Баатарын НЯМСҮРЭН

 

Эрийн гурван наадам бол эрт үеэс өвлөгдөж ирсэн үндэсний өв соёлын нэг билээ.  Тиймээс Монгол түмэн баяр наадамдаа онцгой ач холбогдол өгч  үндэсний хувцсаараа гоёдог уламжлалтай. Тэгвэл “Зууны мэдээ” сонин “Загварын ертөнц” буландаа үндэсний баяр наадмаар өнгө донж, хийц загвар, материал чанарын хувьд ямар дээл эрэлттэй байгаа. Мөн үсний зүүлт чимэг, бүс гээд наадмын иж бүрэн "коллекц"-ын үнэ ханшийг хүргэж байна. Баяр наадмын уур амьсгал хэдийн ороод эхэлжээ. Мөн нийслэл хотын томоохон зах худалдааны төвүүдээс наадмын гоёлоо сонгохоор ирсэн хүмүүс цөөнгүй байв. Тэд ихэвчлэн энэ жилийн трэнд болсон өнгө загвараас сонголт хийх нь түгээмэл байлаа. Хувцас загварын салонууд гоёлын дээлийнхээ захиалгыг өнгөрсөн сарын 15-наас авч эхэлсэн гэнэ. Зарим салон баяр наадам гэлтгүй эх үрсийн баяр, одон гардуулах  арга хэмжээний үеэр гэр бүлээрээ өмсөх захиалга, хос дээлний захиалгаа хавар, дөрөвдүгээр сараас эхлээд авчихдаг гэдгийг хэлж байна.

Бид хот хөдөөгийн иргэд төдийгүй гадны жуулчид ихээр үйлчлүүлдэг "Нарантуул", “Дүнжингарав” худалдааны төвөөр орлоо. Дүнжингарав төвд дээлийн үнэ хийц загвар, материал чанараасаа хамаараад 250.000-1.200.000 төгрөгийн үнэтэй байна. “Сүүлийн жилүүдэд манай залуус баяр наадам гэлтгүй бусад өдрүүдэд ч үндэсний хувцсаа өмсөх нь элбэг болсон. Мөн гэр бүлээрээ, хосоороо дээл их авдаг болсон" гэдгийг худалдагч нар хэлж байв. Дээрх худалдааны төвүүдэд монголчуудын хэлдэг үндсэн өнгө буюу тод улаан, цэнхэр, ногоон, бор шаргал өнгийн дээл үргэлж эрэлттэй байдаг гэнэ. Хийц загварын хувьд энгийн загвартай монгол дээл авахаар их ирдэг гэж байв. Харин баяр наадмаар өмсөх дан дээл нь 250-350 мянган төгрөгийн үнэтэй. Энгийн монгол захтай цамц 150 мянгаас эхэлж байна.

Хүүхдийн дээл 60-150 мянган төгрөгийн ханштай байлаа. Өмнө нь хүмүүс хүннү захтай дээл их авдаг байсан бол энэ жилээс эргээд монгол захтай, элдэв маяггүй дээл илүүтэй сонирхож байгаа аж. Мөн баяр наадам гэлтгүй тэмдэглэлт өдрүүдээр гоёхдоо монгол дээл цамц болон бүх төрлийн хувцсан дээр өмсөхөд тохиромжтой зуны сийрсэн хөнгөн сэрүүхэн малгай их авч өмсдөг болжээ. Монгол ард малгай болон дөрвөн талт эрэгтэй эмэгтэй малгай 250 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин энгийн даавуун материалтай бүс 40 мянгаас 150 мянган төгрөгийн хооронд худалдаалах ба  мөнгөн тоноглолтой чамин хийцтэй нь 800 мянгаас эхэлж байв. 

 

Салонууд  өнгө загвар, материал чанар гайхуулсан дээл худалдаанд гаргажээ

Баяр наадам дөхсөнтэй холбогдуулан олон жил тогтвортой үйл ажиллагаа эрхэлсэн, өөрийн гэсэн үйлчлүүлэгчдээ татсан томоохон хувцас загварын салонууд өнгө загвар, материал чанараа гайхуулсан төрөл бүрийн дээлүүдийг худалдаанд гаргажээ. Үнэ ханшийн хувьд хос дээл 1200.000-1.800.000 төгрөгийн ханштай байна. Эрэгтэй, эмэгтэй дан дээл 600-800 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Өнгөний хувьд цайвар цэнхэр, саарал, бор зэрэг завсрын өнгийг хүмүүс илүүтэй сонгож байна. Салонд хандаж дээл захиалж буй иргэдийн хувьд, Энэтхэг, Турк, Япон, Солонгос даавуугаар дээлээ урлуулахыг хүсдэг. Дээлийн загварыг өөрөө гаргаж өгдөгөөрөө онцлогтой. Олны танил хүмүүсийн хувьд хээ хуартай ижил өнгөөр гоёх эвсэл өнгө дагуу жигд гоёмсог, цулгуй торгоор гоёх, хос цагаан, шаргал дээл өмсөх нь элбэг байдаг гэнэ.

 

Захиалгын газрууд дээлийг үнэ хямд, өргөн сонголттой урлаж байна

 

Хувцас захиалгын газрууд буюу хувиараа үйлдвэрлэл эрхэлдэг, дээл оёдог хүмүүсийн хувьд үнэ ханш нь харьцангуй тогтвортой байгааг иргэд хэллээ. Сүүлийн жилүүдэд хүмүүс  завсрын, уусмал өнгийг сонгож байсан. Харин энэ жилээс эргээд үндсэн өнгө рүүгээ орж байна. Тод улаан, цэнхэр өнгийн дээл үргэлж эрэлттэй байдаг. Энгийн загвартай дан дээл нь 200-250 мянган төгрөгийн үнэтэй. Иргэд голдуу хөнгөн, нимгэн материалыг илүүтэй сонгож байна. Оёдолчин Э.Номин-Эрдэнэ “Бид үйлчлүүлэгчийнхээ эрэлт хэрэгцээнд тохируулан загвар хийцийг нь асуудаг. Энэ жилийн хувьд хүмүүс энгийн монгол дээл түлхүү хийлгэж байна. Харин хавар, намар, найр хуримын улиралд буюу  хонхны баярын үеэр загварын дээлүүд эрэлттэй байдаг. Охид бүсгүйчүүдийн хувьд усан цэнхэр, ягаан, шаргал зэрэг өнгө трэнд болж байна. Нас тогтсон хүмүүс тод болон завсрын өнгөөр гоёхыг илүүд үзэж байна. Мөн настай хүмүүс заавал дээл гэлтгүй богино торгон хантааз бас их хийлгэдэг. Охид эмэгтэйчүүд нимгэн материалтай, торон оруулгатай, цацаг чимэглэл, унжуургатай бүс, дэрвэгэр хормойтой загварлаг монгол дээлээр гоёхыг хүсдэг болсон” гэв. Ийм загвартай дээлийг хонхны баяр, хурим найрын улиралд, үндэсний их баяр наадмаар их хийлгэдэг гэж байлаа.

 

Үндэсний хувцас өмссөн  наадмын үзэгч үзэсгэлэнтэй

Үндэсний хувцсаараа гоёж, сэтгэлийн цэнгэл эдлэх баяр наадам ойртсоор. Үндэсний их баяр наадам үзэх билет захиалгыг цахимаар авч эхлээд удаагүй байна. Үндэсний хэв шинжээ хадгалсан хувцас өмссөн наадмын үзэгч үзэсгэлэнтэй. Дээл нь тухайн цаг үеийнхээ нийгэм, соёл, техникийн хөгжлийн нөлөөнөөс хамааран олон өвөрмөц хэв маяг хэлбэр донжийг бүрдүүлсээр ирсэн. Энэ жилийн хувьд, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбогдуулан өмнөх үеэс дээл хувцасны ханш өсжээ. Гэсэн ч цар тахлаас хойш дэлгэр сайхан наадаж чадаагүй учраас хот, хөдөөгийн иргэд боломж, бололцоондоо тааруулаад баярын бэлтгэлээ базааж байсан. Баярын гоёлоо зах худалдааны төвөөс эсвэл салон, хувийн оёдолчноор оёулах нь уншигч таны сонголт биз ээ. 

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 29. ПҮРЭВ ГАРАГ. № 128, 129 (7113, 7114)