С.САРУУЛ

“Жаст групп”-ын захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийг Улсын Дээд шүүх ирэх баасан гарагт буюу 2023 оны зургадугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэхээр товложээ. Тодруулбал, Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох 226 хавтас хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батгэрэлийн өмгөөлөгч К.Бауиржан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Оюунболд, А.Энхгэрэл нарын өмгөөлөгч М.Дэлгэрнасан, шүүгдэгч Ш.Батхүү, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Ж.Батзоригт, Б.Баатарсайхан, шүүгдэгч Э.Сүрэн, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Д.Наранцэцэг, шүүгдэгч Ч.Ганзориг, түүний өмгөөлөгч Э.Ганхөлөг нарын гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн  хянан хэлэлцэх аж.

“Жаст групп”-ын захирал Ш.Батхүү нь "Хадгаламж банк" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Монгол банкнаас төлбөрийн баталгаа, банкны баталгааны гэрээ хийх тусгай зөвшөөрөл олгогдоогүй байхдаа хадгаламж эзэмшигч Э.Сүрэнгээс мөнгө зээлэхдээ албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглан хууль бус төлөөлөн удирдан зөвлөлийн тэмдэглэл, тогтоол гарган, тухайн үед ажиллаж байсан гүйцэтгэх захирлуудаар төлбөрийн баталгаа, банкны батлан даалтын гэрээ хийлгэсэн зэрэг хэрэгт буруутгагдсан байдаг.

Улмаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.Батхүүд 10 жилийн хорих ял, мөн түүнээс  109.093.910.000 төгрөгийг гаргуулж, "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГазар ХК-д 105.246.800.000 төгрөгийг, “Шунхлай групп” ХХК-д 3.847.110.000 төгрөгийг олгох, Э.Сүрэнд 35.000.000 төгрөгөөр торгох ял, Б.Мөнхжаргал, Ч.Ганзориг нарт тус бүр 14.000 /арван дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял, Г.Алтанд холбогдох хэргүүдийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тэдгээрийг цагаатгаж, шүүгдэгч Ш.Батхүүг Г.Алтан Э.Сүрэн нартай бүлэглэн хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.Батхүүгийн эдлэх ялыг 9 жилийн хорих ялаар тогтоож, шүүгдэгч Ч.Ганзоригт холбогдох торгох ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм. Тэгвэл уг хэргийг ирэх баасан гарагт Дээд шүүх хянан хэлэлцэхээр товлосон байна.

Эх сурвалж: www.polit.mn