Н.ЖАРГАЛМАА
Дэлхийн өрсөлдөх чадварын 2023 оны тайланг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс танилцууллаа. Дани, Ирланд, Швейцар, Сингапур, Нидерланд улс өрсөлдөх чадвар хамгийн сайн гэж эрэмбэлэгджээ. Түүнчлэн өрсөлдөх чадвар хамгийн сул улсаар Бразил, Өмнөд Африк, Монгол, Аргентин, Венесуэл орсон хэмээн тус тайланд тэмдэглэсэн байна.
Энэ удаагийн тайланд дэлхий дахиныг хамарсан улс төр, эдийн засаг, нийгмийн үйл явдлын өрнөл улс орнуудын өрсөлдөх чадварт нөлөөлж байгаа талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга доктор П.Цагаан хэллээ.
Тэгвэл энэ удаагийн тайланд Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 64 улсаас 62-т эрэмбэлэгджээ. Өөрөөр хэлбэл, нийт 100 онооноос 35.56 оноо авч өмнөх оноос 0.64 оноогоор буурч өнгөрсөн оноос нэг байраар ухарсан үзүүлэлт аж. Тэгэхээр тус тайланд дурдсанаар инфляцийн өсөлт Төвбанкны зээл олголтыг хумих эрсдэл үүсгэж болзошгүй гэсэн нь манай улсад тулгарч буй сорилтын нэг юм. Мөн ажилгүйдэл, ядуурал, тэгш бус байдал нь нийгмийн тулгамдсан асуудал гэж үзэж буй бөгөөд улс төрийн мөчлөг буюу сонгууль эдийн засгийн хүндрэл үүсгэж болзошгүй талаар ч дурджээ.
Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайланг танилцуулах үеэр “Валютын ханш өндөр, урьдчилан таамаглахад хэцүү байгаа нь хөрөнгө оруулалтад хүндрэл учруулж байна. Мөн Орос-Украины дайны улмаас үүссэн геополитикийн хурцадмал байдал болон Бээжин Тайвань хоорондох хурцадмал байдал нь Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй талаар энэ тайланд онцлон тэмдэглэсэн байгааг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төвийн дэд захирал И.Одончимэг хэллээ. Тэрбээр “2018 оноос хойш Монгол Улсын өрсөлдөх чадварын онооны үзүүлэлт тогтмол буурч байгаа. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байна. Судалгаанд 335 шалгуур үзүүлэлт байдаг. Сүүлийн үед шинжлэх ухаан, робот болон цар тахлын нөлөөнөөс үүдсэн шинэ үзүүлэлтүүд орж ирсэн. Анх 2015 онд судалгаа хийхэд манай улс 57 дугаарт эрэмбэлэгдэж байсан. Монгол Улсын хувьд энэ нь хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Бизнес эрхлэх орчны үзүүлэлтээр өнгөрсөн жилийнхээс эрс муудсан. Засаглалын үзүүлэлт нь өнгөрсөн жилтэйгээ харьцуулахад нэг эрэмбээр буурсан" гэлээ. Судалгааны үр дүнгээс харахад харьцангуй жижиг эдийн засагтай улс орнуудын өрсөлдөх чадвар хурдан сайжирсан хандлага ажиглагдаж байгаа аж.
Дашрамд дурдахад, энэхүү судалгааны дэд бүлэгт бүс нутаг, эдийн засгийн бүтэц бага жижиг улс оронтой харьцуулж үзсэн байна. Ази номхон далайн бүсийн 14 улсыг сонгож авахад Монгол 14 дүгээрт эрэмбэлэгдсэн аж. Харин 20 саяас бага хүн амтай 37 улстай харьцуулахад манай улс 37 дугаарт эрэмбэлэгдсэн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 122 (7107)