Б.НЯМСҮРЭН
Хүүхэд бол аав ээжийн үргэлжлэл. Эцэг эх бүхэн хүүхдээ сайн хүн болгохыг хүсдэг. Тэгвэл хүүхэд багаасаа эзэмших ёстой дадал олон бий. Тиймээс бага насны хүүхдээ зөв төлөвшүүлэх бяцхан зөвлөгөөг хүргэж байна.
Ярилцахын давуу тал
Аав ээжүүд хүүхдээ аливааг ойлгохгүй хэмээн ярилцдаггүй. Хооллож унтуулахад нь анхаардаг байна. Ярилцахгүй байх нь хүүхдийг нээлттэй бус төлөвшил суулгадаг. Таны хүүхэд хэлд ороогүй нялх байсан ч ярилцах хэрэгтэй юм. Учир нь хүүхэд амархан хэлд орж, анхаарал нь төвлөрч, үгийн баялаг нь нэмэгдэж, сэтгэн бодох чадвар нь хөгжих давуу талтай. Мөн бусдыг сонсож, харилцан санал бодлоо солилцдог бие хүн болж төлөвшдөг ажээ.
Бүтээлч тоглоом сонгож өгөх
Нэг удаа тоглоод сонирхол нь буурдаггүй тоглоом сонгох хэрэгтэй. Энэ нь бүтээлч тоглоом юм. Тухайлбал, зураг зурж будах, лего тоглоом тоглох, цаасан наамал хийх, зураг дүрс эвлүүлэх нь сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмждэг байна. Мөн бүтээлч дадал суулгадаг. Тиймээс хүүхдээ утас, компьютер тоглох биш өөрийгөө хөгжүүлэх тоглоомыг сонгож өгөх нь бие бялдрын хөгжилд ч чухал үүрэгтэй.
Суурь хүмүүжил
Хүн суурь хүмүүжлийг гэр бүлээсээ олж авдаг. Хүүхэд тогтвортой эрүүл харилцаатай, амар тайван орчинд өсөх нь чухал. Мөн эцэг эхийн хүүхдэд үзүүлэх үлгэр дуурайлал нь түүний хандлагыг тодорхойлдог. Тиймээс хариуцлагатай болгож өсгөх нь бурууг ялгадаг, бусдыг хайрлаж хүндэлдэг, ажилсаг болоход тустай.
Эх сурвалж: www.zms.mn