Баатарын НЯМСҮРЭН

 

Урин дулааны улирал ургамлын харшил дагуулдаг.  Харшил судлаач эмч нарын нийгэмлэгийн  судалгаагаар манай улсын иргэдийн таван хүн тутмын нэг нь ямар нэгэн харшилтай гэсэн судалгаа байдаг. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Эрүүл мэнд” буландаа харшлын талаар  АӨСҮТ-ийн Поликлиникийн тасгийн арьс, харшлын эмч У.Саруулын зөвлөгөөг хүргэж байна.

 

Харшлын өмнө хэт мэдрэгшил үүсдэг

Хүрээлэн буй орчинд хортой харшлах бодис байгаа эсэхээс хамаарч зарим төрлийн өвчин үүсэж болдог. Үүний нэг нь харшил юм. Харшил нь дархлааны тогтолцоогоор үүсэж буй процесс юм. Харшлын шинж тэмдэг илрэхээс өмнө хүний биед хэт мэдрэгшил үүсдэг. Өөрөөр хэлбэл бага насанд эсвэл, өсвөр насанд нь биед анх удаа харшил төрүүлэгч орж ирэхэд түүний эсрэг үйлчлэх бодис үүссэн нь хүний дархлааны эсэд хадгалагдаж үлддэг ажээ. Үүний дараа тухайн харшил үүсгэгч нь  дахин хүний биед орж ирэхэд харшлын урвал явагдаж үүнээс үүдэж хэсэг газарт эсвэл эрхтэн тогтолцоог хамарсан шинж тэмдгүүд илэрдэг байна.

Долдугаар сарын дундаас шарилжны харшил эхэлнэ

Зуны улиралд ургамлын гаралтай харшил элбэг. Тиймээс одоо ургамлын харшил зонхилж буй. Хэрэв харшлын шинж тэмдэг дөнгөж илэрч эхэлж байвал урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь зөв. Ургамлын харшил нь дотроо үет, модлог, хогийн ургамлаас хамаарна. Энэ харшил нь сар сараар илэрдэг байна. Зургаа болон долдугаар сард үет ургамлын харшил, дөрөвдүгээр сараас зургадугаар сарын эхэн үе хүртэл модлог ургамлын харшил давамгайлдаг. Харин долдугаар сарын дундуур хогийн ургамал буюу шарилжаас үүдэлтэй харшил зонхилдог. Тус харшил нь есдүгээр сар дуустал явагдах ба зарим тохиолдолд арван сар гартал үргэлжилдэг гэнэ. Нийслэл хотод улиас мод их байдаг  нь харшилтай хүмүүст хүндрэл үүсгэдэг. Модны унгирал агаарт  дэгдэж харшил үүсгэх болжээ. Үүнээс харшилсан хүмүүс АӨСҮТ-өөр үйлчлүүлэх нь цөөнгүй байгаа аж.

 

Залуучууд ургамлаас түлхүү харшилж байна

Хүн амын насны ангиллаар нь авч үзвэл идэр залуу насныхан ургамлаас голдуу харшилдаг байна. Ургамлын гаралтай харшлыг шууд хараад оношлох боломж тун бага. Хэдий эмнэлзүйн үүднээс  тодорхой хэмжээнд мэдэж болох ч харшлын сорилоор дэлгэрэнгүй гарна.  Тухайн хүнд харшлын зовуурь, шинж тэмдэг илэрсэн бол сорил тавиулж ямар ургамлаас харшилсан эсэхээ мэдэх хэрэгтэй. Хатгах сорилоор ургамал тоос шороо, мөөгөнцөр, амьтны үс ноос, хоол хүнсний харшлыг илрүүлдэг. Уг сорилын хариу нь 15 минутын дараа  гардаг байна. Сорилыг харшил сэдрээгүй үед хийгддэг. Харин харшил сэдэрсэн үед цусаар шинжилгээ өгдөг.  Харшлын шинж тэмдэг илрээд эмнэлэгт хандахгүй дур мэдэж ямар нэгэн эм ууж, эмчилгээ хийх нь хүндрэх эрсдэлтэй. Тухайн хүн ямар зүйлээс харшлаад буй шалтгаанаа мэдсэнээр дарангуйлах эм, шинж тэмдгийн эсрэг эмчилгээ болон эрүүл дэглэмээр багасгах  боломжтойг мэргэжлийн эмч зөвлөж байна.

 

Хамгаалах хэрэгсэл ашигласнаар харшлаас сэргийлэх боломжтой

Маск, нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх нь харшлаас сэргийлэх нэг арга юм. Ургамлын тоосжилт ихэсдэг цагууд буюу 05:00-08:00, 15:00-20:00 цагт гадуур аль болох явахгүй, маск зүүхийг зөвлөж байна.  Борооны дараа гадуур явахгүй, гэртээ байж хаалга цонхоо хаах нь чухал. Харин цонх онгойлгосон үед нойтон марлаар хаалт хийх эсвэл цонхонд шүүлтүүртэй тор хийх хэрэгтэй. Гадуур хувцсаа солих, усанд орох, эсвэл үсээ угааж, нүүр ам хамраа сайтар угаах, зайлсанаар  урьдчилан сэргийлж болох юм. Гэр, ажлын тасалгаанд цэцэг тарихгүй байх нь харшил үүсэхээс хамгаална. Мөн ургамлын  гаралтай эм, дархлаа дэмжих эм бэлдмэл хэрэглэхгүй байх нь зөв.

 

Хүнд хэлбэрийн харшил хоол хүнснээс үүсдэг

Харшлын шинж тэмдэг нь ямар төрлийн харшил үүсгэгчээр нөхцөлдсөнөөс хамааран амьсгалын зам, арьс салст, хоол боловсруулах системийн зовиуриар илэрдэг аж. Тухайлбал, амьсгалын замын шинж тэмдгээр илрэхдээ нүд, хамар, хоолой загатнах, хамар битүүрэх, нус гоожих, найтаах, нулимс гарах, ханиалгах, цээж бачуурах, хэржигнэх, шуугиантай амьсгалах зэргээр илэрдэг. Мөн арьс хэсэг газарт загатнах, улайлттай арьсны тууралт, бүх бие загатнах, бэлцрүүт тууралт гарах  шинж тэмдгээр илэрч болно. Анафилакси буюу хүнд хэлбэртэй харшлын урвал, ямар нэгэн хоол хүнс хэрэглэсний дараа үүсэх нь бий.

 

Сэдрэлийн үеийг нь дарж, дэглэм барих чухал

Харшил нь бүрэн эмчлэгддэггүй. Харин сэдрэлийн үеийг нь дарж, дэглэм сайн барих чухал. Хүмүүс сэдрэл нь багасахаар эдгэчихлээ гэж эндүүрэх нь бий. Харин энэ нь намжсан байгаа юм. Харшил төрүүлэгчтэйгээ ойрхон байх үед сэдрэх магадлалтай. Анагаахын мэргэжилтнүүд одоог хүртэл харшлыг бүрэн эдгээх төгс эмчилгээг олоогүй байгаа юм. Харин тогтвортой эмчилгээ хийлгэвэл харшлын шинж тэмдгийг 10-15 жилийн хугацаанд дарах чадвартай гэсэн шийдэлд хүрчээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 127 (7112)