Г.АНУЖИН
Монголын бурхан шашны төв, Гандантэгчэнлин хийдээс нийгэмд үүсээд буй нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурал хийлээ.
Гандан телевизийн захирал Ж.Одгарьд:
-Шүүхээр гэм буруутайд тогтоогдоогүй тохиолдолд бид хэн нэгнийг гэм буруутайд тооцож болохгүй. Анх зургадугаар сарын 15-нд мэдээлэл гарсан даруйд Гандантэгчэнлин хийдийн удирдлагууд, харъяа дацан сургуулийн багш нар цуглан хуралдаж, цагдаагийн байгууллага болон хуулийн байгуулагуудад хандаж хянан шалгах ажиллагааг эхлүүлсэн юм. Сүүлийн үед хууль хяналтын байгууллага гэм буруутайд тогтоогоогүй байхад олон нийтийн сүлжээгээр нийтээрээ харлуулах байдал хэрээс хэтэрч байна. Гандантэгчэнлин хийд бол соёлын өвийн онцгой бүс олон зуун жил оршин тогтнож ирсэн монголчуудын оюуны соёлын үнэт өв юм. Үүнтэй зүй бусаар харьцах, соёлын өвд халдах, монголд буй нийт гандан, сүм хийдүүдийг харлуулах, энэ хэргийг үйлдсэн мэтээр ойлгуулах, хууль хяналтын байгууллага баталсан мэтээр нэр бүхий улстөрчид улс төр хийж байгаа нь зохимжгүй асуудал гэж үзэж байна. Нийгэмд үүссэн уг асуудалд бид маш их цочирдож, энэ асуудлыг сонсоход, ярихад хүртэл эвгүй санагдаж байна. Цаашид хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үнэн зөв явагдах байх гэж бодож байна. Иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллагууд өндөр хариуцлагатай, үнэн зөв, тэнцвэртэй мэдээллийг түгээхийг хүсье. Хүүхдүүдийн нэрийг зарласан нь хүүхдийн халдашгүй эрхэнд халдсан гэж үзэж байна. Энэ нь тухайн хүүхдүүдийн сэтгэл зүй, ар гэрийн хувьд хэцүү байгаа. Тиймээс Гандантэгчэнлин хийд хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалах асуудлыг нэгдүгээрт тавьна. Гэм буруутай эсэх нь тогтоогдсон үед шат дараатай арга хэмжээнүүдийг авч ажиллана.
Энэхүү хурлыг хийж буй бид хэн нэгнийг, өөрсдийгөө болон хийдийг, шашны нэр төрийг өмгөөлөх гэсэнгүй. Нийтээр нь гутаан доромжлож буйд харамсаж байна.
Гандантэгчэнлин хийдээс тухайн үйл явдал болсон байж болзошгүй өдрөөс эхлэн хариу арга хэмжээ авч байгаа. Харьяа дүүргийн удирдлага, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Гэр Бүл Хүүхэд Залуучуудын хэлтэс бидэнтэй хамтран ажиллаж байна. Гэр Бүл Хүүхэд Залуучуудын хэлтэстэй хамтран 20 гаруй ажил хэргийг төлөвлөсөн. Хувь хүний болон хүүхдийн эрхийн сургалтууд, хууль эрх зүйн ойлголт, олон нийтийн сүлжээнд яаж хүүхдүүдээ хамгаалах тухай зэрэг ажлуудыг энэ долоо хоногт зохион байгуулж байна.
Гандантэгчэнлин хийдэд сурч буй 16 нас хүртэлх нийт 162 хүүхэд бий
-Тодорхой ар гэрийн шалтгаантай, орон нутгаас ирсэн, амьдарлын хүнд шалтгаантай хүүхдүүд дотуур байранд суудаг. Хүүхдүүд дотуур байранд орохдоо
эцэг эхийн хүсэлт, хүүхдийн тодорхойлолт зэрэг материалыг бүрдүүлдэг. Мөн амралтын өдрүүдээр аав ээжтэйгээ уулзаж, гэртээ харьдаг. Хийдийн дотуур байр 2019 онд ашиглалтад орсон, өрөөндөө хоёр хүүхэд амьдрах сүүлийн үеийн тохижилттой, дотроо ариун цэврийн өрөөтэй, гал тогоотой. Мөн 24 цагийн харуул хамгаалалттай, хууль ёсны дагуу камержуулалттай. Нийт таван багштай, шашны болон ерөнхий боловсролын сургалттай. Ойролцоо насны буюу 11-13 насны хүүхдүүд нэг өрөөнд, 16-17 насны хүүхдүүд бол өөр дотуур байранд байдаг. Хэрвээ тийм зүйл болсон бол үнэхээр харамсалтай. Бидний хүүхдүүд юу үзэж, юу сонсож, юу сурч байгааг анхаарах цаг болсон байна. Энэ асуудалтай холбоотой хүүхдийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтантай хамтарч ажиллаж байна. Эцэг эхийн хараа хяналт дор нэг нэгээр нь уулзаж байгаа бөгөөд лам нар, хүүхдүүдийн сэтгэл зүйг онцгой анхааран ажиллана.
Гандантэгчэнлин хийдийн Тамгын лам С.Сайнсүр:
-Гандантэгчэнлин хийдэд уг асуудал өмнө нь гарч байгаагүй. Үүссэн байж болзошгүй нөхцөл байдлын талаар тэр дор нь холбогдох хуулийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Урьд нь хүүхдийн эрх, хүний эрхийн асуудлаар хэд хэдэн удаагийн шалгалт, сургалтууд орж байсан. Одоогийн үүссэн байж болзошгүй нөхдөл байдалд хуулийн байгууллагууд эцсийн байдлаар дүгнэлт хэлэх хүртэл хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа.
Гандантэгчэнлин хийдийн нийгэм, олон нийт хариуцсан тэргүүлэгч н.Мөнхбаатар:
-Хүүхдийн нэрийг зарласан явдал нь хүүхдийн эрхэнд маш ноцтойгоор халдсан харамсалтай хэрэг болсон. Тухайн хүүхдүүд энэ хэргээс болж нийгэмд гадуурхагдах бодитой нөхцөл байдал үүссэн хэмээн харж байна. Монгол болон Энэтхэгт суралцаж буй маш олон хүүхдүүдийн эрхэнд халдаж, гутаан доромжилж байгаа асуудал маш ихээр гарч байна. Аливаа асуудалд цензуртэй хандаасай. Монголчууд хоорондоо эв зүйтэй байж, энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийг хүсэж байна.
Гандантэгчэнлин хийдийн цорж лам, гавж Чойжилсүрэн:
-Би 1990 оноос хойш энэ хийдэд шавилан сууж байгаа бөгөөд ийм асуудал буддын шашинд байдаггүй зүйл. Энэ асуудлаас үүдэн төрийн албан тушаалтнууд байр сууриа илэрхийлж болчимгүй үйлдлүүдийг гаргаж байна. Энэ бол байж боломгүй зүйл. Яагаад гэвэл Монголын бурхан шашны сахил санаваар, жаяг гэж байдаг. Үүнд, хамгийн доод түвшний сахил нь эхнэртэй байж болно. Зөвхөн эхнэр хүнтэй хурцал үйлдэж болох бөгөөд, зүй бусаар эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орж болохгүй. Хамгийн бага түвшинд эмэгтэй хүн дээр ингэж яригдаж байхад эрэгтэй хүнтэй бол бүр ч болохгүй. Энэ бол гаж үзэгдэл бөгөөд үүнийг бурхан багш 2500 жилийн өмнөөс номлосон байдаг. Энэ бол хүсэл тачаалаас үүсдэг зүйл бөгөөд үүнийг хорихын тулд явдаг учраас ийм зүйл байхгүй гэдгийг тодотгон хэлмээр байна. 1937 оноос хойш хийсэн тайз дэлгэцийн уран бүтээлүүдэд тусгаснаар хэлмэгдүүлэлт үргэлжилж байна. Энэ асуудлыг хүн бүр нягталж, буддын шашны сургаал номлолыг харьцуулж өөр өөрсдийн дүгнэлтээ гаргахыг хүсэж байна.
Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга н.Бямбажаргал:
-Уг хүүхдийг мэдээлэл гарангуут хөөж явуулсан гэдэг нь худлаа. Тухайн хүүхдийн ээж дотуур байранд өглөөнөөс, орой хүртэл хүүтэйгээ хамт амьдардаг байсан. Сүүлдээ бага насны охинтой хамт дотуур байранд хонох гэсэн бөгөөд лам нарын байранд энгийн хүн болон эмэгтэй хүн хонож болохгүй гэх шаардлага тавьсан. Тухайн дацангийн багш нарын зүгээс, та хүүхэдтэйгээ хамт амьдармаар байгаа бол дотуур байранд амьдарч болохгүй гээд байрнаас гаргасан. Энэ асуудлыг мэдээлэл гарангуут дацангаас хөөсөн гэж хүмүүсийн дунд буруу ойлголт үүссэн.
Байрнаас гарах, дацангаас хөөх нь тусдаа асуудал шүү. Одоогоор дацангаас хөөгөөгүй байгаа. Гандангийн зүгээс холбоо барихад асуудалтай байгаа бөгөөд холбогдох үед хүүгийн ээж утсаар дарамталсан, ардаас мөрддөг гэх мэдээллийг өгсөн.
Гандантэгчэнлин хийдийн хуулийн зөвлөх, хуульч Батбаяр:
-Энэ асуудлаар Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгаж байгаа. Хэргийн талаарх мэдээллийг өгөх боломжгүй. Энэ хүүхдийн ярьсан үнэн бодит эсэхийг цагдаа, хууль шүүхийн байгууллагаас тогтоож өгнө. Гэм буруутай эсэхийг шүүх шийднэ.
Эх сурвалж:www.polit.mn