Б.УРАН

 

Орон сууцны үнийг буулгах, хэт хөөсөрсөн ханшийг намжаах зорил­гоор Засгийн газар, Мон­голбанк хамтран шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх болс­ноо тун саяхан зарла­сан. Хөтөлбөрийн нэрийг “Барилгын салбарыг дэм­жих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” гэж нэрлэсэн юм. Энэхүү урт нэртэй хөтөлбөрийн үр дүн нь хэрхэн гарах, чухам яаж хэрэгжүүлэх талаар дэлгэ­рэнгүй ойлголт олон ний­тэд адга бай­лаа. Орон сууцны үнийг тогтворжуу­лахын тулд эрэлт, нийлүү­лэлт зохис­той төвшинд байх ёстой. Өөрөөр хэлбэл, шинэ барилга барих таатай боломж, бололцоо нь бүрд­сэн байх хэрэгтэй юм. Тиймээс дараах нөхцлүү­дийг хангахын тулд бодло­гын арга хэмжээг авч эхэл­сэн тохиолдолд энэ­хүү дэд хөтөлбөрийг хэрэг­жүүлж эхлэх ажээ. Нөхцөл гэдэг нь Улаанбаатарыг баруун, зүүн тийш тус бүр 30 км, урагшаа 20 км тэлж, замын төгсгө­лийн цэгүүд дээр суурьш­лын шинэ бүсүүдийг нээн, тэдгээрийг Улаан­баатар хотын төвтэй хол­бо­сон 80 км хурдны авто замыг гаргах зураг, төслийг зургаан сарын дотор бэлэн болгож, 24 сарын дотор ашиглалтад оруулахаар заажээ. Мөн эдгээр суурьш­лын шинэ бүсэд орон сууцны хороолол барих газрын хангамжийг бий болгож, орон сууцны хороолын газрыг ил, тод эзэмшүүлэх ёстойг онцол­сон байна. Ийм нөхцөл бүрдсэн тохиолдолд барил­гын компаниудыг төрөөс дэмжвэл орон сууцны үнэ боломжит төвшинд хүрч буух боломжтой гэдгийг дэд хөтөлбөрийг баталсан талууд хэлж байлаа. Ямар арга замаар хэрэгжүүлэх тухайд барилгын гол нэр төрлийн материал үйлд­вэрлэгч, импортлогчдод эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл олгоно. Мөн ипотекийн хоёрдогч захад үйл ажиллагаа явуу­лах үндсэн санхүүгийн байгууллагыг бодлого зохи­цуулалтаар дэмжих гэнэ. Барилгын гол нэр төрлийн материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн санхүүжил­тийн нийт дүн 379 тэрбум төгрөг болох аж. Үүнд барилгын гол нэр төрлийн материалын дотоодын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, зайлшгүй импортлох шаардлагатай байгаа цемент, арматур зэргийг тогтмол нийлүү­лэх, байгаль орчинд ээлтэй барилгын материал үйлд­вэрлэх төслүүдийг дэмжих гэх мэт нарийн, тодорхой чиглэлтэй ажлууд багт­жээ. Харин орон сууцны санхүүжилтийн урт хуга­цааны тогтвортой тогтол­цоог бий болгохын тулд 800 тэрбум төгрөгийг зарцуул­на гэж тооцоолжээ.

Барилгын материал үйлдвэрлэгч болон им­порт­логч, байгаль орчинд ээлтэй материал үйлд­вэрлэх төсөл бүхий ком­панид гурван жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгосноор эргэлтийн хөрөнгийг нь шийдэж, дэмжсэнээр хөтөлбөр үр дүнтэй хэрэгжинэ гэж Засгийн газраас тооцоолж байна. Ингэхдээ тухайн компанийн тоног төхөө­рөмж, эсвэл барилгын ма­те­риалын үлдэгдэл, бусад хөрөнгө зэргийг барьцаанд байлгаж зээл олгох юм. Хамгийн гол нь энэ бүхний дараа ямар үр дүнд хүрэх нь сонирхол татна. Хөтөлбөр боловсруулагч­дын хэлж байгаагаар ба­рил­гын гол нэр төрлийн материалын дотоодын ний­лүүлэлтийн урт хуга­цааны тогтвортой байдал бий болно гэнэ. Ингэс­нээр орон сууцны үнэ тогтвор­жиж, дундаж дав­харгынх­ны орон сууцтай болох боломж бүрдэнэ гэж үзэж байна. Хамгийн гол буюу зардлаас шалтгаалах үнийн өсөлт буурна гэсэн хэ­тийн тооцоог хийгээд байна.