П.АМГАЛАН

Архангай аймгийн түүхт 100 жилийн ойг  тохиолдуулан аймгийн ЗДТГ-аас “Монгол шуудан” ХК-тай хамтран “Архангай аймаг-100 жил” марк болон дугтуйг хэвлэлтэд гаргалаа. Маркийн нээлтийг энэ сарын 1-нд Архангай аймагт зохион байгуулсан юм. Түүнчлэн маркийг 30х30 хэмжээтэйгээр 20000 ширхэгийг, дугтуйг нийт 1111 ширхэгийг хэвлэсэн бөгөөд маркийг 3000 төгрөгөөр, дугтуйг 8000 төгрөгөөр Монгол шуудангийн бүх салбараар худалдаалж байна.  “Архангай аймаг 100 жил” сэдэвт блок маркт Архангайн аймгийн сүлд, чимэглэл хэсэгт 100 жилийн лого, Монгол Улсын Төрийн тахилгат Суварга хайрхан уул, Тэрхийн цагаан нуур, Хорго, Булган уул, Монголын улаан номд орсон хүдэр, Хүннүгийн язгууртны морины гоёл Бэлгэт гөрөөс, нутгийн захиргааны ордон, ахуй байдлыг монгол зургийн аргаар дүрслэн харуулсан байна.  “Архангай аймаг-100 жил” марк, дугтуйны зургийг зураач Б.Баярхүү зуржээ. Маркийг зохиоход аймгийн ЗДТГ, аймгийн Шуудан үйлчилгээний газар, МУИС-ийн Биологийн тэнхимийн багш доктор, профессор С.Гомбобаатар, Д.Суран нар зөвлөгөө өгч ажилласан байна.

Эх сурвалж:www.polit.mn