Т.САЙХАН

 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

 

- Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шийдвэр гаргажээ.  Энэ талаар тодруулахгүй юу?

-Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад хөрөнгө оруулалтын хэмжээ хангалтгүй байгаа. Тиймээс цаашид эдийн засгийг тэлэх, ажлын байрыг бий болгох, хөгжлийг түргэтгэхийн тулд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шийдвэр  гарлаа. Хуулийн төсөл боловсруулахаар дөрөвдүгээр сарын 14-нөөс хойш хэлэлцүүлэг хийж зохион байгуулсан. 120 гаруй байгууллагаас санал авсан. Ирсэн саналаас 60 хувийг нь хуулийн төсөлд тусгахаар болж байна.

-Тухайлбал ямар өөрчлөлтүүдийг тусгаад байна вэ?

-Хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын баталгааг сайжруулах, дэмжлэг, төрийн үйлчилгээг сайжруулж, хялбаршуулахыг зорилоо. 10 зарчмын асуудлуудыг хуулийн төсөлд шинээр тусгана.  Тухайлбал,   Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хориглосон, хязгаарласан зарим зохицуулалтуудыг арилгасан. Хөрөнгө оруулагчдад үзүүлэх баталгааг олон улсын сайн туршлагад нийцүүлэн сайжруулна.  Эрх ашгийг хамгаалах зөвлөл буюу гомдол шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлж, гомдлыг шийдвэрлэх асуудлыг нарийвчлан тусгасан. Хөрөнгө оруулалтын маргааныг олон улсын арбитрын журмаар шийдвэрлүүлэх эрхийг баталгаажууллаа.  Татварын ялгамжтай болон ойлгомжгүй байдлыг арилгах зорилгоор татварын урамшууллын асуудлыг татварын хуулиар зохицуулах өөрчлөлт, суутган татварын хувь хэмжээг ижил тэгш болгох  өөрчлөлт оруулсан. Төрөөс хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын давхардлыг арилгах зохицуулалтыг оруулсан. Виз, оршин суух зөвшөөрөл авах процессыг хялбаршуулж, Хөрөнгө оруулагчид давхар ачаалал үүсгэхгүй. Тогтворжуулах гэрчилгээ олгох шалгуурыг хялбаршуулж, цахимаар олгох нөхцөлийг бүрдүүлсэн. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах таатай орчныг бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, Монгол Улсын өрсөлдөх чадварыг сайжруулах зэрэг олон эерэг нөлөө үзүүлнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 123 (7108)