Б.БЯМБАЖАРГАЛ
Хуурамч мэдээллүүдийг олны дунд түгээх, нийгмийн амгалан тайван байдлыг санаатайгаар алдагдуулах нарийн процесс байдаг. Түүнийг шинжлэх ухаанд “хурц хүч” хэмээн томъёолдог. Өөрөөр хэлбэл спорт, кино, соёлоороо аливаа улс орон “зөөлөн хүч”, дайн тулаанаар “хатуу хүч”-ийн баганаа босгодог бол үүнтэй адил худал хуурмаг, олныг бухимдуулсан, эсвэл санаатайгаар төөрөлдүүлсэн мэдээллүүдийг интернетээр цацан “хурц хүч”-ийг бий болгох явдал түгээмэл болжээ.
Тэгвэл хуурамч мэдээллийг ялган салгаж, баттай эх сурвалж бүхий мэдээллийг таньж мэдэх дархлааг хэрхэн тогтоох вэ?
Сэтгүүл зүйн Инновац хөгжлийн үүр төвийн дэргэдэх Монголын баримт шалгах төвөөс Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр цахим хэрэглэгчдийг хуурамч мэдээллийг ялгаж, таньдаг болгох, түүнийг баримтаар шалгаж сургахад чиглэсэн “Нягталъя” аяны тусгай өдөрлөгийг уржигдар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан юм.
Амралтын нэг өдрөө ая тухтай өнгөрөөхөөр цэцэрлэгт хүрээлэнд цугларсан 100 гаруй хүн “Нягталья” нэртэй асарт цугларав.
Сэтгүүл зүйн Инновац хөгжлийн үүр төв ТББ-ын тэргүүн Б.Дуламхорлоо өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ мэдээллийн боловсролын тулгамдаж байгаа асуудлыг онцлоод “Бүх мэдээлэлд эргэлзэн хардах хэрэггүй, харин баталгаатай мэдээллийг таньдаг, баталгаатай эх сурвалжуудыг мэддэг байх нь чухал. Мэдээллийг таньж мэдэх аргад хэрхэн хүрэх хөтөч нь болоход сургалтын үр дүн оршино” хэмээн онцолсон юм.
Технологи хөгжихийн хэрээр мэдээллийн хурд нэмэгдэж, олон янзын платформуудаар дамжсан мэдээллийн урсгал дунд бид амьдарч байна. Тиймээс өнгөц харсан, гарчгийг нь гүйлгэн харсан, видеог нь хальт үзсэн мэдээлэл бүхэнд итгэх нь хүмүүсийн ажил амьдралд төсөөлшгүй бэрхшээл, хохирлыг бий болгодог аж.
Монголын баримт шалгах төвийн ерөнхий эрхлэгч Э.Батцэцэгээс тус аян бодитоор хэрхэн үр дүнгээ өгч буйг тодруулахад "Нягталъя" аяны хүрээнд бид олон нийтэд мэдлэг ойлголт өгөх зорилготой контентууд бэлтгэж, түгээж, мөн онлайн болон танхимын сургалт хийгээд байна. Энэ оны эхээр гэхэд “Мөнгөө шилжүүлээд блоклуулчихлаа”, “Хаягаа алдчихлаа” гэх мэтээр цахим залилангийн хохирогч болсон хүмүүс өдөрт 4-5 удаа манай төвд ханддаг байсан. Бидний ажил хуурамч, ташаа мэдээллийг хэрхэн таньж, өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалах талаар мэдлэг, мэдээлэл өгөхөд чиглэдэг. Тиймээс хүмүүст зөвлөгөө, мэдээлэл өгч ирсэн. Одоо бол дээрх шиг хүсэлт сард 1-2 л ирэх болсон төдийгүй залилангийн шинж чанартай мэдээллийг хэрэглэгчдийн дийлэнх нь таньдаг болж, бусдадаа луйвар шүү гэж анхааруулах байдал ажиглагдаж байна” хэмээн өгүүлсэн юм.
Тус төвийн баримт шалгагч Ш.Билгүүн, Ж.Өнөмөнх нар “Хуурамч мэдээллийг хэрхэн таних вэ?” сэдвээр чөлөөт ярилцлага хийж, оролцогчдын дунд сургалтаас олсон мэдлэгээ сорих хөгжөөнт тоглоом зохион байгуулав.
Сургалтад найман настай балчраас 80 настай буурлууд ч оролцсон юм. Тэдний төлөөллүүдтэй уншигчдаа уулзуулья.
Ийм төрлийн сургалтууд олон удаа зохиогдоосой
Амралтын өдрөө ая тухтай өнгөрөөхөөр “Нягталья” асарт зочилсон эмээ, охин хоёр нүдэнд содон тусав. Тэд Монголын баримт шалгах төвийн танилцуулга, мэдээллийн хуудсуудтай танилцан, мэдээллийн боловсрол олгох самбаруудыг сонирхож байлаа. Тэднийг сургалтад суусны дараа ярилцав.
-Өөрсдийгөө танилцуулна уу?
-Намайг Н.Хандсүрэн гэдэг. Тэтгэвэртээ гараад 7-8 жил болж байна.
-Ц.Хонгорзул, 9-р сургуулийн сурагч.
-”Нягталъя” аяны хүрээнд болж буй сургалтад оролцоод юу мэдэж, сурч авсан талаар товчхон ярилцъя…
Н.Х: Би сошиалд тийм ч их идэвхтэй биш. Гэхдээ ач, зээ нарынхаа зургийг үзэх гэж сүүлийн үед фэйсбүүк хэрэглэх болсон. Фэйсбүүкээр орохоор үнэн худал мэдэгдэхгүй бөөн мэдээнүүд байдаг. Алинд нь итгэх, эргэлзэхээ үнэндээ мэддэггүй. Харин энэ сургалтад сууснаар мэдээллүүдийг ялгаж таних, тэнд тавигдсан бүхэн үнэн гэж бодвол эндүүрэл гэдэг тухай л бодож сууна.
Ц.Х: Би ихэвчлэн фэйсбүүк хэрэглэдэг. Энэ сургалтад сууснаар мэдээллүүдийг хэрхэн таньж сурах талаар улам мэдмээр санагдаж байна. Аав, ээж маань цахим орчинд байгаа мэдээлүүдийг хамаагүй шэйрлэж болохгүй, залиланд өртөх зэрэг аюултай гэж хэлдэг л дээ. Яг ийм чиглэлийн сургалтууд олон зохигдоосой гэж хүсэж байна.
Анхан шатны гурван аргыг хэрэглэж дадна
Шилжилтийн насны хүүхдүүдийн мэдээллийн боловсролд анхаарах, тэднийг дэлгэцээс хол байлгах асуудал зөвхөн манай улсын биш, дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа. Ялангуяа мэдээллийг таньж мэдээгүйгээс болж янз бүрийн эрсдэлтэй тулгарах нь түгээмэл. Тэгвэл энэ удаагийн сургалтын оролцогч, “Шинэ Монгол” сургуулийн сурагч Г.Цэлмүүнээс дараах асуултад хариулт авлаа.
-Цахим орчинд хэр идэвхтэй вэ?
-Идэвхтэй. Фэйсбүүк, инстаграм их ашигладаг.
-”Нягталья” аяны хүрээнд зохиогдож байгаа сургалтаас юу мэдэж авав?
-Хуурамч мэдээлүүд ямар онцлогтой байдаг талаар мэдэж авлаа. Тухайн мэдээллийн бодит байдлыг нягтлахдаа хаягийг шалгах, зураг ашигласан байвал түүнийг нь интернэтэд хайж, хаана ямар мэдээлэлд ашиглаж байсан түүхийг үзэх, гол агуулгыг нь илэрхийлж байгаа түлхүүр үгээр бусад платформоос хайж үзэх гэсэн анхан шатны гурван аргыг хэрэглэж дадах хэрэгтэй гэсэн мессеж авсан. Эдгээр нь үр дүнтэй арга гэж бодож байна. Найзууддаа ч энэ талаар хэлнэ ээ.
Зургийн уралдаантай, асуулт, хариулттай, комедиантай өдөрлөг
Монголын баримт шалгах төвөөс энэхүү өдөрлөгт оролцсон 30 гаруй хүүхдийн дунд “Миний мөрөөдөл” сэдэвт гар зургийн уралдаан зохиосон юм. Тусгайлан зассан ширээнд хүүхдүүд зургаа зурж, самбарт байрлуулснаар зургуудыг үзэж сонирхсон хүмүүс таалагдсан бүтээлдээ стикер наан, хэн олон стикер цуглуулсан нь ялагч болж тэргүүн болон тусгай байруудын шагнал хүртсэн. Хүүхдүүдийн зургийг ажиглаж байхад мэдээлэл, технологи руу чиглэж байв. Нэгэн хүү зургийнхаа агуулгыг Зохион бүтээсэн эко машинаа дэлхийн дулаарлын эсрэг аянд хандивлана хэмээн тайлбарласан бол хуурамч мэдээллүүд хүмүүсийн дунд стресс үүсгэдэг учраас бухимдалгүй Монголыг бүтээхийн тулд зөв мэдээлэл түгээе гэсэн уриатай ч зураг байв.
Мөн насанд хүрэгчдийн дунд мэдээллийн боловсролыг шалгасан асуулт хариултын тэмцээн зохиогдсон бол "Big Sistas Comedy Crew"-ийн комедиан Кенна, Номи, Томоко, "Comedy Lab"-ийн комедиан Ганга нар оролцож мэдээллийг таниагүйгээс үүдэн ямар эрсдэл гардаг тухай сэрэмжлүүлэг болон өөрт тохиолдсон хөгжилтэй явдлуудаасаа ярьсан юм.
Ийнхүү иргэд долоо нягталж нэг шэйрлэх нь яагаад чухал гэдгийг бодитоор мэдэн авч, тархиа цэнэглэнгээ нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 125 (7110)