Доржийн ОЮУНЧИМЭГ
ТӨСВИЙН ТОДОТГОЛ БА БОДЛОГЫН ХҮҮ
Монголбанк мөнгөний бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Манай өмнөд хөршийн эдийн засгийн идэвхжил сайжирч байгаа хэдий ч дэлхийн эдийн засгийн төлөв тодорхой бус байдал үргэлжлэхээр байгаа учраас бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Тухайлбал, геополитикийн хурцадмал байдлаас үүдэлтэй эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ болон дэлхийн томоохон төв банкуудын хэрэгжүүлж буй мөнгөний хатуу бодлого гол нөлөө үзүүлж байна. Түүнчлэн, БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын өсөлтийн төлөв саарах эрсдэлтэй байгааг олон улсын шинжээчид анхааруулж байна” гэсэн юм.
Хэдийгээр урд хөршөөс хамаарсан экспорт сэргэснээр дотоодын эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж, энэ оны эхний улиралд 7.9 хувиар өссөн ч АНУ, Евро бүсийн санхүүгийн системд үүсч буй тодорхой бус байдал нь глобал өсөлтийн хүлээлтэд сөргөөр нөлөөлж байгаа аж.
Нөгөөтэйгүүр инфляц тавдугаар сард улсын хэмжээнд 11.3 хувьтай гарсан. Үүнд хүнсний үнэ өсөж үйлчилгээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнээс гадна импортын барааны үнэ төдийлөн буурахгүй байгаа нь инфляцид нөлөөлж буй хүчин зүйл. Энэ онд нийлүүлэлтийн болон зардлын шалтгаанаар үнэ өссөн дээрх нөлөөгөөр инфляцын буурах хурд удаашрахаар байна хэмээн Төвбанкныхан үзжээ.
Монголбанк эдийн засгийн сэргэлт, инфляцын төлөв, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс, олон улсын харилцааны нөхцөл байдалтай уялдуулан мөнгөний бодлогын дараагийн алхмуудыг тухай бүр авч хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдэлдээ тэмдэглэжээ.
Түүнээс гадна УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийг 1.8 их наяд төгрөгөөр тэлж, цалин тэтгэвэр болон бусад халамжийг нэмэхээр болсон. Төсвийг тэлэх нь инфляцад хэрхэн нөлөөлөх талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Төсвийг 1.8 их наядаар тодотгосон. Энэ хэмжээгээр эдийн засаг руу мөнгө орно гэсэн үг. Төсвийн 1.8 их наядын 900 гаруй тэрбум нь цалингийн өсөлт. Иргэдийн гар дээр очих мөнгө учраас өрхийн орлогыг нэмнэ. Энэ нь өрхийн хэрэглээ, худалдан авалтад нөлөөлж эдийн засгийн өсөлтийг дэмжинэ. Гэхдээ нөгөө талдаа инфляц өндөр байгаа энэ үед төсвийн тэлэлт инфляцид нөлөөлж нэмэгдүүлнэ” гэсэн юм. Арга ч үгүй эрэлтийг нэмэгдүүлж, нийлүүлэлтэд нөлөөлснөөр үнэ өсөх нөхцөл бүрэж буй хэрэг. Тиймээс энэ удаад Монголбанкинд бодлогын хүүгээ бууруулах орон зай үлдэхгүй гэдгийг зарим эдийн засагчид тайлбарлаж байсан юм.
ЗОЧДЫГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БОЛГОЖ ҮЛДЭЭХ ҮҮ?
Энэ долоо хоногт дэлхийн экспортыг дэмжих 20 дахь удаагийн чуулган манай улсад болно. Чуулганыг Олон улсын худалдааны төвөөс жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жил Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол Улсад зохион байгуулж буй. Энэ удаа “Ногоон худалдааг хөгжүүлэх болон органик, дижитал тогтвортой хөгжил” сэдвийн хүрээнд болох аж.
Гадаад худалдааны эргэлт өнгөрсөн онд 32 хувиар өссөн нь эдийн засаг 4.8 хувь болж өсөхөд нөлөөлсөн. Энэ нь нүүрсний үнийн өсөлт болон урд хөршийн эдийн засгийн сэргэлтийн үр дүн хэмээн судлаачид хэлж байна. Манай улсын экспортын 90 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Үүний 80 гаруй хувь нь Хятад улс руу явж байна. Бид эдийн засгаа солонгоруулж, экспортын гарцаа нэмэгдүүлэх гарц, арга замыг зайлшгүй эрэлхийлэх шаардлагатай. Гэхдээ өнгөрсөн хугацаанд чамгүй ажил хийж, хэрэгжүүлж байсныг албаныхан тайлбарлаж байв. Нөгөөтэйгүүр гадаад худалдааны бүтэц суурь муутайн дээр далайд гарцгүйн улмаас хугацаа алдах, ложистикийн зардал өсөх зэрэг асуудлууд монголчуудад бий.
Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Эдийн засаг, хөгжлийн яам гадаад худалдааг хариуцдаг. Экспортыг сайн дэмжиж байж Монгол Улс хөгжинө. Үндсэндээ худалдааг нэмж, бидэнд байгаа боломжуудыг илүү гаргаж өгөөч гэж хүсэж байна. Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулна. Энэхүү чуулга уулзалтын гол үр дүнд дэлхийн худалдааны төв байгууллагаас жижиг, дунд, бичил аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилготой” хэмээн МҮОНТ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт орох үеэрээ ярьж байв. Энэ бол монголчуудын тэр дундаа бизнес эрхлэгчдийн хүсэл. Экспорт нэмэгдэх хэрээр валютын урсгал дотооддоо шингэхийн сацуу бизнес тогтворжих учиртай. Энэ жил Монголд зочлох, аялах жил. Тэгэхээр энэ урсгалыг дагаад манай улсыг сонирхож байгаа болон суралцах, санаа оноогоо хуваалцах зорилготой олон зочин ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Харин зочдыг хөрөнгө оруулагч болгож үлдээх нь чухал юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 125 (7110)