Б.ТУУЛ
ОХУ-ын Буриад улсын тэргүүлэх их сургуулиуд 2023-2024 оны хичээлийн жилд Монгол Улсаас 150 оюутан элсүүлэхээр болжээ. Энэ тухай Буриад улсын ТОП их сургуулиудын Монгол дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Д.Тогтохтой ярилцлаа.
- Буриад улсын тэргүүлэх их сургуулиудад ирэх хичээлийн жилд оюутан элсүүлэх квот болон элсэгчдэд тавьж буй шаардлага, суралцах орчин нөхцөл, сургалтын чанар гээд олон талын мэдээллийг манай элсэгчдэд өгнө үү?
-ОХУ-ын Буриад улсад суралцах нь олон давуу талтайг онцолж хэлье. Тухайлбал, газар нутгийн байршлын хувьд ойрхон, замын зардал хямд. Хамгийн чухал зүйл бол мэдээж чанартай боловсрол эзэмших. ОХУ-ын Буриад улсын тэргүүлэх их сургуулиудын сургалтын чанар сайн. Суралцах орчин нөхцөл, багшлах боловсон хүчин маш сайн хангагдсан. Их сургуулиудын хичээлийн байр, дотуур байр ойрхон байрладаг. Ном сурах бичгийг тухайн сургуулиас нь үнэ төлбөргүй олгож, тодорхой хичээлийг дахин сонгож суралцахад нэмэлт төлбөр шаарддаггүй гээд олон давуу талтай.
-Ирэх хичээлийн жилд Монголоос хэдэн оюутан элсүүлэх вэ. Элсэлтийн бүртгэлд ЭЕШ-ын дүн оноо хамаарахгүй гэсэн, үнэн үү?
-2023 оны хичээлийн жилд бид бакалаврын төрөл бүрийн мэргэжлүүдээр Буриад улсын тэргүүлэх их сургуулиудад 100-150 монгол оюутан авахаар төлөвлөж байна. Тодруулбал, Буриад улсын Дорнод Сибирийн технологи, удирдлагын их сургууль (ВСГУТУ), В.Р.Филипповын Хөдөө аж ахуйн их сургууль (БГСХА)-д олон улсын хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй 50 гаруй мэргэжлээр элсэлт авч байна. Улан-Үдэ хотод суралцах хүсэлтэй хэн бүхэн дээд боловсролын бүх шатны мэргэжлийн зэрэг болох бакалавр, магистр, докторын түвшний сургалтад хамрагдах боломжтой. Бидний хувьд Буриад улсын тэргүүлэх их сургуулиудад сурах хөгжих чинхүү хүсэлтэй, хичээл зүтгэл сайтай, сурлага хариуцлага өндөр хүүхэд залуусыг дэмжин ажиллахыг хүсдэг. Элсэгчдээс босго оноо буюу ЭЕШ-ын оноо шаардахгүй. Харин бүрэн дунд боловсролын гэрчилгээний дүн А, В үнэлгээтэй, сурлагатай хариуцлагатай байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Төгсөгчдөөс элсэх мэргэжлийн чиглэлийн ярилцлага хийсний үндсэн дээр элсэлтийн бүртгэлийг хийж, эцэг эхчүүд болон тухайн оюутантайгаа хамтран ажилладаг.
-ОХУ руу Засгийн газрын тэтгэлгээр энэ жил хэдэн оюутан суралцах эрх авсан бэ?
-ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг хэрэгжүүлэгч эрх бүхий ганц байгууллага нь РЦНК буюу Улаанбаатар хотод байрлалтай “Россотрудничество” агентлаг юм. Тиймээс цахим орчинд ОХУ-ын тэтгэлэг олгоно гэсэн олон хуурамч мэдээлэлд итгэх хэрэггүй шүү гэдгийг элсэгчдэд анхааруулъя. Мөн РЦНК-аас явуулж буй тэтгэлгийн сонгон шалгаруулалт шударга зарчмаар явагддаг, оролцоод үзээрэй гэж хэлмээр байна. Тэтгэлэг горилж буй хүүхэд залуус, Монгол Улсын аль ч насны иргэн өөрийн мэдээллээ тусгай сайтад оруулж, үнэн зөв бөглөхөд, Россотрудничество агентлагийн экспертууд дүнгээр нь жагсааж, тэтгэлэг олгодог. Энэ жилийн хувьд, ОХУ-ын Засгийн газрын 620 тэтгэлэгт хуваарийн сонгон шалгаруулалт саяхан явагдаж дуусаад байна.
-ОХУ руу суралцах оюутнууд болон хүүхдээ сургах эцэг эхчүүд тус улсын гадаад харилцаа, геополитикийн асуудалд санаа зовниж байгаа нь нууц биш. Энэ талаар та юу хэлэх вэ?
-ОХУ-ын цаг үеийн байдал тус улсад суралцах оюутны тоо квот, сургалтын төлбөр, сургалтын явц, амьдрах орчин зэрэгт сөргөөр нөлөөлөх хүчин зүйл байхгүй гэдгийг итгэлтэй хэлье. Одоо ОХУ болон Буриад улсад ажил амьдрал тайван, бүх зүйл хэвийн үргэлжилж байна. Иргэдэд сэтгэл зовинох зүйл алга. Дээрээс нь ОХУ аль ч цаг үед тус улсыг сонгон суралцаж буй гадаад оюутныхаа сурах хөгжих, ажиллаж амьдрах орчинд онцгой анхаарал хандуулдаг учир эцэг эхчүүд болон оюутан залууст санаа зовинох зүйлс гарахгүй гэдгийг хэлэх хэрэгтэй байх.
-Буриад улсын их сургуулиудын сургалтын төлбөр Монголтой харьцуулахад ойролцоогоор хэд байдаг вэ?
-Буриадын улсын их сургуулиудын жилийн төлбөр нь ойролцоогоор 5-7 сая төгрөг, оюутны дотуур байрны төлбөр 1-2 сая орчим, амьжиргааны өртөг харьцангуй хямд байдаг. Амжилттай суралцсан тохиолдолд 55-74.5 хувийн хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. Ахлах курст ороод орос хэлний мэдлэг сайжирсан үед мэргэжлийн салбарын орчуулагч (англи, герман, франц), сэтгэл зүйч, багш, дээд сургуулийн багш гэх мэт давхар диплом эзэмших боломжтой.
Улаан-Үд хотод Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд суралцаж ирсэн түүхэн уламжлалтай. Монгол оюутнуудын хувьд орос оюутнуудтай хамт орос хэл дээр мэргэжлийн хичээлүүдийг судлах боломжтой байдаг. Мөн манай төгсөгчид 100 хувь ажлын байртай болдог. Энд бас нэгэн чухал мэдээллийг дуулгахад, манай сургуулийн байр, оюутны байранд оюутнуудын эрүүл аюулгүй байдалд байнгын хараа хяналт тавьдаг. Үүнд монгол эцэг эхчүүд, оюутнууд сэтгэл ханамж өндөр байдаг. Яагаад гэвэл, 17-19 насны оюутан дотоод сэтгэхүйдээ хүүхэд хэвээрээ байдаг. Зарим оюутан эцэг эхийн хараа хяналтаас гармагц хязгааргүй их эрх чөлөөг эдлэх гэдэг. Энэ үедээ бусдад уруу татагдах, муу зуршилтай болох, хичээл таслах зэрэг олон асуудал үүсдэг. Тиймээс бид яг энэ эгзэгтэй насан дээр нь хараа хяналтыг маш сайн тавьдаг. Харин 2-3 дугаар курсээс эхлэн оюутан хүүхдүүд өөрөө биеэ дааж, төлөвшиж эхэлдэг. Хичээл сурлагадаа илүү анхаарч шамдаж суралцдаг.
-Элсэгчдийн хувьд орос хэл тааруу гээд санаа зовох тохиолдол их байдаг. Улан- Үдэ хотод очоод хэлний бэлтгэлд хамрагдах боломжтой юу?
-Дорнод Сибирийн технологи, удирдлагын их сургууль болон В.Р. Филипповын нэрэмжит Буриадын Хөдөө аж ахуйн их сургуульд суралцах хүүхэд залуус орос хэлний бэлтгэлдээ Улаанбаатарт хамрагдаж болно. Мөн Улан-Үд хотод суралцах явцдаа бас хэлний бэлтгэлд давхар хамрагдах боломжтой. Мэдээж, сургалт хичээлийн хувьд, дээд боловсролын сургалтын хөтөлбөрүүд нь ОХУ-ын Боловсролын яамаар баталгаажсан стандартын дагуу орос хэл дээр явагддаг. Гадаад хэлний хичээл дээр англи, герман, франц болон өөр хэл сонгон үзэх боломжтой. Эзэмших мэргэжил болон их сургуулийн диплом нь ОХУ болон олон улсад өндрөөр үнэлэгддэг, эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүдийг эзэмшдэг. Буриадын их сургуулиудад онц суралцсан тохиолдолд боловсролын сайдын болон хөдөө аж ахуйн яамны сайдын тэтгэлэгт хамрагдах боломжтой.
-2023-2024 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх албан ёсны мэдээллийг хаанаас авах боломжой вэ?
- ОХУ, Буриад улсын чанар, чансаатай ТОП сургуулиудынхаа талаарх мэдээлэл болон 2023 - 2024 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх мэргэжлийн чиглэл зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг цахим орчин дахь “ОХУ-ын Буриад улсын тэргүүлэх их сургуулиуд” нэртэй фэйсбүүк хуудсаас авах боломжтой. Мөн холбогдох утасны дугаараар лавлаж асууж болно. Бид хот хөдөөгөөс ирж буй зарим ЕБС-ийн хүсэлтийн дагуу тухайн албан байгууллагад очиж мэдээлэл өгч ажиллаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 122 (7107)