Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР
Монголын эдийн засгийн зах зээлд тодорхой орон зайг эзэлдэг, нэгэн үнэт хөшүүрэг бол Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид. Энэ салбарынхан үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд Засгийн газраас дэмжиж явуулдаг бодит арга хэмжээний нэг нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгодог зээл юм. Энэ жилийн хувьд тус сангаас санхүүжилт хүссэн ААН-үүдийн төслийг хоёрдугаар сарын 9-нөөс гуравдугаар сарын 10-ныг хүртэл 30 хоногийн хугацаанд хүлээж авсан. Ингэхэд цахим системд нийт 96.7 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүхий 655 аж ахуйн нэгж төслөө танилцуулсан байна. Үүнээс нийслэлд 38.3 тэрбум төгрөгийн 192 төсөл ирснээс сонгон шалгаруулалтын сүүлийн буюу хорооны хурлын шатанд 8.6 тэрбум төгрөгийн 43 төсөл тэнцжээ.
Загвар гаргахдаа хиймэл оюун ашигладаг
Ийнхүү төсөл сонгон шалгаруулах хорооны хурал өчигдөр болж ААН-үүд төслөө танилцуулсныг сурвалжиллаа. Төсөл сонгон шалгаруулах холбооны бүрэлдэхүүнд төрийн бус байгууллагын дөрөв, төрийн байгууллагын гурван төлөөлөл оролцсон юм. Сүүлийн сонгон шалгаруулалтад шинэ шийдэл, санаа дэвшүүлсэн олон төсөл танилцуулав. Үүний нэг бол “Эрдэнэзул” ХХК-ийн “Хүнсний сав баглаа боодлыг өргөжүүлэх” төсөл. Уг төслийг хэрэгжүүлснээр таван ажлын байр шинээр нэмэгдэх боломжтой гэдгийг тус компанийн менежер н.Эрдэнэзул хэллээ. Тус компанийн төсөл хэрэгжүүлэх болсон шалтгаан нь хүнс, гоо сайхан, ахуйн хэрэглээ, түргэн хоолны салбарт сав баглаа боодлын асуудал тулгардаг байна. Учир нь тэд БНХАУ руу захиалахад доод тал нь 1000-5000 ширхэг гэсэн хэмжээ заадаг. Ингэснээр жижиг газрууд өөрсдийн брэндээ нэрийн сав, баглаа боодол дээрээ тавих боломжгүй байдаг. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд тус компани цөөн тоогоор захиалах боломжийг бүрдүүлж байгааг хэлж байв. Мөн "Эрдэнэзул" ХХК-ийн төслийн танилцуулгаас нэг онцлох зүйл нь хиймэл оюун ашиглаж, хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн загвар дизайныг маш богино хугацаанд гаргаж өгөх боломжтой гэв. Ийнхүү ЖДҮХС-гаас хөрөнгө оруулалтаа авч чадсанаар өрхийн болон ЖДҮ эрхэлж байгаа жижиг газруудын асуудлыг давхар шийдэх боломжтой гэсэн юм.
Зоорийн хүрэлцээ багаснаас тариаланчид ургацаа алдах нөхцөл бүрддэг
Энэ жил сүүлийн буюу хорооны хурлын шатанд тэнцсэн 43 төслийн ихэнх хувийг буюу 10 төслийг хүнсний зоорь, агуулахтай холбоотой төсөл эзэлжээ. Уг төслөөр оролцож байгаа “Эрдэнийн эрдэнэс” ХХК-ийн менежер “Хүнсний ногоо хадгалах зоорийн төсөл”-ийг танилцуулсан юм. Тэрбээр “2022 оны ургац хураалтын дүнгээр нийт 17 мянган га-д айл өрх болон 850 мянган ААН хүнсний ногооны тариалан эрхэлснээс дотоодын үйлдвэрлэлээ 100 хувь төмсний хэрэгцээгээр хангаж чадсан. Мөн 10.400 га талбайд хүнсний ногоо тариалж 300 тонн ургац хураан авч дотоодын хэрэгцээг 62.9 хувийг хангасан. Хурааж авсан 30 хувь нь газар дээрээ борлуулагддаг бол 20 хувь нь жижиглэнгийн хэлбэрээр борлуулагддаг. Харин үлдсэн 30-50 хувь нь зооринд хадгалагдсанаар өвөл, хавар, зун борлуулах боломж бүрддэг. Гэвч удаан хугацааанд хадгалах зоорь агуулахын стандарт, хүртээмж бага учраас зоорийн хүрэлцээ буурч, тариаланчид ургацаа алдах нөхцөл бий болдог. Үүнээс болж өвөл, хавар, зун ногооны үнэөсөж хомсдолд хүрдэг. Одоогоор манай улсад 253,800 тонн хүнсний ногоо хадгалах зоорь бий. Харин ХХААҮЯ-наас мэдээлснээр 453 мянган тонн хүсний ногоо хадгалах зоорь шаардлагатай” гэсэн юм.
М.Гэнцэнпэлмаа:Өрхийн үйлдвэрлэгчээсээ компани болж чадсан
Оёмол бүтээгдэхүүний салбарт төслөө ирүүлсэн Үүлэн хээ” компанийн гүйцэтгэх захирал М.Гэнцэнпэлмаагийн сэтгэгдлийг хуваалцсан юм. Тус компанийн хувьд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-нд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Арван жил өрхийн үйлдвэрлэгчээр ажиллахдаа үргэлж шинийг илэрхийлэн, цаг зав, зүрх сэтгэлээ зориулж компаниа үүсгэн байгуулсан гэдгийг хэлж байв.
Тэрбээр “Манай компани үндэсний хэв шинжээ хадгалж төрөл бүрийн дизайнераар хувцсаа урлаж байна. Биеийн тамирын хослол, биед эвтэйхэн, амьсгалдаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Бид борлуултаараа шаардлагатай тоног төхөөрөмжөө авдаг. ЖДҮХС-аас хүссэн 55 сая төгрөгийн санхүүжилтээ авч чадвал оёдлын долоон төрөлт машин авахад зарцуулна. Төсөлд анх удаа оролцож байна. Энэ бүхэн надад туршлага болж үлдлээ” гэв. Тэрбээр ажил минь миний сонирхол. Тиймээс хэзээ ч хэцүү гэж түүртэж байгаагүй. Хэрэглэгчид бүрт зориулсан, чанартай, үзэмжтэй бүтээгдэхүүнийг урладаг гэсэн юм. Тус компани хоёр мянган гаруй тогтмол хэрэглэгчтэй. Мөн М.Гэнцэнпэлмаа Европт 10-аад жил амьдарсан учраас гадаадад 500 гаруй хүнд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байна.
Энэ үеэр Жижиг, дунд үйлдвэрийн газрын зээл төслийн хэлтэсийн дарга Н.Энхтөр төрөөс сонгон шалгаруултын тухай мэдээллийг авлаа.
Тэрбээр “Төслийн нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтад тухайн ирүүлсэн баримт бичиг шаардлага хангаж байгаа эсэх, хоёрдугаарт хууль дүрэмд заасан баримт бичиг бүрдүүлсэн эсэхийг хардаг. Жишээлбэл, төрийн өндөр албан тушаалтанд хамаарал бүхий компани эсэх, татвар нийгмийн даатгалд өртэй байгаа зэрэг мэдээллийг шалгадаг. Бичиг баримтын бүрдэл хэсгийг шалгасны дараа хоёрдугаар хэсэгтээ орно. Үүнд тухайн төслийн ирүүлсэн санхүүгийн тайлан, материаллыг үнэлэхэд 70-аас дээш оноо авсан тохиолдолд дараагийн шатанд орох боломжтой. Гуравдугаар боловсруулсан төсөл, санхүүгийн тайлан, төсөлд бичсэн шаардлагатай тоног төхөөрөмж, бараа метариалыг авах хэрэгцээ байгаа эсэхийг төслийн үйл ажиллагаа явуулж байгаа газарт нь очиж үнэлгээ хийдэг” гэв.
Мөн төслөө танилцуулсан компаниудын хувьд шинэ иноваци, технологи, санааг тусгасан байна. Энэ нь компаниудын ялгарах онцлог гэдгийг тэрбээр хэлж байв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 123 (7108)