Н.ЖАРГАЛМАА

АНУ-ын Сангийн сайд энэ сарын 6-9-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилж төрийн өндөр дээд албан тушаалтнуудтай өргөн хүрээний уулзалтууд хийхээр төлөвлөжээ. Уулзалтад оролцох хүмүүсийн нэрс одоогоор тодорхойгүй байгаа ч БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч Хэ Линтэй уулзах төлөвтэй байгаа хэмээн албаныхан мэдээллээ.

Жанет Йеллены урт хугацааны дараах энэхүү айлчлалыг дэлхийн хоёр том эдийн засагтай улс хоорондын харилцаа холбоог гүнзгийрүүлэх, тогтворжуулах, санал зөрөлдөөний үед гарах эрсдлийг бууруулах зорилготой хэмээж байна.

Өмнө нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Бээжинд айлчилж Ши Жиньпинтэй хийсэн уулзалтаар харилцаагаа тогтворжуулан, хоёр улсын хоорондох өрсөлдөөнийг намжаах зэрэг хэлэлцээрийг хийсэн билээ. Энэ үеэр хоёр тал “Бид эдийн засгийн харилцааг зогсоохыг хүсдэггүй. Худалдаа, хөрөнгө оруулалтыг бүрэн зогсоох нь манай орон хийгээд дэлхийн эдийн засгийг тогтворгүй болгох эрсдэлтэй” гэж мэдэгдэж байсан юм.

БНХАУ- ын “Үндэсний аюулгүй байдал, Тагнуулын тухай хууль” болоод Хятадын эрх баригчдын тагнуулын үйл ажиллагаанд хандуулж буй шинэ үзэл баримтлал болон түүний хэрэгжилтэд АНУ болон барууны улс орнууд ихээхэн анхаарал хандуулж буй.

Эх сурвалж: www.polit.mn