Б.ДАМДИН-ОЧИР

 

Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2021 оны наймдугаар сарын 3-ны хурлаар Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Н.Мандуулыг тус банкны гүйцэтгэх захирлаар томилж байв. Тэрбээр энэ албан тушаалд жил хагас орчим ажиллаад 2023 оны тавдугаар сарын 13-нд өө­рийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Одоо ШӨХТГ-ын даргаар ажиллаж байна.

Н.Мандуулын тухайд Болгар дахь Америкийн их сургуулийг Бизнесийн удирдлагаар төгсөөд, дараа нь АНУ-ын Брэндайзын их сургуульд Бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. Анх 2007 онд  Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төслийн дотоодын зөвлөхөөр ажиллаж эхэлснээс хойш   Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, АНУ-д “IHS Consulting group”-ын санхүүгийн шинжээч, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газарт хэлтсийн дарга,      “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн тэргүүн дэд захирал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд бүтэц хариуцсан захирал, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын даргаар ажиллажээ.

Ингэж 14 жилийн турш санхүүгийн чиглэлээр төрд голдуу алба хашиж ирсэн. Харин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар жил хагас ажиллахдаа л “...Хэн бэ” гэдгээ таниулсан. Хийсэн ажлыг олон нийт мэднэ. Чанаргүй зээлүүдийг нийтэд ил болгож, их наяд гаруй төгрөгийг төлүүлсэн. Үнэн хэрэгтээ Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэх дээр засгаас ч, хэвлэлээс ч, ер нь олон нийтийн зүгээс онцгой дэмжлэг үзүүлсэн л дээ. Гэхдээ энэ нь дампуурлыг ирмэгт очсон Хөгжлийн банк, цаашилбал дэгэн догон болсон Монгол Улсын эдийн засгийг тогтоосон. Ингэж хэлж болно. Гэтэл тэрбээр тус банкны өр зээлүүдийг цэгцлээд яг л ажиллаж эхлэх үе дээр нь өргөдлөө өгөөд яваад өгөв. Яагаад гэдгийг өөрөө “...Хувийн шалтгаан, бас намайг ковидын үед түр тушаалаар томилсон учраас өргөдлөө өгсөн” гэж тайлбарласан.

Яг үнэндээ Н.Мандуул чөлөөлөгдөх өргөдлөө өгч, хувь хүнийхээ тухайд маш зөв нүүдэл хийсэн юм. Учир юу гэвэл энэ Хөгжлийн банк тогтолцооны хувьд “Эрдэнэс Тавантолгой”-гоос ялгарах юмгүй. “Эрдэнэс Тавантолгой”-г “...Захирлаа залгидаг” гээд байгаа шүү дээ. Хөгжлийн банк ч адилхан. Ер нь бол “...Хөгжлийн банкны захирал хуулийн байгууллагын хаалга татдаг тогтолцоотой шүү” гэдгийг “Зууны мэдээ” аль 2016 оноос л “хэлсээр” ирсэн. Тэр үед “...МАН Засгийн газраа байгуулаад удалгүй ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг томилсон. Тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг энэ сарын 11-ний орой АТГ-ынхан баривчлан саатууллаа. Ингэж хорьсны дараа дээрх ажлын хэсгээс мэдээллийг олон нийтэд хүргэж эхэлсэн. Хэвлэлд гарч буй мэдээллээс үзэхэд ажлын хэсгийнхэн Хөгжлийн банктай холбоотой зөрчлийг Засгийн газарт танилцуулж, дараа нь холбогдох мэдээллийг АТГ-т өгчээ. Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “... Шалгалт хийх явцад ноцтой зөрчлүүд илэрсэн. Наад зах нь төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалт тодорхойгүй, зээл олголт холбогдох хууль журамд нийцээгүй, зээлийн эрсдэлийн ямар ч судалгаа, төсөв төсөөлөлгүй санасан зоргоороо салхинд хийсгэж, сарвууныхаа салаагаар урсгаж байсан юм уу даа гэж санагдсаныг нуух юун. Үүнээс гадна тус банкны дотоод үйл ажиллагаа, удирдлагуудтай холбоотой ноцтой зөрчлүүд ч илэрсэн” хэмээн мэдэгдсэн юм. Н.Мөнхбатыг 20 гаруй тэрбум төгрөгийг хувийн банкны данс руу шилжүүлсэн. Мөн таван сая иенийн хэрэгт буруутгаж байгаа. Түүнчлэн “Чингис”, “Самурай” бондын зарцуулалттай холбоотой томоохон асуудал үүсч байгаа ажээ. Уг нь Хөгжлийн банкийг Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэйгээр 2011 онд байгуулж байв. 2012 онд АН засгийн эрх авч, гүйцэтгэх захирлаар нь Н.Мөнхбатыг томилж байлаа. Тэрээр 2016 оны наймдугаар сарын 18-нд чөлөөлөгдөж оронд нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Батбаярыг томилжээ. Ингээд арваад хоногийн өмнө Н.Мөнхбатад хэрэг үүсгэн, УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярын хэрэгтэй нэгтгэн шалгаж эхэлжээ. Б.Батбаяр нь Сангийн яамны Санхүү эдийн засгийн газрын даргаар ажиллаж байсан. Мөн  Сү.Батболдыг Ерөнхий сайд байх үед “Самурай” бондыг олон улсын зах зээл дээрээс босгох яриа хэлэлцээрийг эхлүүлэхэд гар  бие оролцож байсан гэнэ” хэмээн бичиж байжээ.

Тэгвэл өнөөдөр Хөгжлийн банкны гэх хэргийг шүүх хурал эхлээд хоёр сар гаруй болж байна. Энэ хэрэгт шүүгдэгчээр оролцож буй 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн гэмтэй буруутай эсэхийг ялгахаар сая завсарлаад байна. Тэдэн дунд Н.Мандуулаас өмнөх таван захирлын дөрөв нь бий. Энд бичигдсэн Н.Мөнхбат, Б.Батбаяр хоёроос хойш Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагаар ажилласан Г.Амартүвшин, араас нь түр орлон гүйцэтгэгчээр ажилласан Б.Энхбат нар шүүгдэж байна.

Тэднээс “...Яагаад ийм асуудалд холбогдсон бэ” гэхээр бас л сонин зүйлүүдийг ярьдаг. “Явсаар” байгаад л холбогдчихсон тухайгаа ярина. Явж явж энэ нь нөгөөх л тогтолцооны үр дүн гэдэг нь тодорхой харагддаг. Тэгэхээр энэ нь хамгийн сүүлд захирлаар ажиллаж өмнөх захирлуудынхаа “өр шир”-ийг барагдуулсан Н.Мандуулын явсан шалтгаан гэхэд болно. Шуудхан хэлэхэд, үүнийг мэдэрсэн Н.Мандуул зугтсан л даа. Өөр арга ч харагдаагүй биз. Тэрбээр ажлаа өгөх үедээ “...Хөгжлийн банк цаашдаа засаглалаа сайжруулах хэрэгтэй. Энэ чигээрээ явж болохгүй” гэсэн агуулга бүхий зүйлийг хэлчихээд явчихсан. Ийм л юм. Нөгөөх л тогтолцооны гажиг шүү дээ. Засахгүй бол захирлууд нь хуульд дуудагдсаар л байх болно. Тэгэхээр Н.Мандуулын орхиод явчихсан суудалд ямар азгүй нь суух бол, харж л байя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 124 (7109)