Б.Нямсүрэн
Академич Б.Авид, доктор, профессор А.Даваасүрэн, Ц.Баатар нарын эрдэмтэн судлаачдын бүтээсэн “Дижитал эдийн засаг” номыг ШУА-ийн санхүүжилтээр 2021-2022 онд хэрэгжүүлсэн “Дижитал буюу тоон эдийн засгийн шилжилт ба Аж үйлдвэрийн хувьсгал” грант төслийн үр дүнд хамтран гаргалаа. Номын нээлт дээр ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Чулуунбаатар мэдээлж, Монгол Улсын болон Монголын шинжлэх ухааны хөгжлийн эрхэм чухал асуудлыг судлан боловсруулсан, ач холбогдол өндөр нэгэн бүтээл уншигчдын гарт очиж байгааг дуулгасан юм.

Дэлхийн аж үйлдвэрийн IV хувьсгалын угтвар нөхцөл нь дижитал эдийн засгийн шилжилт болсон. Тэр дундаа цахим технологи, хиймэл оюун ухаан дээр суурилан тулгуурлаж байна. Энэ хооронд буюу XXI зууны эхний 10 дахь жилээс эхлэн хүн төрөлхтний оршин тогтнол, цаг хугацааны хэмжүүр эрс өөрчлөгдөж цоо шинэ кибер орон зай, хиймэл оюун ухаан, 5G сүлжээнд суурилсан юмсын интернэт, их өгөгдөл, ухаалаг хэрэглээ, нийгмийн сүлжээ зэрэг хэллэг, ойлголт, нэр томьёонууд гарч ирж хэрэглээнд нэвтэрсэн. Эдгээрийн мөн чанар, цар хүрээ, ач холбогдол, чиг хандлага, сөрөг үр дагавар бүхий нөлөөллийг ШУА-иас гаргасан “Дижитал эдийн засаг” номд тусгажээ. Номын нээлтэд Монгол Улсын төрийн тэргүүн зэргийн шагналт “Чингис хаан” одонт, академич Д.Доржготов, Ардын багш Д.Дорж нарын эрдэмтэн судлаачид, ЭЗХЯ, ЦХХХЯ-ны удирдлага, төлөөлөл оролцсон юм.

Эх сурвалж: Zms.mn