Б.НАНДИН

 

Дэлхийн 31 орныг эгнээндээ нэгтгэсэн томоохон холбоо НАТО-гийн тэргүүнийг солих тухай яриа өрнөж байсан ч гишүүн орны удирдагчид зөвшилцөлд хүрч чадаагүй. Тиймээс одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенбэргийн ажиллах хугацааг нэг жилээр сунгахаар болжээ. Ирэх долоо хоногт Литвийн нийслэлд болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаас өмнө залгамжлагчийн нэрийг зарлахад санал нэгдэж чадаагүй учир С.Женсийг хэвээр үлдээсэн нь илүү дээр сонголт болно гэж ихэнх улс орон үзсэн байна.

2014 оноос хойш ажиллаж буй Женс Столтенбэргийг өөрчлөх тохиромжтой цаг хугацаа энэ оныг хэмээн зарим ажиглагчид үзэж байсан. Мөн хэд хэдэн нэр дэвшигчид яригдаж байсны дотор эмэгтэй тэргүүнтэй болох тухай яриа ч дуулдаж байв.

Норвегийн Ерөнхий сайд асан Женс Столтенберг нь дэлхий дахинаа тулгараад байгаа өнөөгийн ээдрээтэй цаг үед мэргэшсэн удирдагч хэмээн үнэлэгддэг. Тэрбээр 2014 оноос хойш өнөөгийн албан тушаалаа хашиж байгаа бөгөөд гурван удаа сонгогдсон юм.

ОХУ, Украйны асуудал дайны хэмжээнд хүрсэн энэ цаг үед НАТО-гийн гишүүн 31 улс орны удирдагчид дуу нэгтэйгээр энэхүү шийдвэрт санал нэгдсэн хэмээн мэдэгджээ. Ингэснээр Женс Столтенберг ирэх оны аравдугаар сарын 1-нийг хүртэл НАТО-г тэргүүлсэн хэвээр байх юм.

Тэрбээр дээрх шийдвэрийг талархалтайгаар хүлээж авснаа Твиттерт жиргэсэн байна. Мөн “Европ болон Хойд Америкийг холбож, Атлантын далайг дамнан 75 жилийн турш эрх чөлөө, аюулгүй байдлыг баталгаажуулж ирсэн НАТО-гийн өмнө урьд өмнөхөөс ч илүү аюултай бөгөөд хариуцлагатай цаг үе ирээд байгаа” хэмээн хэлжээ.

Дипломат болон олон улсын шинжээчид түүнийг НАТО болон бусад улс орнуудын хоорондын харилцааг маш тэнцвэртэй сайн хангаж, өнөөгийн нөхцөлд Украины асуудалд томоохон дэмжлэг үзүүлж улс орнуудын эв нэгдлийг хангаж байгаа хэмээн үнэлсээр байгаа.

Түүний өмнө тулгараад байгаа өөр нэг асуудал бол НАТО-г Азид хэрхэн оролцоотой байх талаар санал зөрөлдөөнийг зохицуулах шаардлага юм. Учир нь АНУ-ын зүгээс Хятадтай тэмцэхэд НАТО-гийн зүгээс илүү их үүрэг гүйцэтгэх шаардлагатай хэмээн үзсээр байгаа. Харин БНФУ-ын зүгээс НАТО Ази руу гэхээс илүүтэй Атлантын хойгт ач холбогдол өгөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 133 (7118)