С.УЯНГА

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах есөн салбар хорооны зүгээс нэгдсэн мэдээлэл өгснийг багцлан хүргэж байна.

 

НААДМЫН НЭЭЛТ, ХААЛТЫГ “ЭВ МӨНХИЙН ТУСГААР МОНГОЛ” АГУУЛГААР ХИЙНЭ

 

Наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа болон Төрийн хүндэтгэлийн концертыг зохион байгуулах ерөнхий найруулагчаар "Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анарыг томилсон. Энэ жилийн наадмыг “Эв мөнхийн тусгаар Монгол” нэрийн дор зохион байгуулна. Энэ нь эвийн хүчээр мөнхөд тусгаар Монгол оршихыг бэлгэдэж буй.

Үндэсний их баяр наадмыг угтан “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэнг долдугаар сарын 7-15-ны өдрүүдэд Чингис хаан музейд зохион байгуулна. Үндэсний хувцасны “Дээлтэй монгол” арга хэмжээ долдугаар сарын 9-ний өдөр 11 цагаас Сүхбаатарын талбайд эхэлнэ. Түүнчлэн “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэн МУЭ-ийн хорооны үзэсгэлэнгийн танхимд гарна. Төрийн хүндэтгэлийн концерт долдугаар 10-ны 15:00 цагаас СТӨ-нд, мөн Д.Сүхбаатарын талбайд 21:00 цагаас болно. Мөн Хүй долоон худагт Соёлын наадам арга хэмжээг тусгай хөтөлбөрөөр зохион байгуулна. Наадмын нээлт, хаалтыг мэргэжлийн урлагийн бүхий л төрөлд инновацыг шингээн бүх насны үзэгч, наадамчдад хүртээмжтэй, шинэлэг хэлбэрээр найруулахаар зорьж байна. Эдгээр арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаж байна хэмээлээ.

 

НААДМЫН ТАСАЛБАРЫГ ENAADAM.MN САЙТААР ХУДАЛДААЛНА

 

Салбар хороодод нийт 218 хүн ажиллаж байгаа бөгөөд наадмын бэлтгэл ажил 80 орчим хувьтай үргэлжилж байна. Баяр наадмын тасалбар борлуулах системийг “Шоппи” ХХК-ийнхан хоёр дахь жилдээ хариуцан ажиллана.  Тус компанийн гүйцэтгэх захирал Ш.Батзул " Иргэд долдугаар сарын 1-ний 11:00 цагаас эхлэн enaadam.mn сайтад нэвтрэн тасалбараа худалдан авах боломжтой. Тасалбарын хүргэлтийн үйлчилгээг "Монгол шуудан" ХК хариуцах бөгөөд гэртээ хүргүүлэх болон өөрт ойр байрлах шуудангийн салбараас тасалбараа очиж авч болно" хэмээн мэдээлэв.

Хоёр өдрийн тасалбарыг тусад нь борлуулна. Долдугаар сарын 11-ний тасалбар сүүдрэвчтэй нь 52500 төгрөг, сүүдрэвчгүй нь 42000 төгрөг, долдугаар сарын 12-ны тасалбар сүүдрэвчтэй нь 52500 төгрөг, сүүдрэвчгүй нь 42000 төгрөг. Харин баяр наадмын автомашины зогсоолын зөвшөөрлийн үнэ 21000 төгрөг, нэг хүнд тав хүртэлх тоогоор олгох юм.

Баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдааны үзвэрийн тасалбар, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт байх авто зогсоолд байрлах автомашины зогсоолын зөвшөөрлийг хоёр дахь жилдээ цахимаар олгохоор болжээ. Иргэд долдугаар сарын 1-ний 11:00 цагаас эхлэн enaadam.mn сайтад нэвтрэн автомашины зогсоолын зөвшөөрлөө худалдан авах боломжтой.

 

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ РҮҮ ДӨРВӨН ЧИГЛЭЛЭЭС АВТОБУС ЯВУУЛАХААР БОЛОВ

 

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар Нийслэлийн замын хөдөлгөөн, хяналт зохицуулалт хариуцсан дэд дарга, хурандаа Б.Батболд  "Баяр наадмын өдрүүдэд 6470 тээврийн хэрэгслийг зогсоолын талбайд байршуулахаар замын цагдаагийн байгууллагаас төлөвлөсөн. Үзэгчид, гаднын зочид төлөөлөгчид, хөдөлгөөнд оролцогчдын тээврийн хэрэгслийг дараах байршлуудад байрлуулна. "Ж" зогсоолд жуулчдын автобус, унааг байршуулна. Нарантуул ОУХТ болон "Мишээл экспо" төвийн зогсоолд нийтийн тээвэр байршуулан иргэдийг зөөхөөр төлөвлөсөн" гэв. Төв цэнгэлдэх хүрээлэнг зорьж ирэх иргэдэд зориулан нийт дөрвөн чиглэлээс нийтийн тээврийн богинын хөдөлгөөнийг эхлүүлж, сурын талбайн урд талын зогсоолд буулгах юм байна. Харин хотын төвөөс Хүй долоон худаг руу хоёр чиглэлээс тодорхой цагуудад нийтийн тээврээр үйлчилнэ.

Автомашины Ү болон Г зөвшөөрлийн хувьд Нарантуул ОУХТ, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Мишээл экспо, Улаанбаатар төмөр зам зэрэг байршлууд дахь зогсоолд машинаа байрлуулаад нийтийн тээврээр Төв цэнгэлдэх хүрээлэн рүү зорчих боломжтой.

 

УНААЧ ХҮҮХДЭД ТУСГАЙ КАРТ ӨГНӨ

 

Улсын баяр наадмаар хурдан морьдын уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар Хурдан морины салбар хорооны дарга Д.Ганхуяг "Долдугаар сарын 10, 11, 12-нд зургаан насны морьд уралдах бол 13-нд эрлийз, жороо морьдын уралдааныг зохион байгуулна. Энэ жилийн уралдааны онцлог нь хурдан морь шүдлэх үйл явцыг камержуулж, олон нийтийн сүлжээгээр шууд цацахаар бэлдсэн. Долдугаар сарын 1-нээс Морины комиссын гишүүд, цэргийн 300 гаруй алба хаагч 40 гаруй машин техниктэй наадмын талбайд байрлан ажиллаж эхэлнэ. Цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан уралдааны замыг баяр наадам дөхүүлж байж засахаар төлөвлөж байна" гэлээ.

Мөн унаач хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагатай гэдгийг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Б.Батсайхан онцолж байв. Тэрбээр "Хурдан морины унаач хүүхдүүдийг бүртгэхдээ дөрвөн шаардлага тавьдаг. Гэнэтийн ослын даатгалд заавал хамруулах, эцэг эх, асран хамгаалагчтай нь гэрээ хийх шаардлагатай.Мөн энэ гэрээг нотариатаар баталгаажуулан авчрахыг уяачдаас шаарддаг. Тиймээс и-монголиа хуудсаар нэвтэрч, гэрээг цахимаар баталгаажуулах боломжтой. Энэ шаардлагыг хангаагүйгээс бүртгэл удаашрах, нэг бүрчлэн залгах хүндрэл учирдаг. Хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулаагүй, гэрээгээ нотариатаар гэрчлүүлээгүй бол бүртгэхгүй. Эдгээр мэдээлэл, гэрээг нягталж бүртгээд тусгай карт олгоно. Бариан дээр энэ картаар унаач хүүхэд мөн, бишийг нягтлан шалгах юм.Түүнээс гадна унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хувцас хэрэглэлийн стандартыг хангасан байх ёстой. Уралдааны дүрэмд харшилсан эд хэрэгслүүдийг ашиглуулахыг хориглоно" хэмээн ярилаа.

 

БӨХЧҮҮД ХЭҮК-Д ХАНДАЖ БОЛНО

 

Хууль зүй, дотоод хэргийн яамны ТНБД П.Сайнзориг бөхийн болон орон нутгийн наадмын зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Аймаг сум дүүргийн наадмыг долдугаар сарын 10-13-нд хийгээгүйгээс болж бөхчүүд хэсэг бүлгээрээ баяр хэсэж үзэгчдийг бухимдуулдаг зүйл гардаг. Аймгийн болон сумд тэгш ой, гамшиг, зудаас бусад тохиолдолд долдугаар сарын 10-13-нд үндэсний баяр наадмаа зохион байгуулна. Аймгууд нэгдсэн нэг өдрүүдэд наадмаа хийнэ.

Бөхийн барилдааны дүрэмд ямар нэгэн маргаан байхгүй. Үндсэн барилдааны хугацаа 60 минут байна. Зарим бөхийг орон нутагт очоод барилдахад бүртгэхгүй, ялгаварлан гадуурхах үзэл гардаг. Тиймээс баяр наадмын зохион байгуулах хорооноос ийм зүйл гаргахгүй байхыг уриалж байна. Нутаг усаар талцаж барилдуулахгүй гэх нь хуулиар хориотой. Шударга өрсөлдөхгүй, хүнийг ялгаварлан гадуурхах нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Гэмт хэргийн шинжтэй биш байвал ХЭҮК-т хандаж эрхээ хамгаалуулж болно” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 30. БААСАН ГАРАГ. № 130 (7115)