П.АМГАЛАНБАЯР
Хэдэн арван жилийн тэртээх гэрэл зургууд ширээн дээр дэлгээстэй байв. Зураг бүрийн түүхийг сөхөн ярихад яг л тэр агшинд очсон мэт дурсамж хөвөрнө. Ийм нэгэн амьдралын арвин түүхтэй, эх орныхоо оюун санааны сэтгэлгээнд томоохон хувь нэмэр оруулж, өөрчлөлтийн салхийг сэвэлзүүлсэн нэгэн эрхмийг “Зууны мэдээ” сонин нийтлэлийн баатраараа онцолсон юм. Энэ хүн бол алсын цэнхэр хязгаар Ховд аймагт 1979 онд анхны Багшийн их сургууль байгуулагдахад захирлаар томилогдон, ажилласан Гавьяат багш, доктор, профессор Н.Жадамба хэмээх эрхэм. Амьдралын замнал, дурсамжууд хуудсыг нь сөхөх бүрийд илүү их шимтэн унших бодолд хөтөлдөг ном мэт гүн аж. Хийж бүтээсэн зүйлтэй, математик хэмээх бүх шинжлэх ухааны хаан гэгддэг энэ том салбарын түүчээ болсон эрхэм багштай ярилцхад хэлэх үг бүр нь эрдэнийн чулуу мэт үнэтэй санагдана.
Тэрбээр 1969 оноос хойш боловсролын байгууллагад зүрх сэтгэлээ зориулж яваа нэгэн. Ийнхүү нийтлэлийн баатрынхаа амьдрал хэмээх номын хуудсыг сөхөж, түүхэн цаг хугацаагаар хамтдаа аялъя. Өдгөө тэрбээр 79 насны босгыг алхаж буй.
Малчин удмаас төрсөн математикийн багш
Нийтлэлийн баатар маань Завхан аймгийн уугуул. Түүний аав, ээж нь Завхан аймгийн Баянхайрхан сумынх бөгөөд нутаг усандаа хүндлэгдсэн ажилсаг, хичээнгүй малчин хүмүүс байжээ. Аав Х.Ням нь 1940 онд МАХН-ын X Их хуралд орон нутгаасаа сонгогдож оролцсон байна. 1951 онд Монгол Улсад анхны УИХ-ын сонгууль болоход ээж нь анхны депутатаар сонгогдож байсан тухай дурсан ярьсан юм. Тэрбээр "Би өөрийгөө малчин удмаас төрсөн математикийн багш" гэж товчхон томъёолсноор яриагаа эхлэв.
Н.Жадамба Завхан аймгийн Тосонцэнгэлд арван жилийн сургуульд суралцаж, эрдмийн их гараагаа эхлүүлсэн байна. Математикийн хичээлдээ дуртай, тэр үеийнхээ сурах бичгүүдийн тоог бодоод дуусгачихдаг сурагч байжээ. Энэ үеэс л энэ чиглэлээр ирээдүйгээ төсөөлж, математикийн багш болох дэврүүн хүсэл мөрөөдөлтэй болсон юм хэмээн их шинжлэх ухаантай холбогдсон дурсамжаа дэлгэсэн юм.
Манай нийтлэлийн баатар хүүхэд байхаасаа манлайлагч олон зүйлд анхдагч хүн байсан гэдэг нь түүний ярих дурсамжаас илт. Үүнтэй холбоотой нэгэн жишээ сөхөн бичье. Н.Жадамбыг аравдугаар ангид суралцаж байхад нь олон улсын математикийн олимпиадад бэлтгэхээр Улаанбаатар хот руу явуулсан байна. Энэ үед олон улсын олимпиадад оролцуулахаар 20 гаруй хүүхдийг бэлтгэсэн түүхтэй. Хүүхдүүдэд УБИС-ийн багш нар хичээл зааж, явцад шалгалт аван, тэр дундаас найман хүүхдийг олон улсын олимпиадад эх орноо төлөөлөн оролцуулахаар шалгаруулсан байна. Түүний нэг нь манай нийтлэлийн баатар Н.Жадамба. Ийнхүү Москвад математикийн олон улсын зургадугаар олимпиадад оролцсон нь манай улсын хувьд анхны түүхэн үйл явдал байжээ. Олон улсын олимпиадад оролцсон эдгээр найман хүүхэд хүссэн сургуульдаа элсэх боломж бүрдсэн байна. Ингээд Москвагийн Их сургуулийн математикийн ангид орох хүсэлтэй байсан ч хуваарь байгаагүй учир МУИС-ийн математикийн багшийн ангид оржээ.
Энэ үеэс түүний амьдралын хуудас арвин түүх, дурсамжаар хөглөгдөн бичигдэж эхэлжээ. Тэрбээр энэ тухайгаа “МУИС-д элсэн ороход математикийн гүн ухааныг илүү судалж мэдэхэд эрдэмтэнтэй сайн багш нар маань их буян болсон. Үүн дотроос нэг хүнийг онцлоход магадлалын онол математикийн статистикийн талаар зааж сургасан эрхэм бол Ардын багш н.Шагдар. Багш маань хараагүй болсныхоо дараа бүх бүтээлээ хийсэн байдаг. Мөн Ардын багш болсон. Багш маань нэг удаа “Би хараагүй болсноос хойш математик хэмээх аугаа шинжлэх ухааныг илүү гүн ойлгосон” гэж хэлж байсан удаатай. Багш маань намайг чиглүүлж дипломын ажлыг удирдан амжилттай төгсгөж их, сургуулийнхаа математикийн багшаар ажиллаж эхэлсэн” гэлээ. Ардын багш Шагдараас эхлүүлээд математикийн шинжлэх ухаанд нэвтэрсэн аугаа хүмүүсээс номын дуу сонссон нь түүнийг ирээдүйд салбартаа тод гялалзах зам мөрийн жимийг татсан нь гарцаагүй. Тийм ч учраас манай нийтлэлийн баатар Н.Жадамба энэ л гэгээн замналаар маш олон багш, эрдэмтдийг төрүүлж, амьдралыг замыг нь чиглүүлж, боловсролын байгууллагад үнэлж барамгүй хувь нэмэр оруулсан юм. Ийнхүү тэрбээр МУИС-д таван жил сурч төгсөөд сургуульдаа математикийн багшаар ажилласан байна. Их сургуулийнхаа босгыг алхаж, амьдралд хөл тавьсан шинэхэн багшийн дурсамж энэ үеэс бичигдэж эхэлжээ.
Оюутнуудаа салбар салбартаа тэргүүлэгч, эрдэмтэд, манлайлагч болсонд баярлаж явдаг
Шинэхэн багш маань сангийн аж ахуй руу зуны ажилд дайчлагдаж есдүгээр сарын 1-нд хичээл заах ангийнх нь хуваарь гарсан байна. Тэр үед одооны ШУТИС, МУИС-ийн харьяа байжээ. Тус сургуулийн холбоо, цахилгаан, дулаан, авто гэсэн ангийн 100-гаад оюутанд математикийн хичээл зааж, түүний багшийн гараа эхэлжээ. Багш хүний хамгийн том бахархал нь шавь байдаг гэдэг. Түүний анхны хичээл зааж байсан оюутнууд салбар салбартаа тэргүүлэгч, эрдэмтэд, манлайлагч болсонд баярлаж явдагаа багш нь дурсан ярьсан юм. Анхны хичээл зааж байсан шавь нараас нь дурдвал Удирдлагын академийн багш, сонгуулийн хорооны дарга, намын дарга байсан н.Ядамсүрэн, УИХ-ын гишүүн БШУЯ-ны дэд сайд байсан Эрдэнэсүрэн, утга зохиол шүүмжлэл судлалын Л.Галбаатар, С.Энхбаяр , сэтгэлзүйн шинжлэх ухааны О.Мягмар, Хөвсгөл аймгийн Д.Эрдэнэчулуун, Д.Доржжав, Ч. Санжмятав, туульс судлалын Б.Кату, хэл шинжлэлийн Д.Бадамдорж, Д.Баттогтох, гавьяат багш Бямбажаргал гээд урт цуваа хөвөрнө. Ингээд бодохоор багш мэргэжлийн үнэ цэн гэдэг үнэхээр аугаа аж. Сайн багшаас суралцан, боловсрол эзэмшсэн шавь нар эх орныхоо хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож, оюун ухаанаа уралдуулан явна.
Түүний амьдрал хэмээх номны хуудсанд тод бичигдэн үлдсэн, Монгол Улсад анхны гэх тодотголтой бас нэг үйл явдал бол аспирантурын шалгалт өгч Чехэд дөрвөн жил математикийн чиглэлээр суралцсан үе. Тэр үед ОХУ-аас өөр улсад аспирантурын шалгалт авдаггүй байжээ. Уг шалгалтыг 1973 онд Герман, Чех авч эхэлсэн байна. Ийнхүү тус оны есдүгээр сард анх удаа Чехэд суралцахаар очсон Монголын анхны зургаан хүний нэг нь манай нийтлэлийн баатар Н.Жадамба юм.
“Завхан аймгийн гаралтай боловч намайг Ховдын Жадамба л гэдэг юм”
Энэ үед Ховд аймагт анхны Багшийн их сургууль байгуулагдах үндэс суурь нь тавигдаж байсан үе. Н.Жадамбыг Чехэд төгсөж ирсний дараа дөнгөж галаа асааж, өрхөө татаж буй Ховд их сургуулийн багшаар томилсон түүхтэй. Ийнхүү алс баруун хязгаар Ховд нутгаас түүний амьдралын гэгээн дурсамж хөвөрнө. Тэрбээр энэ тухайгаа “1970-аад оны сүүлд бараг бүх суманд найм, арван жилийн сургууль байгуулагдаж байсан. Энэ үед ялангуяа баруун аймгуудад дээд мэргэжлийн багшлах боловсон хүчин дутагдалтай байв. 1942 онд МУИС ЗХУ-ын бүх талын дэмжлэгээр байгуулагдаж байсан. Харин 1970-аад оны сүүл гэхэд манай улс өөрөө бие дааж орон нутагтаа дээд сургууль байгуулах нөхцөл бүрдсэн. Нийгмийн хэрэгцээ, багш нар дутагдалтай байсан тэр үед орон нутагт багш бэлтгэдэг дээд сургууль байгуулъя гэсэн шийдвэрийг 1978 онд гарсан юм. Энэ шийдвэр гарсны дараа чухам аль аймагт дээд сургууль байгуулах вэ гэдэгт судалгаа, ярилцлага, хэлэлцүүлэг хийсэн. Ингээд л Ховд аймагт энэ сургуулийг байгуулах нь зүйтэй юм гэсэн шийдвэр гарсан байдаг. Бүх зүйл анхнаасаа эхэлж байсан учраас юуны өмнө багшлах боловсон хүчнээ бүрдүүлэх, мөн сургалтын лаборатори, кабинет, номын сангийн эхлэлийг тавих гээд захирлаар томилогдсоны дараа ажил ар араасаа эхэлж байлаа. Гэхдээ хамгийн эхэнд багш боловсон хүчний асуудлаа шийдсэн юм. Ингэхдээ гадаадын их дээд сургуулийг амжилттай төгссөн хүмүүсийн дотроос, мөн бусад их дээд сургууль, ШУА, хөдөө орон нутагт ажиллаж байгаа шилдэг сайн багш нарыг судалж, багаа бүрдүүлсэн. Анхны хичээлийн жилээ 13 багш, 10-аад ажилтантай эхлүүлж байлаа. Ховдын багшийн дээд сургуулийн багш нар, ажилчид сэтгэл, гар нийлсэн эвсэг хамт олон байж. Бүгд л орон нутагт анхны дээд сургуулийн багш гэсэн хариуцлагатай ажилд мөр зэрэгцэн ажлын гараагаа эхлүүлж байгаа учраас бүх талаараа хариуцлагатай, сайн байх ёстой гэсэн сэтгэлгээтэй байлаа. Сургуулийнхаа үе үеийн багш нар, ажилчид, оюутан, нутгийн иргэдтэй байнга холбоотой байдаг" гэж дурсав.
Ийнхүү сайн судалгаа хийсний үндсэн дээр гадаадын их сургуулийг төгссөн шилдэг залуу багш нараар багаа бүрдүүлж чадсан нь Н.Жадамба багшийн оновчтой алсын хараа байжээ. Ийнхүү сургуулийнхаа эхлэл суурийг ганхашгүй бат бөх тавьж чадсан учраас олон залуусыг амьдралд хөтөлж, эрдэмтэн, багш нарыг бэлтгэдэг эрдмийн өргөө болж чадсан юм. Тэрбээр “Би багш болсноорооо хоёр зүйлд бахархдаг юм. Ховд аймагт томилогдон очиж, орон нутгийн нөхцлийн дагуу бүх ажилд оролцсноороо ертөнцийг илүү уудмаар харж эхэлсэн. Энэ нь тухайн хүн аливаа үйл ажиллагаанд өөрөө оролцож байж юмны учрыг олж хөгждөг гэдгийн баталгаа. Хоёрдугаарт, сургуулийн багш нар маань хурдан хугацаанд хөгжиж, эрдмийн зэрэг хамгаалаад салбар, салбартаа тэргүүлсэн эрдэмтэд болсонд үнэхээр баярлаж байна. Би чинь Завхан аймгийн гаралтай боловч намайг Ховдын Жадамба л гэдэг юм. Ажил, амьдралын минь ихэнх цаг хугацаа энэ газар өнгөрсөн болохоор арга ч үгүй биз. Энэ ч гэсэн миний багш болсон бахархал шүү дээ. Залуу багш нар маань өнөөдөр салбар салбартаа танигдсан, дорвитой бүтээл туурвисан нэрт эрдэмтэн болоод явж буйгаар бахархаж байна. Ховдын их сургуулийг төгссөн оюутнууд шижигнэсэн боловсон хүчин болж их сургуулиа төгсөж байлаа. Энэ нь чадварлаг сайн багш нар зүрх сэтгэлээ зориулж, оюутнуудад мэдлэгээсээ хуваалцаж буй нь сайн багш нар бэлтгэхийн үндэс байсан болов уу. Онцолж хэлэхэд яамны хамгийн чухал бодлогын газрын дарга П.Оюун, БЕГ-ын дарга Т.Ням-Очир гээд урт хөвөрнө” гэсэн юм.
Анх Ховд их сургууль үйл ажиллагаагаа эхлүүлэхэд хичээл, оюутны байрын зураг төсөл нь гарч дөнгөж бүтээн байгуулалтын суурийн ажил нь эхэлж байжээ. Ховд аймаг олон жил дунд сургууль, Багшийн техникум, дараа нь Ховд аймгийн найман жилийн дунд сургууль хичээллэж байсан учраас өмнө байсан хоёр байшинд засвар хийж анхны хичээлээ эхлүүлсэн түүхтэй. Тус сургууль хичээлийнхээ эхний жил Ховд, Баян-Өлгий, Завхан, Увс, Говь-Алтай гэсэн баруун таван аймгаас 110 оюутан элсүүлэх төлөвлөгөө гаргажээ. Үүндээ ч хүрч эхний зургаан сар гэхэд 110 оюутан элсүүлж, физик математик, түүх газарзүй хими биологи, монгол хэл, уран зохиол гэсэн таван хос мэргэжлээр элсэлт авч эхэлсэн байна. Мөн МУИС, УБИХ-аас мэргэжилд хэрэгцээтэй 5000 орчим ном шилжүүлэн авч байжээ. Сургалтын лаборатори, кабинет байгуулах ажлын үндэс суурь тавигдаж байсан учраас сургуулийн багш, ажилчид сэтгэл нэгтэйгээр гар бие оролцож, их бүтээн байгуулалтыг хамтдаа бий болгосон нь бахархмаар.Түүнийг захирлаар ажиллах хугацаанд 700-аад оюутантай, тэнхим бүр толгойлох эрдэмтэдтэй, гадаад харилцаа нь ч шинэ өнгө төрхөө олж чаджээ. Мөн материаллаг бааз төвийн сургуулиудаас дутахааргүй болж, оюутны спорт заал, хурлын заал, оюутны байр хоёр дотуур байртай болсон байна. Мөн багш нартаа зориулж 60 айлын орон сууц бариулжээ. Ийнхүү манай нийтлэлийн баатар Н.Жадамба орон нутагт дээд сургууль байгуулах анхны их үйлсийн эхлэлийг сайн тавьж, эзэмшсэн ажил мэргэжилдээ тууштай ажилласан зэргээр Монгол Улсын боловсролын байгууллагад оруулсан их хувь нэмэр юм.
Дэлхийн жишгээр бол их сургуулиуд нь байгалийн ухааны мэргэжил дээр түшиглэдэг
Н.Жадамба намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний шийдвэрээр 1969 оны зургадугаар сарын 13-нд Ховдын багшийн дээд сургуулийн ректор хэмээх чухал албанд мөн томилогджээ. Энэ тухайгаа тэрбээр “Намайг ректороор томилогдсоны дараа дээрээс хэд хэдэн хүнтэй уулзаж зөвлөгөө аваарай гэсэн юм. Анх МУИС-ийн ректор, академич н.Содномтой уулзаарай гэлээ. Тэр үед н.Содном багш надад “Танай сургууль их цомхон. Тиймээс багш, ажилчидтайгаа нэг ширээний ард суугаад албан бусаар илэн далангүй яриа өрнүүлээрэй. Энэ бол хамт олон нэгнийгээ ойлгож, хүмүүс хоорондын сайхан харилцаа тогтооход их чухал. Хоёрдугаарт, Чи дээд сургуулийн захирал боллоо гээд хувийн том сургуулиудтай зиндаархаад, намын байгууллага орон тооны болгоно гэж битгий хөөцөлдөөрэй. Дээд, сургууль, шинжлэх ухааны байгууллагад намын байгууллага зарим үед ажилд саад болоод байдаг үе байдаг шүү” гэв. Ийнхүү Ховд их сургуулийн үйл ажиллагаа нь сайн байсныг үнэлж түүнийг анхны төгсөлт нь болоогүй байхад буюу 1981 онд Ардын хурлын депутатаар сонгогджээ.
Ховд их сургуульд 12 жил захирлаар ажилласныхаа дараа Улаанбаатар хотод Шинжлэх ухаан боловсролын яамны дэд сайдаар гурван жил ажилласан. Дараа нь Боловсрол судлалын үндэсний хүрээлэнгийн захирлаар ажиллаж байгаад 2010 онд гавьяаныхаа амралтад гарчээ. Гэсэн ч зүгээр суусангүй МУИС, Токиогийн технологийн сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд мэдээлэл харилцааны технологийг сургалтад оновчтой ашиглах “Жайка” төсөлд арав гаруй жил ажилласан байна. Энэ хүрээнд олон багш нартай мөн хамтарч ажиллажээ. Тэрбээр “Багш нар өөрсдөө хийж байгаа үйл ажиллагаанд оролцож байж, өөрсдөө зүй тогтолоороо хөгждөг. Ц.Дамдинсүрэн гуай “Хүн хийнгээ сурдаг, сурангаа хийдэг гэж хэлсэн байдаг” хэмээсэн юм. Мөн боловсролын байгууллагад олон жил ажиллаж буй тэрбээр өнөөгийн боловсролын системийн талаар сэтгэгдлээ ч хуваалцав.
1980 он хүртэл МУИС-ийн математик хими, физикийн ангид орох нь нэр төрийн хэрэг байлаа. Үүнийг маш зөв чиглэл гэж бодож байна. Одоо харамсалтай нь МУБИС, МУИС-ийн математик, хими, байгаль ухаан чиглэлд элсэгчид ховор байна. Дэлхий нийтийн жишиг бол их сургуулиуд байгалийн ухааны мэргэжилдээ түшиглэж хөгждөг юм. Одоо Монгол Улсын хэмжээнд энэ элсэгчид цөөрч байгаа нь харамсалтай. Мөн өнөөдөр манай нийгэмд бүх нийтийн боловсрол гэсэн буруу ойлголт байна. Хүн болгонд чадах хэмжээний боловсрол олгох хэрэгтэй. Түүнээс биш нэг цөм хөтөлбөр гаргачихаад хүн болгоныг түүгээр сурга гэх нь зохимжгүй” гэлээ. Ийнхүү тэрбээр мэргэжилдээ чин үнэнчээр тууштай ажиллаж, боловсролын байгууллагын бүх түвшинд үр бүтээлтэй ажилласан нэгэн юм.
Нийтлэлийн баатар маань ажил, амьдралынхаа тухай түүхийг сөхөхдөө насны хөсөг урагшилсаар, нандин дурсамжаар хөвөрсөөр л байна хэмээн яриагаа өндөрлөв. Үнэхээр түүний хийж бүтээсэн зүйлс бүхэн олон арван шавь нарынх нь амжилт, боловсролын байгууллагад хийж бүтээсэн гэгээн мөр бүр нь тасрахгүй үргэлжилнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 30. БААСАН ГАРАГ. № 130 (7115)