Б.ТУУЛ
Нийслэлчүүд төдийгүй гаднаас ирсэн жуулчдын хамгийн ойрын аялал зугаалгын маршрутад Тэрэлжийн бүс нутаг багтдаг билээ. Улаанбаатар хотоос зүүн тийш 50-76 км зайд орших байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ газар нь хад асга бүхий уулын тогтоцоороо жуулчдын анхаарлыг их татдаг.
Иргэдийн амралт зугаалгын үе эхэлж байгаатай холбоотойгоор Тэрэлжийн бүс нутагт заавал үзэх дурсгалт газруудыг цувралаар танилцуулж байна. Энэ удаа таньд "Мэлхий хад"-ны тухай түүхийг сонирхуулъя.
МЭЛХИЙ ХАД: Энэ хадны өндөр 24 метр бөгөөд урьд өмнө “Мөнгөт хад” гэдэг нэртэй байжээ. Домогт өгүүлснээр, Зуун модны тулалдаанд Галдан бошигт Манжтай хүч тэнцвэргүй тулалдаан хийж ихээхэн хохирол амсаж бүслэлтээс гаран зугтаж Мэлхий хадны орчимд үлдсэн хүчээ бөөгнөрүүлэн түр саатжээ.
Дайснууд араас нь хөөн дайрахаас болгоомжлон баруун тийш зугтах бэлтгэлээ базааж, хэдэн тэмээнд ачаалсан алт, мөнгөө Мэлхий хадны орой дээр гаран хавцал руу хийж орхиод явах болоход Манжийн хаанаас бэлгэнд ирсэн хатан нь алт мөнгөндөө хоргодоод явахгүй болохоор нь нуусан мөнгөн дээрээс хийж орхиод баруун тийш явжээ.
Үүнээс хойш Мэлхий хадыг Галдан бошготын мөнгийг хадгалж буй Мөнгөт хад гэж нэрлэдэг болжээ. Тэр цагаас хойш нутгийн хүмүүс Мөнгөт хадыг хүндэтгэн тахиж, идээнийхээ дээжийг өргөн хурайлж, хүслээ шивнэдэг болжээ.
Эх сурвалж: www.zms.mn