Ц.МЯГМАРБАЯР
Нийслэлийн зүрхэн хэсэгт байрлах бидний хэлж заншсанаар Хүүхдийн парк шинэчлэгдэж олон улсын стандартад нийцсэн өөрөө нөхөн төлжих чадвартай ногоон байгууламж бүхий амьд парк болх цаг ойрхон байна. Энэ төслийг “Рио Тинто Монгол” компани уур амьсгалын өөрчлөлтөд хувь нэмэр оруулахын зэрэгцээ нийгмийн хариуцлагын хүрээнд 2023-2027 онд хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулсан. Манай улсын нэг хүнд ногдох ногоон орон зай 4-6 м/кв. Олон улсын стандарт 24 м/кв. Нэг хүнд ногдох орон зайг нэмэгдүүлэх нь уур амьсгалын өөрчлөлт болоод нийгмийн сайн сайхны төлөөх үйлс юм.
Хүүхдийн паркийн баруун жигүүр дэх 10.2 га талбайг ногоон байгууламжаар тохижуулж, дөрвөн жилийн дараа олон нийтэд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа. Энэхүү “Паркаа хамтдаа бүтээе” төсөлд иргэдийн оролцоог хангахын тулд өнгөрсөн оны IV улиралд иргэдээс 10 мянга орчим санал хүлээн авч, хүмүүс энэ талбайд юу байлгахыг хамгийн их хүсэж буйг судалж, түүнд үндэслэн зураг төслөө боловсруулжээ. Төслийн багийнхан ирээдүйд бий болох ногоон паркийн дэлгэрэнгүй зураг, концепцээ саяхан танилцуулсан юм. Тус хүрээлэнгийн 80 хувь нь ногоон байгууламж, ботаникийн цэцэрлэг, 20 хувь нь тухлах талбай буюу суух сандал, саравч, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай зэрэг байх юм. Хоёр орчим га талбайг нь “Амгалан зүлэг”буюу хэвтдэг зүлэг болгоно. Энэ нь маш их усалгаа, арчилгаа шаадлагатай аж. Энэ зүлгэн дээр иргэд иог хийж амарч хэвтэх боломжтой. Түүнчлэн найман га талбайг зүлэгжүүлнэ. Долоон метр өргөнтэй алхалтын зам байгуулна. Мөн 800 метр орчим талбайг хоёр хувааж урд хэсэг нь амрах бүс, хойд хэсгийг нь идэвхитэй бүс болгож тохижуулна. Идэвхитэй бүсийн баруун хэсэгт дасгал хөдөлгөөн хийх, төрөл бүрийн хөтөлбөрт арга хэмжээ зохион байгуулдаг болгох юм. Зүүн хэсэгт нь сонирхогчдын түвшинд зориулсан скэйтбоардын талбай байгуулах бол урд хэсгийг өглөөний гудамж болгон тохижуулж ажил хэрэгч хүмүүсийн уулзалтын орчин бүрдүүлэх юм. Бас нохойн парк бий болгож тэжээвэр амьтад тэжээгчдийн уулзалтын талбайг “Азтай савар “ТББ байгуулахаар болжээ. Номын клубуудын уулзалт өдөрлөг болж экологийн боловсрол олгох сургалтууд болох боломжийг бүрдүүлнэ. Ер нь гэр бүлээрээ цагийг амар тайван орчинд хөгжилтэй өнгөрүүлэх орчин бүрдэнэ гэсэн. Мөн энэ хэсэгт үдшийн парк байгуулна. Аюулгүй байдлыг хангах үүднээс гэрэлтүүлэг хийж, гэрлийн бохирдлыг дээд зэргээр хангах зэргээр маш нарийн ажиллагаанууд хийхээр төлөвлөжээ. Ийнхүү хотын төвд олон нийтэд зориулсан тухтай орчин бий болгосноор эрүүл мэнд талаас иргэдийн стресс буурах, сэтгэл санаа тайван байх, сэтгэл ханамжийн түвшин нэмэгдэх, нийгмийн хүчин зүйлс талаас соёлыг дэмжиж, нийгмийн ялгаатай байдал буурч, нэгдмэл байдлыг дэмждэг ач холбогдолтой хэмээн төслийн багийнхан онцолж байна.
Гэхдээ эдгээр 3D зургууд шиг үзэсгэлэн төгөлдөр паркийг бий болгоход нэг зун хангалтгүй. Анхны ногоон ургамлыг суулгахаас эхлээд багадаа гурван жил, нийт 10 орчим жил хүлээх хэрэгтэй болно. Учир нь, тохижуулах талбайн хөрсийг шинэчлэх, модыг шинээр тарьж ургуулах, усалгааны системийг бий болгох, цаашид өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай амьд цэцэрлэгт хүрээлэн босгоход олон хүний хүч хөдөлмөр, цаг хугацаа орох аж. Хот доторх цэцэрлэгт хүрээлэн бол олон нийтэд зориулсан нээлттэй, ногоон орон зай бөгөөд орчны тоосжилт, агаарын бохирдол, дуу чимээний бохирдол зэргийг шүүж, өөртөө шингээдэг онцгой ач холбогдолтой, чухал бүтээн байгуулалт юм. Ийм цэцэрлэгт хүрээлэн хотын оршин суугчдын биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндэд гайхалтай ач тустай, олон нийтийн үнэт өмч болдог тухай судлаачид хэлсээр ирсэн. Дэлхийн том хотуудад ийм нийтийн орон зайг хамгаалсан ногоон парк олон байдаг.
Эдгээрийн зөвхөн хэвтэж амардаг ногоон зүлгэн талбайн хэмжээ 10 га орчим байдаг байна. Харин манай паркийн нийт хэмжээ 10.2 га талбайг эзлэнэ.
Хэдийгээр жижиг талбайтай ч паркад байх бүхий л зүйлсийг багтааж зураг төслөө боловсруулсан байна. Ногоон байгууламжийг бүтээхээр “Үржих үр” хэмээх компани шалгарсан гэлээ. Ирэх жилийн хавар гэхэд бүтээн байгуулалтын ажил дуусах бөгөөд үүний дараа бут, сөөг, зүлэг ногоо тарих ажил бусад бүтээн байгуулалт эхэлнэ. Ингээд гурван жилийн хугацаанд ургах, нөхөн төлжилтийг тэвчээртэйгээр хүлээх шаардлага нийслэлчүүдийн өмнө ирнэ. Өөрөөр хэлбэл, 2027 он гэхэд бид паркаараа зугаалж зүйл бүрийн мод, ургамал, цэцэг алагласан ногоон паркдаа төрөл бүрийн зүйлс хийж, жилийн дөрвөн улирлыг идэвхтэй, таатай өнгөрөөж болох нь ээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 125 (7110)