Ц.МЯГМАРБАЯР
Эрдэнэт хотод аяны дөрөө мултлах зуураа “химийн Цэндээ” хэмээн нутаг ус, шавь нартаа хүндлэгдсэн буурал багштай уулзаж хөөрөлдөх завшаан олдож, үүх түүхийг нь сонсож, улмаар “Зууны мэдээ” сониныхоо “Миний багш” буланд урив.
Эршүүд охин Цэндээ
Салбарын хамгийн хүндтэй шагнал болох Ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээ энгэртээ гялалзуулан суугаа энэ эмэгтэй Завхан аймгийн Нөмрөг суманд 30 гаруй жил химийн багшаар ажиллаж, эзэмшсэн мэргэжлээрээ салбартаа манлайлсан Жигжжавын Цэндсүрэн юм. Тэрбээр 1947 онд Завхан аймгийн Нөмрөг сумын нутаг Ханын өвөр уулын “Бэрх” хэмээх өвөлжөөнд малчин ард Жигжжавын отгон охин болон мэндэлжээ. Ж.Цэндсүрэн багаасаа малд нүдтэй ажилсаг, хоёр ахыгаа дагаж морь унаж сурсан их эршүүд охин байсан гэж ээж нь хуучлан ярьдаг байжээ. Эхээс тавуулаа. Хоёр ах, хоёр эгчтэй. Аавыг нь Онхойдойн Жигжжав гэж жирийн гөрөөч хүн байж. Хэдий гөрөөчин ч гэсэн ном, сонин гарчигладаг, сампин цохиж тоо бүртгэгч зэрэг ажлыг өлхөн хийчихдэг байсан гэдэг. Ээжийг Г.Бүжинлхам гэдэг. Ээжийн аавыг Гунаажав занги хэмээн нутгийнхан нь авгайлдаг байсан аж. Гунаажав занги гэдэг айл 14 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл байсан ба тэдний нэг нь Цэндсүрэнгийн ээж гэнэ. “Нөмрөг сумын соёлын төвийг миний өвөө Гунаажавын нэрэмжит болгож тохижуулсан. Манай өвөө соён гэгээрүүлэгч хүн. Нөмрөг сумын анхдагчдын нэг.
Нөмрөг сум байгуулалцахад гар бие оролцож явсан. Намын бодлого шийдвэрийг олон түмэнд таниулж анхны сургуулийн суурийг тавилцсанаар нь үргэлж бахархаж явдаг. Миний хоёр ах, хоёр эгч бүгд л эрдэм номын мөр хөөцгөөсөн” гэж Цэндсүрэн багш яриагаа эхэлсэн юм.
Тэрбээр 1955 оны намар Нөмрөг сумын 10 жилийн дунд сургуульд элсэн орж суралцаад 1965 онд аравдугаар ангиа төгсч, улмаар Улаанбаатар хотод Улсын багшийн дээд сургуульд дэвшин суралцах томилолт авчээ. Сургуульд байхдаа сурлага сайтай, урлаг соёлын арга хэмжээ, спортын төрлүүдэд ч авъяаслаг хүүхэд байж. Энэ тухай “Болд, Д.Уртнасан, С.Цэвэлмаа, Х.Балжмаа гээд сурлага сайтай олон хүүхэд байсан, харин би бүх хичээлд жигд сайн байсан нь одоогийнхоор бол давуу тал байсан юм болов уу даа” хэмээн хуучиллаа.
Химийн томъёонд дурласан шалтгаан нь...
Химийн багш мэргэжлийг яагаад сонгох болсноо ”Би аравдугаар ангид байхдаа амьдралын шаардлагаар Улаанбаатар хотод II сургуульд ирж суралцсан. Тэр үед манай сургуульд Маралаа гэдэг химийн сайн багш байсан. Хичээлээ маш сайхан, ойлгомжтой заана. Бас хотын сургуулийн химийн кабинет үнэхээр гоё. Бичил лаборатори гэж хэлж болно. Тоног төхөөрөмж туршилт хийх, дадлага ажил зэрэг нь миний сонирхлыг үнэхээр их татсан. Хөдөөгийн сургуульд тэр үед тийм сайхан тоноглогдсон лаборатори анги танхим байгаагүй. Тэр үед л Маралаа багшийн заадаг химийн хичээл, II сургуулийн химийн лаборатори хоёр л миний химийн томъёонд дурлах шалтгаан болж, багш шигээ хүн болно” гэж зорьсон хэмээн ярьж байна.
Мөн тэдний ангид Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Н.Сувд сурч байжээ. Хөдөөний охин хотын соёл мэдэхгүй ичингүйрч байхад дотно харилцаж, олон зүйлд дээр үлгэрлэж, тусалж байсан Сувдын тухай сайхан дурсамж түүнд үлджээ.
Улаан дипломтой төгсөөд хөдөөг зорьсон багш
Аравдугаар анги төгсөх үед МУИС-ийн химийн ангийн хуваарь ирээгүй учраас УБДС-ийнхныг авчээ. Уг нь МУИС-ийн хуваарь ирсэн бол магадгүй эрдэм шинжилгээний ажилтан болох байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ л Маралаа багш шигээ химийн багш болох зорилго байсан болохоор, өөрийнхөө хүсч байсан мэргэжлээ сонгосон болохоор түүнд химийн томьёо цээжлэх, туршилт хийх зэрэг нь малаа нүдээрээ бүртгэчихдэг “малд нүдтэй хүүхэд” болоод тэрүү ядах юмгүй л байсан гэдэг. Багшийн дээд сургуулийн оюутан болж мөн л сурлагаараа бусдыгаа хошуучилж Сүхбаатарын нэрэмжит цалин 300 төгрөг авдаг байжээ. Тэр нь жирийн оюутанд 200 төгрөг, онц сурлагатанд 100 төгрөгөөр илүү олгодог нэг ёсны цалин юм. Ээж нь өвчтэй хүнд жилүүдэд том эгчээ бараадан хотод ирж оюутан болсон түүнд 300 төгрөг бол амьжиргааных нь гол хэрэгсэл байсан хэмээн хуучилсан юм.
Багшийн дээд сургуулийг 1969 онд улаан дипломтой төгссөн Ж.Цэндсүрэнг сургуульдаа багшаар үлдэх урилга өгөхөд шууд татгалзаж нутагтаа очжээ. Тэр үед ээжийнх нь бие муу байсан учир ар гэрийн амьдралын гачигдлыг бодож нутаг бараадах шаардлага тулгарсан гэдэг. Аймгийн боловсролын газраас Багшийн дээд сургуулийн захиргаанд бичиг явуулж, жилийн дараа диплом нь ирснээр Ж.Цэндсүрэн Завхан аймгийн Улиастай хотын I арван жилийн сургуулиас ажлын гараагаа эхлэв.
Тооны Ламжав, Химийн Цэндээ нарын өнөр бүл
Ж.Цэндсүрэн багшийн ханийг “тооны” Ламжав гэдгээр нь Завханыхан андахгүй мэддэг багш хүн байв. Тэд 1972 онд гэр бүл болж, гурван хүү дөрвөн охин төрүүлж өсгөжээ. Завхан аймгийн Идэр сумын уугуул Ламжавынх 1975 онд Нөмрөг сумын 10 жилийн дунд сургуульд багшлахаар шилжин очиж хос хоёр багш тэндээ тэтгэвэрт гартлаа тогтвортой ажилласан байна.
Нөгөөтэйгүүр, хань нь математикийн багш байсан болохоор химийн хүнд бодлогуудыг математикийн арга, тэгштгэлээр боддог байсан хэмээн хуучилсан. Энэ нь түүний давуу тал байсан учраас химийн хүнд бодлогуудыг конкурс болон улсын чанартай уралдаант олимпиадын үеэр давж гардаг байсан нь улс орон даяар сайшаагдаж байжээ. Мөн тэдгээр бодлогуудын түүвэр номыг хэвлэн гаргаж мэргэжил нэгт багш нарт тарааж өгч туршлагаа хуваалцдаг үнэ цэнтэй багш байж. Бас дадлага ажлын заавруудыг жил бүр шинэчлэн боловсруулж эмхтгэл болгодог. Завхан аймгийн Нөмрөг сумын химийн багш Цэндээгийн эмхтгэлийг олж авах гэж тухайн үед хот, хөдөө энэ тэндээс эрэл, сурал болдог байсан гэдэг.
Багш гэр бүлийн хүүхдүүдээс охин Л.Оюунтуяа нь аавынхаа мэргэжлийг өвлөсөн бөгөөд их сургуулийн математикийн багш. Охин Л.Оюунжаргал Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга, доктор бол ууган охин Л.Оюун-эрдэнэ нь эмч болж, өдгөө Солонгос улсад мэргэжлээрээ ажилладаг гэлээ. Мөн хүүхдүүдээс нь Эрдэнэт үйлдвэрт Хяналтын албаны дарга, Үйлдвэрчний хорооны дарга гээд төрөл бүрийн л албан ажил хийцгээж байна. Одоо тооны Ламжав, химийн Цэндээ нарын үр өнөр бүл арван ач, зээтэй болжээ.
Бэлтгэсэн шавь нар хамгийн дээд оноог л авцгаадаг байсан
Ж.Цэндсүрэн багш Улиастай хотын 10 жилийн дунд сургуульд долоон жил багшлаад төрсөн сум болох Нөмрөгийн арван жилд 2000 он хүртэл ажиллаж гавьяаныхаа амралтанд гарсан байна. Зорьж хүсч сонгосон мэргэжлээрээ Завхан аймагтаа хэд хэдэн удаа тэргүүний багшаар шалгарч байсан төдийгүй 10 жилийн дунд сургуульд ажиллах хугацаандаа химийн кабинетыг гурван удаа сэргээж, тухайн үеийн стандарт тоног төхөөрөмжөөр тохижуулж улсад жишиг танхим болгож байжээ. Кабинетын сургалтад хэрэглэгдэх бүхий л тоног төхөөрөмжүүдийг олж зааврын дагуу байрлуулж, жижиг лаборатори болгож байсан түүхтэй. Тухайн үедээ конкурс /одоогийнхоор бол элсэлтийн шалгалт/-т Ж.Цэндсүрэн багшийн бэлтгэсэн шавь нар бүгд л хамгийн дээд 15 оноог л авцгаадаг байсан баримт нь түүнийг Улиастай хот төдийгүй улсад нэртэй химийн багш байсан гэдгийг илтгэнэ.
Энэ тухай буурал багш “Тэр үед сурдаггүй хүүхэд, сургадаггүй багш гэж байдаггүй байлаа. Өндөр шаардлагатай ажиллаж байсан. Тойргийн бүх сумын сургуулийн хүүхдүүдийг химийн багш, эмч мэргэжлээр элсэн суралцахад бэлтгэж чиглүүлж ажилласан. Манай тойргийн сумд эмч, химийн багшийн дутагдалд ордоггүй байсан нь миний зорьж хүсч сонгосон мэргэжлээрээ ажилласан ажлын маань нэг үр дүн, бахархал минь яах аргагүй мөн. Одоо ч миний олон сайхан шавь нар аймагтаа, нутагтаа ажиллаж амьдарч байгаа. Тэднээрээ үргэлж бахархаж явдаг” хэмээн өгүүлж байна.
Тэрбээр ажиллах хугацаандаа Завхан аймгийн Улиастай хотын нэгдүгээр арван жилд хоёр ангийг дааж авч аравдугаар анги төгсгөсөн бол Нөмрөг суманд зургаан ангийг арав төгсгөсөн байна. Тэрбээр мөн “Миний даасан анги сурлага, сахилга батаар тийм ч муу байгаагүй” гэж номондоо бичсэн байна. Дааж төгсгөсөн ангийнхнаас гадна Цэндээ багшаар химийн хичээл заалгасан олон олон шавь нар нь, хамт ажиллаж байсан багш нар нь энэ хүний тухай олон сайхан дурсамжийг номд нь өгүүлсэн байна.
Багшийн заах арга, сургалтын арвин баялаг туршлагаараа олондоо хүндлэгдсэн эрхэм багшийн тухай Нөмрөг сумын уугуул Цэрэндоржийн Жамъянхорол “Завхан аймгийн Улиастай хотын нэгдүгээр арван жилийн анхны арав төгссөн Лхагважав, Шинэбаатар нар болон төгссөн хамт олон нь багшийгаа алдаршуулахын төлөө их зүйлийг сэдэж, зүтгэж байгаа” тухай өгүүлсэн.
Түүний шавь Ж.Жамъянтивийн багшдаа зориулж бичсэн шүлгээр энэ нийтлэлээ өндөрлөе.
ЦЭНДСҮРЭН БАГШ
Цэлгэр саруул танхимд
ЦЭНДЭЭ багшийн минь
Цээлхэн дуу хадна
Цээлийн ус шиг дундрашгүй
Цэн цэнгийн эрдмийн хурыг
Цэнхэр хадаг шиг намиатуулна
Эрдмийн саруул танхимд
Эрч хүчтэй багшийн минь
Эрдүү дуу цуурайтана
Эрдэм номоо нотолсон
Элдэвт үзүүлэх туршлага нь
Эвлүүлэг бус бодит оо
Нарлаг хорвоог дэвтээсэн
Намираа хур шиг багшийн минь
Насан багад заасан
Наалдац сайтай хичээл нь
Насны намарт золгосон ч
Найралт утга нь хэвээрээ
Дээдэс мэргэдийн нутгийн
Дээжлэх суутай багш минь
Дэргэлэн дөргөлөнийг давах
Дэнс татсан багш минь
Дэрэнбумбын ногоон оюу лугаа
Дэгжин хээнцэр багш минь
Элемент бодисын жин
Эзэлхүүн масс тооцох
Исэл, хүчил, давсны
Элдэв химийн томьёо
Эрдэс бодисийн хувирал
Эмх цэгцтэй үелэх систем
Энэ бүхийл мэдлэгийг
Элбэг дүүрэн хүртээсэн
Эзэн эрхтийн зиндаатай
Ээл ивээлтэй багшийн минь
Эгэлгүй номын гэгээн гэрэл
Эгүүрд мөнх гийгүүлээстэй.
Эх сурвалж “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 29. ПҮРЭВ ГАРАГ. № 128, 129 (7113, 7114)