Б.БОЛОР
Энэ сарын 26-28 өдрүүдэд Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтын хүрээнд “Олон улсын жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2023” үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Тус арга хэмжээний гурав дахь өдөр дэлхийн хоршоологчдын өдөрт зориулсан хөтөлбөрөөр үргэлжлэв. 1995 онд НҮБ-ын Ерөнхий ассемблейгаас жил бүрийн долдугаар сарын эхний бямба гаригийг олон улсын “Хоршооллын өдөр” болгон зарласан. Энэ хүрээнд “Хоршоологчид тогтвортой хөгжилд-2023” туршлага солилцох арга хэмжээг зохион байгууллаа. Төрөөс хоршооны талаар баримталж буй бодлогыг сурталчлах, хоршооны бүтцэд тулгуурлан хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор амжилттай ажиллаж буй хоршоодын туршлагыг дэлгэрүүлэх, хоршоологчдын оролцоог нэмэгдүүлэх, олон улсын түвшинд нийцүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллаж буйгаа уулзалтын үеэр зохион байгуулагчид хэлж байв. Энэ удаагийн үзэсгэлэн, арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хоршоодын төлөөлөл, хоршооллын мэргэжлийн холбоод, 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, салбарын яам, Жижиг, дунд үйлдвэрийн газарын төлөөлөгчид оролцлоо.
Монгол Улсын Засгийн Газраас өнгөрсөн оныг хоршооллыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг нэгдэж хоршоо байгуулахыг уриалахын сацуу үйл ажиллагааг нь дэмжиж байгаагаа албаныхан хэлж байв. Тухайлбал, Жижиг, дунд үйлдвэрийн газраас загвар хоршоодыг хөгжүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох, сургалт мэдээлэл өгөх, Хоршоодын нягтлан бодох бүртгэлийн заавар журмыг батлуулах ажлыг хийжээ.
Аливаа улс орны хөгжилд жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид нэн чухал үүргийг гүйцэтгэдэг гэдэг. Учир нь тэд эдийн засгийн чадавхид голлох нөлөө үзүүлэх хүч болдогыг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Албан ёсны ажлын байрыг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид бүрдүүлдэг талаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын ахлах мэргэжилтэн В.Занданбат хэлэв. Дэлхийн Банкны тооцоолсноор 2030 он гэхэд ажиллах хүчийг шингээхэд 600 сая ажлын байр шаардлагатай болох аж. Тиймээс Дэлхийн олон орны Засгийн газар жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийг тэргүүлэх зорилтоо болгосон байна.
Монгол Улсад УИХ-аас 2021 онд Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, Засгийн газрын 81 дүгээр тогтоолоор 2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж байсан. Энэ хүрээнд түүхий эд бэлтгэлийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр Загвар хоршоодыг байгуулах, хоршоодын хөгжлийн үнэлгээ, шинэчилсэн бүртгэлийг хийх, жишиг хоршоодын туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хоршиж, хамтран ажиллах санал санаачлагыг дэмжин ажилласаар байгаа юм.
Үзэсгэлэн, арга хэмжээнд оролцогч зочид “Булигаар” компанийн үйлдвэртэй танилцсан юм. Тус үйлдвэр бод, богийн арьсыг хагас болон гүйцэд боловсруулан вэт-блю, краст, булигаар, гоёлын хром, артай хар хром, гутлын дотор, хувцасны арьс, бээлийн арьс зэргийг үйлдвэрлэдэг байна. Тэд дотоод болон гадаадын зах зээлд борлуулалтаа хийдэг бөгөөд дотоодын 30 гаруй гутлын болон жижиг арьсан эдлэлийн үйлдвэрлэгчтэй хамтран ажилладаг аж.
Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа “Өнөөдөр олон улсын хоршооллын өдөр. Мөн үндэсний хоршоологчдын өдөр таарч байна. Энэ өдрийг олон улсад “Хоршоологчид тогтвортой хөгжилд” гэсэн уриан дор тэмдэглэж байгаа. Хоршоологчид тогтвортой хөгжилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Монгол Улсын Засгийн газраас хоршоог дэмжих чиглэлээр олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Ялангуяа Хоршооны тухай хууль батлагдсан. Өнгөрсөн оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, хөдөө аж ахуйн түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч ажилласан. Үүнтэй уялдуулан хоршоог дэмжсэн олон арга хэмжээг хэрэгжүүлж байна” гэв. Хоршоодын “Тогтвортой хөгжил”-д гүйцэтгэх үүрэг их. Тиймээс хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг сайжруулахтай холбоотой хоршин нэгдсэн хүмүүсийн нэгдэл хамгийн их үүрэг гүйцэтгэнэ гэдгийг хурлын үеэр онцлон тэмдэглэж байлаа.
“Булигаар” компанийн үйлдвэртэй танилцсан зочид “Нэг үеийг бодвол дэвшил бий. Түүхий эдийг боловсруулах технологи илүү сайжирсан нь бүтээгдэхүүний чанарт шууд нөлөөлж өртөг шингэж боломжийг бүрдүүлж байгаа” талаар өөр хоорондоо ярилцаж байлаа. Бичил болон жижиг, дунд үйлдвэрлэгчид бие дааж ажиллахаас илүү хоршиж нэгдэх нь илүү өгөөжтэй гэдгийг ч мөн ярьж байв. Монголын хоршооллын үндэсний Нэгдсэн холбооны тэргүүн Ц.Алтантуяа “Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооноос та бүхэндээ мэндчилж байна. Манай холбооны хувьд салбар салбартаа үйл ажиллагаа явуулдаг зургаан холбоо нийлж байгуулсан хоршоодын холбооны дээвэр байгууллага. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 4000 гаруй хоршоо бий” гэлээ. Эдгээр хоршоод ажлын байр бий болгохын зэрэгцээ хүнсний аюулгүй байдал хүнсний хангамжийг хангах зэрэг олон давуу талыг бий болгодог. Түүнчлэн оёдол, үсчин, засвар үйлчилгээ, дэлгүүр, тээвэр гээд олон салбарт хоршоод байгуулагдаж байгаа нь сайшаалтай хэмээн албаныхан онцлон тэмдэглэж байв.
Дэлхий нийтээр тогтвортой хөгжлийн талаар ярилцаж, хэлэлцэх болсон энэ үед хоршоологчид ч мөн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад үүрэг оролцоотой байх учиртай юм. Энэ хэрээр НҮБ болон бусад хөгжлийн агентлагууд хүлээн зөвшөөрч энэ удаагийн арга хэмжээг “Хоршоод тогтвортой хөгжилд” гэсэн уриатайгаар тэмдэглэжээ. “Дэлхий нийтээрээ өнөөдөр гурван сая хоршоо үйл ажиллагаа явуулж байгаа. Нэг тэрбум хүн шууд гишүүнчлэлтэй гэвэл гурван тэрбум хүн хоршооны салбарын өгөөжийг үзэж байгаагаас харвал ямар хэмжээтэй “сав” бэ гэдэг тодорхой” хэмээн салбарынхаа хөгжил, үр өгөөж, нөмөр нөлөөг оролцогчид онцлон тэмдэглэж байв. Мөн хоршоод маань 250 сая ажлын байрыг дэлхий даяар бий болгож байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 30. БААСАН ГАРАГ. № 130 (7115)