Доржийн ОЮУНЧИМЭГ

 

Ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн экспортыг дэмжих 20 дахь удаагийн чуулга уулзалт Шангри-ла зочид буудалд болов. “Худалдааг ногоон, дижитал, органик болгон төрөлжүүлэх” талаар хэлэлцсэн юм. Дэлхийн цахим худалдаа өнгөрсөн оны байдлаар 352 сая ам.долларт хүрч, нийт худалдааны салбарын 24 хувьтай тэнцэж байгаа бөгөөд 2027 гэхэд бараг хоёр дахин нэмэгдэж, 600 сая ам.доллар давах төлөвтэй байгааг чуулганд оролцсон илтгэгчид онцолж байлаа. Цахим, хүртээмжтэй худалдааг хөгжүүлэхэд улс орнууд худалдааны зураглалаа гаргах, дата баазыг бэхжүүлэх шаардлагатай аж. Хиймэл оюун ухаан, интернэт, блокчейн болон бусад технологийн ахиц дэвшил худалдааны арга хэлбэр, бүтцийг өөрчилж, өөрийн өртгийг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлсээр байгаа. Худалдааны өртгийг бууруулах замаар эдгээр технологи 2030 он хүртэл дэлхийн худалдааг жилд хоёр нэгжээр өсгөнө хэмээн хэмээн Дэлхийн худалдааны байгууллагын тайланд дурдсан байдаг. Технологийн дэвшлээр худалдааны өөрийн өртөг багасах нь жижиг компани, аж ахуйн нэгж, хөгжиж буй орнуудын компаниудад илүү ашигтай. Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтний оршин тогтнохуйн аюулгүй байдалд хүчтэй нөлөөлж, дэлхий нийт үүнд онцгой анхаарал хандуулан хичээж байгаа ч өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл эрчимжсээр байгааг чуулганы төлөөлөгчид хэлж байна.

Стратегийн дахин глобальчлал гэсэн шинэ нэр томъёо бүхий ухагдахуун гарч ирж байгаа талаар ярилцсан юм. Энэ нь өмнө нь дэлхийг тойрон хийдэг байсан уламжлалт худалдааг тээвэр-логистикийн жижигрүүлсэн эко систем болгож буй талаар хэлэлцэв. Өөрөөр хэлбэл, ойр орчмын бүс нутгийн орнуудтай худалдааг эрчимтэй хийх шинэ өөрчлөлт гэдгийг Сенегал улсын “Gainde 2000” компанийн гүйцэтгэх захирал Ибрахима Нур Эддин Диагнэ тодотгосон юм. Түүнчлэн тулгарч буй хямралыг амар хялбар замаар даван туулах зарчмын талаар мөн ярилцав. Тухайлбал, Монгол Улс хоёр их гүрний дунд оршдог. Тиймээс тээвэр-ложистик болон худалдааны сүлжээгээ эрчимжүүлж чадвал боломж байгааг онцолсон.

Чуулга уулзалтаар 20 орчим компани хамтран ажиллахаар болж, 4.5 сая ам.долларын яриа хэлцэл хийжээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Худалдаа, хөрөнгө оруулалтыг ногоон, цахим, органик байдлаар төрөлжүүлэх, бичил, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн уялдаа холбоог сайжруулах олон уулзалт болж, аж ахуйн нэгжүүд 4.5 сая ам.долларын үнийн дүн бүхий яриа хэлцэл хийн, 20 орчим компани, аж ахуйн нэгж цаашид хамтран ажиллахаар боллоо” гэв. Ногоон эдийн засаг, худалдаа, экспортыг дэмжих, жижиг, дунд бизнес эрхлэгчид тэр дундаа эмэгтэйчүүд, залуучуудад таатай орчныг бүрдүүлэх боломжийг хэлэлцэв. Түүнчлэн цахим шийдлүүдийг санал болгох, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ зах зээл, шинэ боломжийн талаар ярилцлаа.

Худалдааны ханган нийлүүлэлтийг оновчтой болгоход хиймэл оюун ухааныг ашиглаж байна. Энэ талаар чуулганы зочдын нэг, АНУ-ын Береклийн их сургуулийн олон улсын компьютерийн шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор Де Кай хөгжингүй орнуудын жижиг, дунд үйлдвэрлэлд хиймэл оюун ухааныг ямар түвшинд, хэрхэн ашиглах талаар “Хиймэл оюун ухааны салбар их олон төрлөөр хөгжиж байна. Одоогоор өгөгдлийн шинжилгээний салбарт илүү өргөн хүрээнд ашиглаж байгаа. Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг ямар төрлийн хэрэглэгч хамгийн их сонирхож буйг гаргаж байна. Мөн худалдааны сурталчилгаа ямар төрлийн хэрэглэгчдэд хүрч байг тодорхойлж байгаа. Түүнчлэн ханган нийлүүлэлтийн сүлжээнд ашиглаж байна. Ингэхдээ хэрэглэгч нартайгаа харилцан ярилцаж, худалдан авагчийн асуултад шууд хариулж, зөвлөгөө өгөн, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл өгөхөд ашигладаг” гэсэн юм. Тэрбээр, хиймэл оюун ухааныг материал бүтээхэд хэрэглэхийн сацуу хязгааргүй байдлаар ашиглах боломж гарч ирсэн тухай хэлэв.

Өмнө нь маркетингийн бүтээгдэхүүн гаргахад цаг зав орж, зардал, ажиллагаа шаарддаг байсан. Харин одоо тэдгээрийг орлон халж, хиймэл оюун ухааны тусламжтайгаар нарийн, оновчтой зураглалыг богино хугацаанд бүтээх боломжтой болсон ажээ. Мөн арилжаа хийхдээ хиймэл оюун ухааныг орчуулгын байдлаар ашиглах платформ бүтээж болохыг ч чуулганы оролцогчид тодотгож байв. Өөрөөр хэлбэл, ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээг оновчтой болгоход олон улсад хиймэл оюун ухааныг ашиглаж байгаа аж. Үүнийг “Алибаба” компани өргөнөөр ашиглаж нийлүүлэлтийн сүлжээгээ сайжруулж буй талаар ч ярилцав.

Ямартай ч дэлхийн худалдааны систем онлайнаар тэр дундаа хиймэл оюун ухаанд тулгуурласан байдлаар хүрээгээ тэлж хөгжих боломж байгааг “Дэлхийн экспортыг дэмжих чуулган”-ы оролцогчид хэлж байна. Бизнесийн аль ч түвшинд борлуулалт бусад дэмжлэгээс илүү хөшүүрэг гэдэг. Тиймээс дэлхийтэй хөл нийлүүлэн алхах дотооддын үйлдвэрлэгчид борлуулалтын сүлжээгээ хиймэл оюун ухаанд суурилан бүтээх боломжийг ч эрэлхийлэх цаг иржээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 131 (7116)