба өдгөө сэтгүүлч болохын хувьд Башар аль-Асадын шоронд хорих буюу цаазаар авах эрсдэлтэйгээр Сири рүү буцаан албадан гаргах аюул дор амьдарч байна. Тайландын олон сэтгүүлч хөрш зэргэлдээ Мьянмар улсаас орогнол хүсдэг бөгөөд тэдний заримыг нь албадан буцаана хэмээн сүрдүүлэн заналхийлж байна. Тус улс нь хамгийн олон сэтгүүлчийг шоронд хорьж буйгаараа Хятад улсын дараа орж байна.

 

Гибрид орнууд

 

Тухайн нэг улс орон заримынх нь орогнох газар болдог бол нөгөө хэсэг хүмүүст аюул учруулдаг. Египет нь (Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 166-д эрэмбэлэгдсэн) дэлхийд хамгийн олон сэтгүүлчийг шоронд хоригч улсын нэг бөгөөд өдгөө 20 сэтгүүлч тэнд хоригдож байна. Үүний зэрэгцээ, дөрөвдүгээр сарын дундуур Суданд цэрэг армийн хоёр бүлэглэл хоорондоо тулалдаж эхэлснээс хойш наад зах нь 40 судан cэтгүүлчид орогнол олгожээ.

Орогнуулж байгаа орны нөхцөл байдал өөрчлөгдөж, аюултай болон хувирч болзошгүй. Үүнийг Украины жишээнээс харж болно. 2020 оны наймдугаар сард Ерөнхийлөгч Лукашенко маргаан дагуулан дахин сонгогдсоны дараа түүнийг огцрохыг шаардсан жагсаалын үеэр тус улс руу дайжсан Беларусийн сэтгүүлчид хоёр жилийн дараа дайны дунд орсон. Мөрдөн мөшгөлтөөс дайжсан Бурундигийн олон сэтгүүлч эхэндээ Руанда улс руу дүрвэсэн боловч тус улсад дарангуйлал нэмэгдсэний улмаас Европ, АНУ-аас орогнол хүсэхээс өөр аргагүй болсон байна. Сэтгүүлчид хаашаа явахаас үл хамааран ажлаа үргэлжлүүлэх аваас аюулд өртсөн хэвээр байна. Руанда улсад байхдаа шүүмжлэл бүхий радио нэвтрүүлэг хөтөлж байсан Бурундигийн сэтгүүлч Флорианна Ирангабие гэр бүлээ эргэхээр нутаг руугаа богино хугацаагаар очих үеэр 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн явдлаас үүнийг харж болно.

Цөллөг нь аюул заналхийллийг таслан зогсооно гэсэн үг биш юм. 2022 оны 9 дүгээр сард курд оюутан Махса Амини цагдаад саатуулагдаад байхдаа амиа алдсаны дараа гарсан томоохон эсэргүүцлийн жагсаал цуглааныг нухчин дарах үеэр нутгаасаа дайжсан Ираны олон сэтгүүлч, ялангуяа Ираны нэлээд хэдэн алдартай хэвлэл мэдээллийн хэрэгсэл байрлаж буй Их Британид дарамт шахалт, заналхийлэлд дахин өртсөн. Тиймээс Ираны олон улсын телевиз Лондон дахь ажлын байруудаа түр хаах шаардлагатай болсон.

Гадаад руу дүрвэх шийдвэр нь хувь хүнээс тэр бүр шалтгаалдаггүй. Никарагуа дахь Даниел Ортегагийн засгийн газрын дарангуйлал нэмэгдсэнээс үүдэн 2022 оны 7 дугаар сард өдөр тутмын хараат бус “Ла Пренса” сонины бүх сэтгүүлч хэдхэн долоо хоногийн дотор эх нутгаасаа дайжсан. Тэдний ихэнх нь хөрш зэргэлдээ Коста Рика руу явсан бөгөөд тэнд нутгаасаа дайжсан хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байрлаж байна. Испани, АНУ ч мөн Венесуэл, Куба, Төв Америкийн олон зуун сэтгүүлчийн орогнох газар болжээ.

2022 он гарснаас хойш RSF-ийн Тусламжийн алба 42 орны сэтгүүлчдэд 363 санхүүгийн буцалтгүй тусламж олгосны 70 хувь нь нутгаасаа дайжсан сэтгүүлчдэд хүрчээ. Түүнчлэн RSF нь эх орноосоо дүрвэн гарсан сэтгүүлчдийн виз, орогнол хүссэн өргөдлийг дэмжиж 400 гаруй албан захидал явуулсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 134, 135 (7119, 7120)