Б.ТУУЛ
Монголын газрын тосны үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтын ажлыг гацааж байгаа удирдлагуудад хариуцлага тооцуулах талаар өнөөдөр "Үндэсний мэдээллийн төв"-д барилгын ажлыг гүйцэтгэгч "Их даян бүүвэй" ХХК, "Баярс констракшн" ХХК, "Баян тосон" ХХК-ийн төлөөлөл мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тус гурван компанийн хуулийн зөвлөх н.Баярбаатар уг ажлыг үргэлжлүүлэхээр төрийн өндөр албан тушаалтнуудад шаардлага хүргүүлж буй талаар мэдээлэл өгөв.
Тодруулбал, ""Монголын газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн ажилчдын орон сууцны хотхоны хоёрдугаар ээлжийн 287 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг тус ТӨХХК-ийн удирдлага гацааж байна.
Үүнтэй холбогдуулан бид Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарт дараах шаардлагыг хүргүүлж байна" гэлээ.
Мэдэгдэлд дурьдснаар , нэгдүгээрт, "Монголын газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэгт хариуцлага тооцох. Хоёрдугаарт, II ээлжийн 287 айлын орон сууцны барилга угсралтын ажлын гэрээнд мэргэжлийн байгууллагуудын гаргасан дүгнэлтэд заасны үнийн дүнгийн тохируулга /зураг төсөл болон тоо хэмжээний зөрүү/ хийж барилга угсралтын ажлыг яаралтай эхлүүлж, хэвийн үргэлжлүүлж ашиглалтад оруулах шийдвэр гаргах хэрэгтэй гэжээ.
Мөн "Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс газрын тос үйлдвэрлэгч орон болж түлш, шатахууны импортын хараат байдлаас гарна. Бүс нутагт дахь улс төр, эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх түүхэн бүтээн байгуулалт" гэсэн байр суурийг гүйцэтгэгч компаниуд илэрхийлэв.
Эх сурвалж: www.zms.mn