А.МИНЖИНСОР
Сүхбаатарын талбай үзэсгэлэн худалдаа, үйл явдлаар дүүрэн өдрүүд үргэлжиллээ. Энэ үеэр “Be creative” буюу “Бүтээлч болгоё” ардын урлаг, гар урлаачдын нэгдсэн үзэсгэлэн гарсан юм. Төв талбайн ногоон зүлгэн дээр хүмүүс бужигналдаж өмнө талд нь зассан тайзан дээр ардын язгуур урлагийн тоглолт болж байлаа. Талбайг тойруулан барьсан асарууд гар урлаачдын бүтээлээр дүүрчээ. Үзэсгэлэнгийн талбайн баруун урд байрлах асарт органик савангийн бизнес эрхлэгч М.Амаржаргал бүтээгдэхүүнээ олонд танилцуулж байв. Тэрбээр АНУ-д 10 гаруй жил ажиллаж, амьдарсан бөгөөд эх орондоо ирээд охиныхоо хамтаар зөвхөн нохойд зориулсан ноолууран хувцас үйлдвэрлэн борлуулж эхэлсэн нь содон байв. Ингэхдээ давжаа биетэй нохойд зориулсан нь олны анхаарлыг татаж дотоодод борлуулахын зэрэгцээ гадаад руу экспортолж эхэлсэн аж. Ийнхүү гэр бүлийн бизнесээ үйлдвэрлэлийн салбараас эхлүүлсэн байна. “Woolwag” нэртэйгээр бүтээгдэхүүнээ борлуулахын зэрэгцээ харилцагчдынхаа хүсэл, сонирхлыг судалж эхэлсэн нь үйлдвэрлэлээ хөгжүүлэх үндэс болсныг М.Амаржаргал ярилаа. “Манай харилцагчдаас химийн орц найрлагагүй, нохойны саван үйлдвэрлэх санал ирүүлсэн. Бид тодорхой хугацаанд судалж үзээд туршилтаар органик саван үйлдвэрлэсэн нь амжилттай болж үйлдвэрлэлээ эхлүүлсэн. Бүтээгдэхүүнээ зөвхөн нохойд зориулаад байх уу. Илүү өргөн хүрээтэйгээр явуулах уу гэдэг сонголттой тулсан. Ингээд гоо сайхны зориулалттай долоон төрлийн нүүрний хатуу саван, таван төрлийн гар болон биеийн хатуу саван үйлдвэрлэж “Чамин” брэндийг үүсгэн байгуулсан” гэсэн юм. Тус үйлдвэрийнхэн зөвхөн ургамлын гаралтай веган хатуу саван төдийгүй хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн ч үйлдвэрлэдэг байна.
Саван бол айл өрхийн ахуйн хэрэглээнд байнгын хэрэглэгддэг бүтээгдэхүүн. Тиймээс хүрээгээ өргөжүүлэх нь тэдний богино хугацааны зорилт болсон аж. Зорилгодоо хүрэхийн тулд ахуйн хэрэглээнд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн нь гал тогооны сав суулга угаахад зориулагдсан хатуу саван болон угаалгын нунтагийг хэрэглэгчиддээ зориулан гаргажээ. Энэ мэтчилэн 24 төрлийн саван үйлдвэрлэж байна. Савангийн шүлт, орц найрлагын талаар олон улсын стандартад нийцсэн бэлэн тооцоолуур байдаг. Тухайлбал, чацарганатай саванд чацаргана, сүүлний тос, бага зэргийн хужир агуулагддаг. Өөр ямар нэгэн өнгө үнэр оруулагч байхгүй учраас байгалийн үнэр, өнгөөрөө гардаг байна. Түүнээс гадна үйлдвэрлэлийн түүхий эдээ анх зах, худалдааны төвүүдээс авдаг байж. Харин саванд ордог шар тос болон сүүлний тосоо малчдаас шууд худалдаж авдаг болсон тухайгаа тэр ярилаа. Учир нь саванд ордог түүхий эд органикаараа байх ёстой атал худалдааны төвүүдээс авахад найрлагад нь ус холих зэргээр өөрчлөлт орж байгааг мэдсэн байна. Түүнчлэн ургамлын орц найрлагатай савангийн түүхий эдийг нэрийн дэлгүүрүүдээс худалдаж авдаг болжээ.
“Чамин” брэндийн органик саванг Дархан, Эрдэнэт, Дорноговьд 500-аас 12 мянган төгрөгөөр борлуулдаг. Одоогоор нийслэлд бүтээгдэхүүнээ борлуулж эхлээгүй байгаагаа тэрбээр хэллээ. Учир нь сав баглаа боодлын асуудлаа шийдвэрлэх ажил үлдсэн байна. М.Амаржаргал “Сав баглаа боодлоо захиалахын тулд санхүүгийн асуудал тулгарсан. Тиймээс дүүргийнхээ хөдөлмөр, халамжийн сангаас үйлдвэрлэлийн зээл авахаар хүсэлт гаргасан” гэв. Тус үйлдвэрийнхэн экспортод бүтээгдэхүүнээ гаргах гараагаа Манжуураас эхлүүлэхээр зэхэж байгаагаа дуулгасан юм. Ирээдүйд органик шингэн саван, шампунь үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 124 (7109)