Баатарын НЯМСҮРЭН

 

Хуудсыг нь сөхөөд шимтэн унших  бүрийд шинэ бодрол, хүсэл тэмүүлэл, зорилгод хөтөлдөг ертөнц бол ном. Зохиолчийн оюун ухаан хийгээд цаг хугацаа, хөдөлмөрийн үрээр бүтсэн ном бүр өөр өөрийн үнэ цэнтэй. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Би номныхоо тухай” буланд “Хүн болох урлаг” номын зохиогч Ч.Алимааг урилаа.

 

Номоо бичихдээ хувь хүний хөгжлийн онолыг сууриа болгосон

 

Би “Хүн болох урлаг” номоо 2016 онд уншигчдад хүргэсэн. Харин энэ онд шинэчлэн засварлаж хэвлүүлсэн юм. Номоо гаргахдаа багагүй судалгаа хийсэн. Тухайлбал, Монгол хүний хөгжлийн таван үзүүлэлтийг гаргаж, хувь хүний хөгжлийн онолыг сууриа болгосноороо онцлог. Бидний бахархалт Чингис хаан хувь хүнийхээ хувьд ямар хүн байсан талаас нь хойч үедээ таниулахыг зорьсон. Энэ ч утгаараа Чингис хааны  сургаал, зарлиг, мөн Их засаг хуулийн талаар уншиж судалсан. Ардын зүйр цэцэн үг, өөрийн үзэж туулсан туршлагаа  багтаасан бүтээл болсон. Монгол хүний үнэ цэн, ямар түвшинд хөгжих ёстойг өсвөр үе болон түүнээс дээш насныханд таниулах зорилгыг өвөртөлсөн нь энэ. Эцэг эх бүхэн сайн аав ээж байгаасай, монгол хүмүүжлийн арга ухаанаа хэрэгжүүлж, үр хүүхдээ анхаарч, өөрийгөө тольдоосой, сайн үлгэр дуурайл үзүүлээсэй хэмээн  номоо гаргах шийдэлд хүрсэн.

Дэлхий нийт хувь хүний хөгжлийг суурь төлөвшил, харилцаа хандлагатай нь холбон судалж байна. Тиймээс бид гэр төвт хүмүүжлийн арга ухаанаар хүнийг төлөвшүүлдэг монгол уламжлалаа сэргээн хөгжүүлэх үүрэг бидний өмнө ирсэн байна. Хувь хүний хөгжлийн талаар ярихын тулд тухайн хүний төлөвшлийг ярих шаардлагатай. Энэ  бол дан ганц монголчууд биш дэлхийн улс үндэстний анхаарал хандуулах сэдэв юм.

 

Монгол хүмүүжлийн арга ухааныг дагаж дэвшил ирнэ

 

Амьдрал олон өнгөтэй. Тэрхүү олон өнгөнд будагдаж, сүлэлдсэн ч хамгийн чухал үндсэн өнгийг уусгалгүй авч үлдэх хэрэгтэй. Энэ бол хүн чанар, хүн болох урлаг.  Өнөөдөр мэдээллийн эрин зуун, даяарчлалын нөлөөгөөр шинэ үеийнхэн бүрэлдэж буй хэдий ч дотоод ухамсар, монгол хүний уг чанарт оршин буй төрөлх өгөгдлөө нээх цаг болсон. Хүн амьдралынхаа туршид алдаж онож, сурч хөгжиж олон зүйлийг туулна. Гэхдээ суурь хүмүүжил нь насан туршдаа тухайн хүнийг дагаж явдаг. Буруу төлөвшсөн бол  сөрөг тал руу амархан татагдах талтай. Тиймээс аав ээжүүд үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ эрэл хайгуул судалгаа хийж, өөрсдийгөө хөгжүүлж, монгол хүмүүжлийн арга ухаанаа судалж хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэж чадвал монгол хүний хөгжил шинэлэг агуулгаар баяжигдаж, тэр хэрээрээ амьдралын чанар нь дээшилнэ. Мөн гэр бүлүүд бат бөх оршин тогтнож, улс орны хөгжил  дагаж өөрчлөгдөх боломжтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 122 (7107)