Б.БОЛОР

 

БОАЖЯ-ны харьяа “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ-ын захирал Т.Бүдээхүүтэй ярилцлаа.

 

-Сүүлийн үед танай байгууллага ямар ажил хийж байна вэ?

-БОАЖЯ-ны харьяа “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” 11 жилийн өмнө “Жайка”-ын хөрөнгө  оруулалтаар олон улсын стандартаар барьж өгсөн байранд  үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Монголын ховор   амьтдын чихмэлийн музей, цэнгэг усны загасны аквариум, усны анхан шатны бохирдлыг шинжлэх сургалтын лаборатор, үзэсгэлэнгийн танхимтай. Бүх насныхан, тэр дундаа цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхэд, залууст байгаль орчны сургалт, мэдээллийг тасралтгүй өгч ажиллаж байна.

Дэлхий даяар тогтвортой хөгжлийн боловсролд  асар их анхаарч байна. Нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэдэг тогтвортой хөгжлийн гурван зангилааны суурь учраас  байгаль орчны  талаарх мэдлэг маш чухал.  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д үндэсний нэгдмэл үнэт зүйлээ эрхэмлэсэн, хөрст дэлхий, унаган байгалиа хайрлан хамгаалсан  эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх оронч  иргэнтэй улс болж хөгжинө хэмээн алсын хараагаа зурагласан. Тэгвэл өнөөдрийн 10 настай хүүхдүүд 2050 онд 40 орчим настай байх нь. Улсын маань  үнэт зүйлийн нэг болсон унаган байгалиа хайрлах, хамгаалах үзэл ухамсрыг багаас нь суулгахын төлөө бид зорьж байна.

Өнгөрсөн  10 жилийн хугацаанд 170 орчим мянган хүнд экологийн боловсрол олгосон. Салбарын болон бусад байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх,  стратеги төлөвлөгөөгөө боловсруулж, батлуулах, сургалтын хөтөлбөрүүдээ шинэчлэх, боловсон хүчнээ чадавхжуулах гэх мэтээр багагүй ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн хүүхэд залуусыг байгаль хамгааллын ажилд татан оролцуулах, тэдний дунд   илтгэлийн болон гар зургийн уралдаан зохион байгуулах, эко клубуудыг чадавхжуулах, ахлах ангийн хүүхдүүдэд байгаль орчны мэргэжлийн давуу тал, онцлогийг сурталчлах ажлыг тасралтгүй хийж байна. Тухайлбал, байгаль орчны салбарын  боловсон хүчний тулгамдсан асуудлыг шийдэхэд нэмэр болох, хүүхэд, залуусыг мэргэжил сонголтоо хийхэд туслах зорилгоор өнгөрсөн дөрөвдүгээр сард  МУИС, ШУТИС, ХААИС зэрэг салбарын боловсон хүчнийг бэлтгэдэг их, дээд сургуулиудтай хамтран “Бидний мэргэжил-ногоон ирээдүй”  гурван өдрийн өдөрлөгийг байгууллага дээрээ хийсэн. Их, дээд сургуулийн багш нар, мэргэжилтнүүд талархлаа илэрхийлсэн. Их, дээд сургуулиудад хүрээлэн буй орчин, байгаль орчны чиглэлээр суралцах оюутнуудын тоо буурч байгаа нь мэдээлэл дутмаг  байдалтай холбоотой.

 -Танай байгууллага ямар хүмүүст сургалт орж байна. Байгаль орчны сургалтын арга зүй гэж тусдаа байдаг уу? 

-Манайх тогтвортой хөгжлийн боловсролоос эхлээд байгаль орчны бүх л  чиглэлээр бүх насныханд  сургалт зохион байгуулдаг. Уур амьсгалын өөрчлөлт, ус, орчны бохирдол, хог хаягдал, сэргээгдэх эрчим хүч, байгалийн нөөц, мод тарих арга, аргачлал, биологийн олон янз байдал зэрэг сэдвээр сургалт орж байна. Байгаль орчны салбарынхантайгаа, мөн  төрийн бус байгууллага, олон улсын зарим төсөл, хөтөлбөрүүдтэй бид нягт хамтран ажилладаг. Байгаль орчны ТББ-уудын  шүхэр байгууллага болсон МБОИЗ манай байранд үйл ажиллагаа явуулдаг учраас бид олон асуудлаар хамтарч ажилладаг.

Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн ажлын албанаас дарга, мэргэжилтнүүдийг нь байгууллага дээрээ урьж, сургалтын хөтөлбөрөө сайжруулах чиглэлээр  зөвлөгөө авсан. Манай мэргэжилтнүүд баг болж ажиллаад нэг том агуулгын хүрээнд модуль боловсруулж, тэндээсээ нэгж хөтөлбөрүүд гаргаж байна. Жишээлбэл, хог хаягдлыг дотор нь задалж, бага насны хүүхдүүдэд ямар арга зүйгээр ямар агуулгыг заах, насанд хүрэгчид болон байгаль орчны салбарынханд хэрхэн ямар агуулгаар сургалт орох гэх мэтээр ангилж нэгж хөтөлбөрүүд боловсрогддог. Өөрөөр хэлбэл, албан  бус боловсролын чиглэлээр илүү мэргэшсэн, орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн сургалтын үйлчилгээг явуулж байна.

Германы GIZ байгууллагын Spaces төслөөс эхлүүлсэн  “Ногоон Монголын төлөө” компанит ажилд бид идэвхтэй оролцож, хамтын ажиллагааныхаа  хүрээнд манай мэргэжилтнүүд байгаль орчны сургалтын 3H  зарчимд суралцсан. Толгойд нь мэдлэг өгөх (head), зүрхэнд нь мэдрүүлэх (heart), гараар нь хийлгэх (hand) гэсэн гурван дамжлагаар сургалтыг зааж үр дүнд хүрнэ гэсэн арга зүй юм. Байгаль орчны нөлөөллийн компанит ажлыг хэрхэн явуулах, театрчилсан аргаар сургалт орох зэрэг сургалтыг GIZ-аас манайхтай хамтран зохион байгуулсан. Ингэж мэргэжилтнүүд маань өөрсдөө чадавхжихын зэрэгцээ бусдад заах арга, чадвараа сайжруулах ажлыг өнгөрсөн хугацаанд тасралтгүй хийлээ. Байгаль орчны сургалтыг хэн дуртай нь заачихдаг гэж ойлгоод хэдэн хуудас PPT бэлдээд ярьчихдаг цаг үе биш болсон байна. Энэ их  мэдээлэл дунд мэдлэг өгөхөөс гадна, хандлагыг төлөвшүүлэх чиглэлд  бид урагшлах ёстой. Ийм ч учраас манай байгаль орчны мэргэжилтнүүд  сургалт, мэдээллийн чиглэлээр мэргэшин ажиллаж байна. Цаашдаа бид судалгааны чиглэлд  мэргэшихээр стратеги төлөвлөгөөндөө тусгасан.

-Танай ан, амьтны музейн онцлог, ач холбогдол  юу вэ?

-Монгол орны Улаан номонд орсон 40 гаруй зүйл амьтан, шувуудын чихмэлийн музейгээр үйлчилж, байгаль орчныг танин мэдүүлэх ажлыг эрчимжүүлж байна. Манай музейг оновчтой зөв тайлбартай үзээд гарсан хэн ч ан амьтан, шувууд байгальд ямар ач тустай вэ, тэднийг хамгаалах нь ямар чухал вэ гэдэг ойлголттой болоод гардаг. Тухайлбал, цэнгэг усны индикатор болдог тул загасны үзмэр Увс, Дорнодод байдаг байсан бол сүүлийн үед Увс аймагт нүдний гэм болсон гадна талаасаа тогос шиг үзэсгэлэнтэй гургуул шувуу байна. Голын зэгсэнд амьдарч, зэгсэн дэх шавьжны зохист харьцааг барьдгаараа бусад шувуудынхаа амьдрах орчныг эрүүл байлгадаг тухай мэдээллийг авна.Ойрын үед цоохор ирвэс, баавгайн чихмэлүүдээр музейгээ баяжуулах төлөвлөгөөтэй байна.   Мөн зарим  зүйлийн хөхтөн, мэрэгч амьтад, шувуу, хоёр нутагтан, аргаль, янгир, саарал чоно, ойн булга, Алтайн хойлог, идлэг шонхор, сойр  гээд амьтдын үзмэртэй. Музейн баяжилтыг хийхдээ байгальдаа үхэж үрэгдсэн болон хууль бус ан агнуураас орж ирсэн амьтны арьсыг салбарын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд олж авдаг. Хүүхдүүд музей үзээд гарахын зэрэгцээ ховор ан, амьтдын тухай мэдээллийг цахим сайтаас дэлгэрэнгүй авах бололцоог хангах үүднээс мэдээллийг QR-аар холбон, вэб сайтад оруулах ажлыг хийж байна.

-Та түрүүнд байгууллагынхаа стратегийг батлуулсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Байгаль орчны салбарын байгууллагууд дотроо сургалт, мэдээллийн чиглэлээр өөрийн сургалтын баазад түшиглэн тогтмол үйл ажиллагаа явуулдаг өвөрмөц онцлогтой байгууллага учраас өөрийн стратеги төлөвлөлттэй байх нь зүйтэй. Өмнөх Стратеги төлөвлөгөөнд дахин сайжруулалт хийгээд 2026 он хүртэлх төлөвлөгөөгөө  БОАЖ-ын сайдаар батлуулсан.  Стратеги төлөвлөгөөгөө хэрэгжүүлсний үр дүнд  “Байгаль орчны сургалт, судалгаа, мэдээллийн жишиг байгууллага болсон байх”-аар  алсын хараагаа томьёолсон. “Шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит үр дүнд суурилсан мэдлэг, чадвар, хандлага үнэт зүйлийг бүх нийтэд бий болгох замаар байгаль орчин, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаална” гэж эрхэм зорилгоо тодорхойлсон.

Байгууллага чиглэлээ  тодорхойлсноороо албан хаагчид маань нэг зорилгын төлөө зүтгэх урам зоригтой болж байна. Мөн  жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө болон  бусад ажлуудаа  стратеги төлөвлөлтийн зорилтуудтайгаа нийцүүлэн, уялдуулж явна.

-Тэгвэл тулгамдсан асуудал юу байна?

-Төсвийн байгууллага учраас үйл ажиллагааны санхүүжилт дутмаг байдаг. 11 жилийн өмнөх тоног төхөөрөмж хуучирсан. Албан хаагчдын цалин, орлого бага гэх мэт тулгамдсан асуудал бий. Жилийн 410 сая төгрөгийн төсөвтэй, 85 хувь нь албан хаагчдын цалинд, үлдсэн хувь нь байр ашиглалтын зардал  зарцуулагддаг. Нийт 27 ажилтан, албан хаагчдын маань тал нь сургалт, мэдээлэл, судалгааны мэргэжилтнүүд.  

-Ойрын үед хийхээр төлөвлөж байгаа ямар ажлууд байна вэ?

-Үйл ажиллагаа явуулахад дутагдаж байгаа санхүүжилтийг бүрдүүлэх талаар бид санаачилга гаргаж, төлбөртэй сургалт зохион байгуулах эрх зүйн боломжийг судалж байна. Өнгөрсөн хугацаанд хүүхдүүдэд голдуу сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа явуулсан бол цаашид  байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн сургалт, мэдээллийн ажлын үйлчилгээг үзүүлэх ёстой. Стратеги төлөвлөгөөгөө баталсантай холбогдуулан байгууллагын дотоод бүтцийн ажил үүргийг  оновчтой болгосон. Үүн дотроо экологийн эрх зүй, байгаль орчны хууль, тогтоомжийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй болж байгаа. Энэ мэргэжилтэн маань хүний эрхийн боловсролын асуудлыг давхар хариуцна. Монголын нийт хүн амын 50 хувь нь амьдардаг Улаанбаатарчуудын олонх нь  эрүүл орчинд амьдрах Үндсэн хуулийн эрхээ мэдэхгүй явж байгаа нь энэ чиглэлийн боловсрол ямар чухал болохыг харуулж байна. Ер нь байгаль орчны талаарх мэдлэг боловсрол зөвхөн  жирийн иргэдэд биш, бусад төрийн байгууллагынханд ч нэн хэрэгцээтэй. Тэр тусмаа   тогтвортой хөгжлийн замаар замнаж байгаа Монгол Улсад  бүх нийтийн мэдлэг, боловсролыг сайжруулах ажил маш чухал.Боловсролын тухай хуулийн  “Албан бус боловсролын хүртээмжийг нэмэгдүүлнэ” гэсэн заалтын дагуу энэ чиглэлийн байгууллагуудаа дэмжих хэрэгтэй байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 121 (7106)