Баатарын НЯМСҮРЭН
Өрөөнд дахин давтагдашгүй өвөрмөц загвар хийцтэй баримлуудыг эгнүүлэн тавьсан байв. Үүнийг урлаач С.Түмэндэмбэрэл ур ухаанаа шингээж бүтээсээр иржээ. Түүнийг “Зууны мэдээ” сонин “Урлан” буландаа урилаа.
Дуртай үлгэрийн баатраа худалдан авсан хүү 800 мянган төгрөг хуримтлуулжээ
Хүүхдийн дуртай үлгэрийн баатрын дүрс бүхий мөнгө цуглуулдаг баримал урладаг хөдөлмөрч нэгнийг С.Түмэндэмбэрэл гэдэг.Тэрбээр дөрвөн жилийн өмнөөс 10 төрлийн үлгэрийн баатар хийж, баримлынхаа гарааг эхэлжээ. Харин цаг хугацаа өнгөрөх тусам бүтээлийн тоо нэмэгдэж 40 төрлийн үлгэрийн баатар урладаг болсон байна. Түүний хийсэн бүтээл нь хүүхдүүдэд багаас нь мөнгөний үнэ цэнийг ойлгуулах ач холбогдолтой гэдгээрээ онцлог. Нэгэн жишээг дурдахад дуртай үлгэрийн баатрын дүрс бүхий мөнгө цуглуулдаг баримал худалдан авсан хүү 800 мянган төгрөг хуримтлуулж чаджээ. Мөн хүүхдүүд хайртай үлгэрийн баатраа худалдан авч цуглуулга болгож хадгалдаг гэнэ.
Нэг баримал хийхэд 15-20 минут зарцуулдаг
Түүний том хүү нь баримал хийх санааг гаргаж байсан аж. Тухайн үед хүү нь гадаадад явж байхдаа шохой ашиглаж хийсэн баримлыг хараад “Ааваа Монголд очоод ийм үлгэрийн баатар хийе” гэжээ. Ийнхүү хүүхдийнхээ санааг дэмжсэн нь өнөөдрийн түүний урлангийн эхлэл болжээ. Энэ тухайгаа тэрбээр “Мэдээж аливаа зүйлийн эхлэл амаргүй. Анх үлгэрийн баатар урлахад олон удаа бүтэлгүйтсэн. Гар ажиллагаа их шаарддаг учраас амаргүй байсан үе бий. Гэхдээ уйгагүй хөдөлмөрлөж тууштай байснаар сурсан” гэлээ. Тэрбээр 22-30 см хэмжээтэй үлгэрийн баатруудын дүрс бүхий барималуудыг урладаг байна. Нэг баримал хийхдээ 15-20 минут, хатаахад гурван өдөр зарцуулдаг гэв.
Хайртай үлгэрийн баатраа будах нь тогтвортой суух төлөвшилд сургана
С.Түмэндэмбэрэл нь баримал хийх материалаа Орос улсаас захиалж авдаг гэнэ. Хүний биед сөрөг нөлөөгүй материал ашигладаг бөгөөд будах гуашийг нь сонгохдоо хамгийн сайныг нь авч бүтээлдээ ашигладаг. Мөн баримал худалдаж авч буй хүүхдүүдэд гуаш дагалдуулж өгдөг аж. Ингэснээр хүүхдүүд өөрсдөө өнгө ялгаж будах боломжийг олгож байгаа гэдгийг нийтлэлийн баатар маань хэлж байв. Тэрбээр ”Хүүхдэд гоо зүйн боловсрол олгох зорилгоор өхөөрдөм үлгэрийн баатрууд урладаг. Хүүхэд хайртай үлгэрийн баатраа будах нь тогтвортой суух төлөвшилд суралцахаас гадна эд зүйлээ хайрлаж сурна. Би бүтээлээрээ дамжуулан гэр бүлийн халуун дотно харилцааг бий болгох, цагийг зөв боловсон өнгөрөөх, хүүхдийг өөрийн гэсэн үзэл бодолтой болгох, өнгө болон гоо зүйн боловсрол олгох зорилго өвөртлөн ажилдаа шамддаг” гэв. Мөн гэр бүлийн бизнесээ цааш өргөжүүлэх бодолтой байгаагаа хуваалцсан юм. Хүүхдүүд түүхий эд материалаар баримал хийхийг заалгаж, өөрсдийн хийсэн бүтээлээ авч явах урлантай болохоор төлөвлөсөн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 125 (7110)