П.АМГАЛАНБАЯР
Номин ногоон тал, сүрлэг өндөр уулс, гол горхины чимээ, сэтгэл уужрам цэвэр агаар гээд байгалийн үзэсгэлэнг нь дурдаад барамгүй уран зураг шиг Арын сайхан хангай нутаг минь үүдээ дэлгэн угтлаа. Дэлгэсэн тэрлэг шиг уудам эх орныхоо нэгэн судас нь болсон Архангай аймаг, гал голомтоо бадраагаад өдгөө 100 жилийнхээ ойг угтаж буй. Төрөлх нутгийнхаа ойг угтан Архангай аймгийн уугуул хэвлэл мэдээллийн байгууллагынхан дөрөө нэгтгэж хүлгийн жолоо залав. Хүчтэн бөхчүүд, түүх дурсгалын өлгий, мал аж ахуй, тэр тусмаа сарлаг, цагаан идээний нутаг хэмээдэг хангай нутагт маань хур бороо, өвс ногоо дэлгэр сайхан зун болж байна.
Хогийн цэгийг “Ногоон төгөл” болгожээ
Архангайн аймгийнхан 100 жилийн ойгоо их бүтээн байгуулалт, амжилтаар угтаж байна. Уг бүтээн байгуулалтын нэг нь аймаг руу ороход угтах “Ногоон төгөл” байв. Найман га талбайг хамарсан хогийн цэгт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж, төрөөс ямар нэгэн төсөв гаргалгүй иргэд, хувийн хэвшил, хамтран бүтээн байгуулалтыг хийжээ. Энэ тухай тус аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Д.Цасчихэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд манай аймаг 2023 онд 39 га талбайд ногоон байгууламж шинээр бий болгосон. Үүний найман га талбайд “Ногоон төгөл”-ийн бүтээн байгуулалтыг хийсэн. Талбайд одоогоор 9000 орчим навчит төрлийн мод, агч, улиас, халиас бургас тарьсан. Модны ургалт 80 хувьтай байна. Төр болон хувийн хэвшлүүд сайн дурын хүрээнд модны арчилгаа, усалгааг хийж байна. Мөн БОАЖГ-ын заавар, зөвлөгөөний дагуу арчлал, услалтыг хариуцаж буй ойжуулагч, манаачтай” гэв. Мөн аймгийн төвөөс 350 орчим гүний худаг гаргаж усалгааны системийг шийдсэнээс гадна хамгаалалтын хашаа барьсан байв. Мөн цаашдаа уг “Ногоон төгөл”-ийн бүтээн байгуулалтын ажлын зураг төслийг гаргаж, усалгааны асуудлыг шийдэж сумдадаа хийхээр төлөвлөж байгаа гэдгийг аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид хэлж байв. Тэрбээр “Эхний ээлжинд аймгийн төвийн хогийн цэгийн бүтээн байгуулалтын ажлыг шийдсэн. Бидний ирээдүйн мөрөөдөл бол Архангай аймаг руу орж ирэхэд хог биш ой угтдаг байх. Ойн цаана хогийн байгууламжаа шийдэх зорилготой ажиллаж байна” гэлээ.
Монголын анхны чингэлгээр хийсэн 4000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн “Ара комплекс
Түүхийн шарласан хуудсыг имрэн суухад Архангай аймагтай холбоотой дурдатгал уртаас урт хөвөрнө. Булган хан уулынхаа өвөрт орших, арын сайхан хангай нутаг авшиг дүүрэн билээ. Төрөлх нутгийнхаа түүхт 100 жилийн ойг угтаж хүн бүр л сэтгэл өндөр, их бүтээн байгуулалтад айлууд хашаа хороогоо янзалж, тордохоос эхлээд эрвийж, дэрвийхээрээ оролцож байна. Ойгоо угтан хийж буй томоохон бүтээн байгуулалтын нэг бол аймгийн төвөөс хоёр км-ийн цаана байгалийн сайханд сүндэрлэсэн нь Монголын анхны чингэлгээр хийсэн 4000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн “АRA Complex”. Тус цэнгэлдэх хүрээлэнгийн нээлт энэ сарын 1-нд болж, зорин очих хүн бүхнийг угтахаар өргөн үүдээ нээлээ.
Ногоон зүлэг дээр хүүхдүүд инээлдэн тоглож, террас дээр тухлан сууж гэр бүл, найз нөхдөөрөө дурсамжаа хуваалцан, амьтны хүрээлэн, циркийн үзүүлбэрийг сонирхон үзэж буй аз жаргалтай дүр зураг биднийг очиход угтлаа. Мөн машины зогсоол эмх цэгцтэйгээс гадна хүртээмжтэй, байгальд ээлтэй, цэвэр усны зарцуулалт бага эко ариун цэврийн байгууламжийг шийдэж чаджээ. Амьтны хүрээлэн, циркийн үзүүлбэр, ретро машины үзвэр, хүүхэд харах цэцэрлэгийн үйлчилгээ, 30 гаруй төрлийн хоол үйлчилгээний газар, хорин төрлийн хүүхдийн тоглоом, гэрэл зургийн үзэсгэлэн, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа гээд нэгэн цогцолборыг бүтээсэн байв. Энэ үеэр аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид “Архангай аймгаар дайран өнгөрч буй жуулчид, аялагчдыг татах, бүх насны хүмүүст хүрсэн үйлчилгээг үзүүлэхээр хувийн хэвшил маань энэ ажлыг зохион байгуулж байгаа. Хэдий нэг хувийн хэвшил үүнийг зохион байгуулж байгаа ч гэсэн Архангай аймгийн бүх хувийн хэвшлүүд “АRA Complex” -д үйл ажиллагаа, бизнесээ явуулах боломж бүрдэж байна. Манай аймгийн хөгжлийн нэг тулгуур бол хөдөө аж ахуй. Тиймээс цаашдаа фермерийн аж ахуй, хөдөө аж ахуйн цогцолбор, малын үзэсгэлэн худалдаа, төрөл бүрийн эвент, арга хэмжээ зохион байгуулахаар “АRA Complex” -ын үйл ажиллагааг эхлүүлсэн” гэлээ.
Харин тус төслийн санаачлагч Н.Өлзийбаяр “Дотоод болон гадаадын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна. Үүнтэй холбоотой аялал жуулчлалын бүтээгдэхүүн буюу гэр бүлээрээ аялал зугаалж байгаа хүмүүс хүүхдүүдээ тоглуулж, цирк үзүүлэх боломжтой үйлчилгээний цогцолбор хэрэгтэй. Гэвч манай улсад энэ нь хангалттай биш. Тиймээс уг бүтээн байгуулалтыг аймгийн 100 жилийн ойг угтан эхлүүлсэн. Бид энэ сард Архангай аймагт 300 гаруй мянган хүн ирэх байх гэж тооцоолсон. Төрөлх нутгийнхаа ойдоо зорин ирж байгаа зочид, жуулчдад зориулж бүтээн байгуулж буй бидний хамгийн том бэлэг бол “АRA Complex” гэв. “АRA Complex” -ын бүтээн байгуулалтын ажил хоёр сар гаруй хугацаанд үргэлжилсэн бөгөөд төрөөс санхүүжилт аваагүй байна.
Архангай аймгийн түүхт 100 жилийн ойн баяр энэ сарын 26, 27, 28 –нд тохионо. Харин энэ сарыг дуустал “АRA Complex” цэнгэлдэх хүрээлэн өдөр бүр содон сонирхолтой үзүүлбэр, үйлчилгээний цогц шийдлээр таныг угтах юм. Тиймээс та бүхэн гэр бүл, найз нөхөдтэйгээ байгалийн сайханд хэзээ ч мартагдашгүй амьдралынхаа нэгэн дурсамжийг бүтээгээрэй.
“Архангай аймаг -100” жил сэдэвт блок марк 1111 хувь хэвлэгдлээ
“АRA Complex”-ын нээлтийн үеэр олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулсаны нэг нь Архангай аймгийн 100 жилийн ойд зориулсан “Архангай аймаг -100” жил сэдэвт блок маркийг танилцуулсан юм. Маркт Архангай аймгийн сүлд, чимэглэлт хэсэгт 100 жилийн ойн лого, Монгол Улсын Төрийн тахилгат Суварга хайрхан уул, Тэрхийн цагаан нуур, Хорго, Булган уул, Монголын улаан номд орсон хүдэр, Хүннүгийн язгууртны морины гоёл Бэлгэт гөрөөс, нутгийн захиргааны ордон, ахуй байдлыг монгол зургийн аргаар дүрслэн харуулсан байна. Энэ үеэр Архангай аймгийн шуудан үйлчилгээний дарга н.Нямдорж “Маркийг зохиоход аймгийн ЗДТГ, аймгийн Шуудан үйлчилгээний газар, МУИС-ийн Биологийн тэнхмийн багш доктор, профессор С.Гомбобаатар, Д.Суран нар зөвлөгөө өгч ажилласан. Маркийн дүрс агуулгын хувьд байгаль эх дэлхий, ан амьтан, түүхийн гол дурсгалт бодь гөрөөсийг шигтгэж өгсөн. Архангай аймаг байгаль, аялал жуулчлалаараа алдартай. Үүнтэй холбогдуулан байгаль эх дэлхийгээ сурталчилж, аялал жуулчлалын өлгий нутаг гэдгийг харуулахыг зорьсон” гэв. Маркийг 30х30 хэмжээтэйгээр 20000 ширхгийг, дугтуйг нийт 1111 ширхгийг хэвлэсэн бөгөөд Монгол шуудангийн бүх салбараар худалдаалж байна.Ийнхүү арын сайхан хангай нутгийн онцлогийг тодотгосон шуудангийн марк, дугтуй сэтгэлийн үгтэй зурвасаар дамжин орон зайд түүчээлэх нь ээ.
Орон нутгийн бүтээн байгуулалтын түүчээ 300 ортой “Нэгдсэн эмнэлэг”, “Усан спортын төв”
Архангай аймагт олон бүтээн байгуулалт амжилттай өрнөж байна. Үүний нэг бол эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй 300 ортой нэгдсэн эмнэлэг. Энэ тухай Архангай аймгийн ЭМГ-ын дарга Р.Гандиймаа “Архангай аймаг хүн амын өвчлөл нас баралтын гол шалтгаан зүрх судас, хавдар голчилж байна. Тиймээс шинэ эмнэлэг ашиглалтад орохоор хавдрын бие даасан тасаг байгуулах, аймагтаа хавдрын мэс заслын эмчилгээг хийдэг болохоор ажиллаж байна. Одоо хавдрын хими эмчилгээг орон нутагтаа хийж байгаа. Үүнийгээ илүү өргөтгөж, уг өвчлөлөөр нийслэл рүү өвчтөн шилжүүлэхгүй байх зорилт тавин ажиллаж байна. Түүнчлэн хуучин Нэгдсэн эмнэлгээ сувилагч бэлтгэх сургууль болгохоор ажиллаж байгаа аж.
Архангай аймгийн томоохон бүтээн байгуулалт болж сүндэрлэн үйл ажиллагаа явуулж байгаа. Хүүхэд, залуучуудын соёл, үйлчилгээний цогцолбор, усан спортын төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ нь хөдөө орон орон нутагт түүчээ болсон бүтээн байгуулалт болж чадсан юм. Тус усан спортын төвийн барилгын ажил 2013 онд эхэлж, энэ жил нээлтээ хийсэн. Хүүхэд, залуучуудын бие бялдрыг чийрэгжүүлэх, бялдаржуулах, усан спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой энэ төвийг аймгийн Биеийн тамир, спортын газар хариуцан ажиллуулж байна. Мөн тус усан спортын төв ашиглалтад орсноор 12 хүнийг ажлын байраар хангажээ. Түүнчлэн бассейнаас гадна фитнес, зумба, бүжиг, кафегаар үйлчлэх танхимууд ажиллаж байна. Мөн Архангай аймагт “Спорт цогцолбор” сургууль үйл ажиллагаа амжилттай явуулж буй. Ийнхүү ойгоо угтаж буй түүх соёл, байгалийн үзэсгэлэн хосолсон Арын сайхан Хангай нутгийн тухай товчхон түүх дурдъя.
Тухай товчхон түүх дурдъя. Архангай аймаг нь ХVII зуунд байгуулагдсан Халхын ууган дөрвөн аймгийн нэг “Сайн ноён хан” аймаг нэртэй 200 гаруй жил болжээ. Ардын засгийн газрын тогтоол шийдвэрээр 1923 онд Цэцэрлэг Мандал уулын нэртэй аймаг болж, хорин таван хошуу, тамгатай хутагтын шавь найм, отог дөрөвтэй болсон түүхтэй. 1931 оны Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид ба Засгийн газраас тогтоолоор байгуулсан 13 аймгийн нэг юм. 2022 оны байдлаар 93,149 хүн амтай, засаг захиргааны хувьд 19 сум, 99 багтай. Булган, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл аймагтай хил залгадаг. Архангай аймаг нь Хангайн болон Тарвагатайн нуруунаас эх авсан Орхон, Хануй, Тамир, Чулуут зэрэг томоохон гол, Өгий, Тэрхийн цагаан нуур, Хорго уул, Тайхар чулуу гэсэн байгалийн өвөрмөц тогтоц бүхий 55,3 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутагтай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 134, 135 (7119, 7120)